Хятадын Гаалийн ерөнхий газар энэ сарын 14-ний өдөр 2020 оны Хятадын гадаад худалдааны статистик тоо баримтыг гаргасан юм. Дэлхий нийтээрээ Ковид-19-ийн цар тахлын сөрөг нөлөөнд автаж, үндэстэн дамнасан худалдаа ихээр хумигдаж буй одоогийн нөхцөл байдалд Хятад улсын гадаад худалдаа сэргэж нэмэгдсэн нь тийм ч амаргүйн дээр дэлхийн үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний сэргэлтийг эрчимтэй ахиулсан юм.
2020 онд Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлж хянах болон үйлдвэрлэлээ сэргээхийг үр ашигтай уялдуулсны улмаас Хятад улсын гадаад худалдаа нэг улирал уналтад орж байснаа удалгүй тогтвортой болж, экспорт, импортын цар хэмжээ улирал ирэх тусам нэмэгдсээр байна. Тоо баримтаас үзвэл, бүтэн жилийн турш бараа бүтээгдэхүүний худалдааны экспорт, импортын нийт хэмжээ 32 их наяд 160 тэрбум юаньд хүрч, 2019 оныхоос 1.9 хувиар өссөн юм. Хятад улс 2020 онд бараа бүтээгдэхүүний худалдаагаар эерэг өсөлттэй болсон цорын ганц томоохон эдийн засгийн цогц боллоо.
Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний талаарх дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ нь нэмэгдсээр байгаа юм. Гуандүнгийн Шүньдэ тавилгын үйлдвэрийн дарга Жүн Шэминь:
- Тус компаний экспортын захиалгаа нь энэ оны 06-р сар хүртэл жагсаж байгаа юм. Үүнээс гадна, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах хэрэгслүүд болон “Гэртээ байх хугацаанд шаардагдах зүйлс”-ийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь Хятад улсын экспортыг дайчилсан юм.
Хятад улсын албаны талын гаргасан статистик тоо баримтаас үзвэл 2020 онд нэхмэл бараа бүтээгдэхүүн, эмчилгээний хэрэгсэл, эм бэлдмэлийн экспорт нийтдээ 31 хувиар нэмэгдсэн байна. Зөөврийн компьютер, таблет, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн экспорт нийтдээ 22.1 хувиар өссөн байна. Эдгээр экспорт нь дэлхийн эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Хятад улсын өргөн цар хэмжээ бүхий зах зээл нь дэлхий нийтэд хөгжлийн орон зай хангаж байна. 2020 онд Хятадын түүхий нефть, металлын хүдэр зэрэг нөөцөд суурилсан бүтээгдэхүүний импорт тус тус 7.3 ба 7 хувиар нэмэгдэж, үр тариа, мах махан бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт тус тус 28, 60.4 хувиар нэмэгджээ.
2020 онд Хятад улс болон АСЕАН, Европын холбоо, АНУ зэрэг гурван том худалдааны түнш хоорондын экспорт, импортын хэмжээ нь тусбүр 7, 5.3 ба 8.8 хувиар нэмэгджээ. Хятад улс болон “Бүс ба зам” дагуух орон хоорондын экспорт , импортын хэмжээ 9 их наяд 370 тэрбум юаньд хүрч, нэг хувиар өссөн байна.
Шинэ онд Хятадын гадаад худалдаа үргэлжлэн өсөх төлөвтэй байна гэж олон улсын байгууллагууд төсөөлж байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал болон гадны орчинд тогтворгүй олон хүчин зүйл байсаар байгаа юм.
Улс орнууд цар тахлын эсрэг эв нэгтэй хамтран тэмцэж, нээлттэй байлгах нөхцөлд дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ хурдтай сэргэх боломжтой. Хятад улс энэ үйл явцад эдийн засгийн даяаршлыг үргэлжлэн шуурхай дэмжиж, эдийн засгийн сэргэлтийн хүчийг дэлхий дахинд түгээх болно.
