Намайг бага байхад манайх олон ямаатай байлаа. Аав минь ямааг “Малын сор, сүргийн сүлд” гэж дээдэлдэг болохоор манай ямаа их өсдөг. Аавын нөлөөгөөр эгч дүү бид хэд ямаа гэдэг амьтантай маш ойрхон өссөн. Тэр үед жилийн жил ишиг эрхлүүлнэ гэж заавал хийх ажил юм шиг байдаг бөгөөд ялангуяа малын тарга хүч муу, угжны төл олонтой жил бол нэг олон эрх ишигтэй болчихдог байлаа. Одоо бодоход ямаа гэдэг амьтан их журамтай амьтан юм. Хурга бол багадаа эрх сурдаг боловч том хонь болоход хүнээс холддог. Харин ямаа тийм биш, нялх үеэс эрхлүүлсэн бол том ямаа болсон ч эрхлүүлсэн тэр хүнээ мартдаггүй.
Эрх ишигнүүдтэйгээ наадах маань бага насны бас нэгэн баясал байсан гэхэд буруугүй. Хурга ишигтэйгээ наадахад зарим алиа ишиг бие дээгүүр гарч, зарим нь бүр толгой дээр гарах гэж авирдаг байсан нь юутай сайхан дурсамж вэ! Хамгийн өндөр дээр гарах зориг ямаанд байдаг юм байна.
- Энэ ишиг ямар хөөрхөн юм бэ? Идчихмээр хөөрхөн” гэж аавдаа би хэлэхэд, “миний хүүхэн малд хайртай юм аа” гээд эрхий гарган магтдаг байлаа. Аавын минь хонь мал төдийгүй, мал маллах соёлтойгоо ойрхон байлгах гэсэн санаа, бүр үүнээс эхлээд хорвоогийн амьтан зургаан зүйлийг хайрлан энэрэхийн зөв ухаан үүнд шингэж байсныг одоо л ухаарна. Аавдаа магтуулах шиг азтай зүйл хаана байх билээ! Бүр тэгээд аавын магтаал тэр амьтныг зүрхний голоосоо эвийлэн санах болгож байсан нь юунаас ч илүү олзуурхал мэт.
