Тэгвэл үзэмчин бүсгүй Бадамцэцэг ээжийгээ баярлуулж чадаж байгаа ухаант нэгэн яахын аргагүй мөн юм. Түүний ээж Дэжидмааг нутгийнхан нь Дээмаа гэж авгайлан дууддаг. Дээмаа ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд амьдардаг. Насаараа мал малласан эмээ алчуур оёж шаглах дуртай гэнэ. Дээмаа эмээгийн оёсон алчуур 108 хүрсэн гэнэ. Дээмаа эмээ оёсон алчуураа үр хүүхдүүддээ, хамаатан садандаа, найз нөхдөдөө бэлэглэдэг. Ээжийнхээ сэтгэлээ шингээн алчуур шаглаж байгааг үргэлж харж явдаг охин Бадамцэцэг нь “Ээжийн цэнхэр алчуур” брэндийг бий болгосон юм. Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд “Ханьхан” өв соёлоо уламжлан дэлгэрүүлэх компани ажиллуулж яваа Бадамцэцэгтэй уулзан ярилцлага авснаа та бүхэндээ хүргэж байна.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Намайг Бадамцэцэг гэдэг. Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуугаар нутагтай. Эгэл жирийн малчин айлын хүүхэд. Хөххотын Үндэстний дээд зэргийн тусгай мэргэжлийн сургуулиас хөтлөгчийн мэргэжлээр дүүргэн, дараа нь Өвөр Монголын Өдрийн сонины хороонд онц урьсан сэтгүүлчээр 4 жил ажилласан. Мөн Баруун Үзэмчин хошууны соёлын ордонд 6 жил ажилласан юм. 2015 оноос “Ханьхан” өв соёлоо уламжлан дэлгэрүүлэх компаниа ажиллуулсан.
- “Ханьхан” өв соёлоо уламжлан дэлгэрүүлэх компанитай танилцъя? “Ханьхан” их сайхан нэр юм. Хань ижлийн хайраар хорвоо уясаж баясаж байдаг болохоор надад их сайхан санагдлаа.
Компани маань “Ханьхан” зураглан найруулах тасаг, Үзэмчин цагаан алчуурын үйлдвэрийн тасаг, Үзэмчин цагаан алчуурын дэлгүүр гэсэн гурван салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Уламжлалт өв соёлоо дээдлэн язгуур соёл иргэншлээрээ суурь болгон мал аж ахуйн орны зан үйл, соёл боловсролоо олон олон хүнд таниулан сурталчлах, зураглан үлдээх зорилготой соёлын компани байгаа юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн холбоо байгуулж, бүсгүйчүүдээ уриалан сүүн чихэр, өөхөн саван хийх буюу өвчин зовлонтой хүнд тус хүргэх зэрэг нэлээд ажил хийсэн. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн холбоогоороо дамжин ивэрхий өвчтэй гурван хүүд 20 мянган юанийн тусламж үзүүлж, шинэ жил цагаан сар болоход ахмадын асрамжийн газарт очиж ахмадуудад туслан хувцсыг нь угааж, бууз баншийг нь хийж өгдөг.

Компанийн нэрийн хувьд “Ханьхан” гэсэн нь хань түшиг гэдэг утгатай. Компаниараа дамжиж хэрэглэгчийнхээ хань, бүсгүйчүүдийнхээ хань болж явах үүднээс энэ нэрийг сонгосон байгаа юм.
- Танай гэр бүл бол Үзэмчин ястан, Үзэмчинчүүд ир дарсан алчуур зүүдэг. Таны ээжийг маш олон ир дарсан алчуур оёсон гэж дуулсан. Ээжийнхээ сэтгэлээ шингээн алчуур шаглаж байгааг үргэлж харж явдаг охин нь болсон та “Ээжийн цэнхэр алчуур” брэндийг бий болгосон. “Ээжийн цэнхэр алчуур” брэнд мэндэлсэн тухайд?
Бид ээжийнхээ ачийг хариулаад барахгүй. Харин ээжийгээ баярлуулж явъя. Миний ээжийг Дэжидмаа гэдэг. Насаараа мал малласан. Ээж маань алчуур оёж шаглах дуртай. Маш олон алчуур оёсон. Түүнийгээ үр хүүхдүүддээ, хамаатан садандаа, найз нөхдөдөө бэлэглэдэг. Багаасаа ээжийнхээ алчуур шаглаж оёхыг харж өссөн учраас тэр алчуурыг илүү олон хүнд хүргэе, үеийн үед уламжилж явъя хэмээн “Ээжийн цэнхэр алчуур” брэндийг бий болгосон юм. Ээж минь алчуур оёх бүрдээ бидэнд “Ээжийн цэнхэр алчуур”-ын ийм нэгэн домгийг үргэлж ярьж өгдөг.
Эрд урт цагт Монгол нутагт их эрдэмтэй гэгээнтэн морилон саатаж сүсэгтэн олондоо их буян ном үйлджээ. Цугларсан түмний дундаас нэгэн настай ээж хир тоос болсон цагаан алчуураа барин гэгээнтэнд мөргөх гэхэд нь хир тоостой алчуураа гэгээнтэнд барьж болохгүй хэмээжээ. Тэгэхэд гэгээнтэн настай ээжийг оруулж ир, барьсан алчуур нь хиртэй ч ирсэн сэтгэл нь сүү шиг цагаан гэжээ. Монголчууд цагаан алчуураар толгойгоо ороож цагаан өнгийг дээдэлдэг. Тиймээс гэгээнтэн настай ээжийн барьсан алчуур хамгийн үнэ цэнэтэй хэмээжээ. Тэр өдрөөс хойш ээжийн цагаан алчуур монгол нутгийн малчин түмний хиргүй цагаан сэтгэлийн бэлгэдэл болсон ба цэнхэр цагаан өнгийн хадаг ч үүнээс үүсэлтэй гэдэг.

- Та эмэгтэй хүн, бас эх хүн. Бүсгүй хүний хувьд компани ажиллуулна гэдэг мэдээж нэлээд их сэтгэл хүч, хичээл зүтгэл шаардагдана. Компани ажиллуулах болсон учир шалтгаан?
Би ном унших дуртай. Очирбатын Дашбалбарын “Бурхны мэлмий” хэмээх номоос дахин хүн болсон гэж боддог. Хүн ухаарлын дундаас ухаарлыг олдог. Би 14 настай байхдаа аавыгаа алдсан. Яг энэ эмзэг мэдрэмж дээр энэ номыг уншсан. Тэр цагаас би буян тус хийж явахыг их хичээдэг. Маш их хурдтай хөгжиж байгаа хөгжлийн дунд монгол соёл маань их алдагдаж байна. Монгол хувцсаа өмсөөд бүсээ бүсэлж чаддаггүй хүн олон болсон. Байгаль орчин эвдэгдэж байна. Бид гоё машин бариад, гоё гар утастай, гоё хувцас өмсөхийг хөөцөлдөг. Өнгөн талыг хөөцөлдөх нь их болсон. Бидний амьдралд нандин зүйл их байна. Мөнгөнөөс үнэтэй зүйл их бий. Тэгээд би байгаль орчноо зураглан үлдээх, монгол алчуураа уламжлан оёх зэрэг талд монгол соёл, монгол нутгаа өвлөн үлдээх талын ажилд сэтгэл гаргасан. Ингэж компани маань мэндэлсэн байгаа юм.
- Та Баруун Үзэмчин хошууны соёлын ордонд ажилладаг, мөн сэтгүүлчийн ажилтай байсан хүн. Энэ бүх ажлаа орхиод компани байгуулан ажиллуулах болсонд их сонирхож байна. Таныг хамгийн их дэмжиж байсан хүн хэн байсан бэ?
Хүнийг мөнгөөр туслахаас илүү сэтгэлээр туслах их чухал. Миний ээж надад их сэтгэлийн тэнхээ өгдөг. Нэг цайн дээр ч гэсэн нэг ухаарал хайрладаг. Ээждээ их баярладаг. Анх ажлаа орхиход олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан. Ээж маань их дэмжсэн. Ажилгүй хүн ч амьдарч л байна. Та нар соёл мэдлэгтэй хүүхэд өөрөө мэд гэдэг байлаа.
Би хэрэв сэтгүүлчийн ажил хийгээгүй бол өнөөдрийн монгол бүсгүйчүүдийн холбоо байгуулагдахгүй. Сурвалжлагын явцад би олон эмэгтэйчүүдтэй танилцсан. Олон эмэгтэй бүтээе, хийе гэж явдаг. Би тэдэнд яаж туслах вэ? Монгол ээж гэж агуу их хүн, тэд монгол үрсийг өсгөн хүмүүжүүлж байгаа хүн. Иймээс монгол бүсгүйчүүдийн холбоог байгуулсан юм. Ажил үйлс бүтээмээр санагдаад бүх зүйлээ орхиод өөрийн биетэйгээ өрсөлдөөд явж байна.

- Таны бага нас? Онц сурдаг хүүхэд байсан уу?
Бага сургуульд байхдаа би онц сурдаг их бардам хүүхэд байсан. Багшийн маань хэлсэн “Бардам сайнгүй, банзал дуулангүй” гэсэн үгэнд би ухаарсан. Хаа газар хүрээд би гэж байхад багшийн маань хэлсэн үг үргэлж сэтгэлд орж ирдэг. Хүнийг урагшлуулдаг зүйл бол даруу зан. Амьдралд тохиосон хүн болгоны үг чамайг хөвчилж байдаг.
- “Ээжийн цэнхэр алчуур”-аа зах зээлд хэр зэрэг гаргаж байна? “Үлгэртэй гар алчуур” гэж би вичатаас харж байсан. Хүмүүс бэлэг болгон барихад сайхан бэлэг болохоор харагдсан. Алдарт зураач Б.Билигийн зурагтай сайхан алчуур байна. Танд баяр хүргэе. Тэгвэл таны дараа дараагийн төлөвлөгөө сонирхвол?
Хүмүүсийн гар алчуур хэрэглэх дадал хаягдаж байна. Гар алчуур хэрэглэх нь мөн бидний соёл. Үүнийг алдагдуулахгүйн үүднээс Б.Билиг ахтай хамтарч монгол агуулгатай гар алчуур “Үлгэртэй гар алчуур” урлан бүтээж эх байгалиа хамгаалахыг уриалж байгаа юм. Ээжийн цэнхэр алчуурын борлуулалт 3000 ширхэг хүрээд байгаа. Манай компани даавуун дээр ир дарсан алчуур оёдог. Дараа нь ноос ноолуур дээр ир дарж илүү олон янз хэлбэрээр хүмүүст хүргэх төлөвлөгөөтэй явж байна. Монгол ноос ноолуурын дэлгүүр ажиллуулж байгаа нэлээд олон газраар явж үзлээ. Сэтгэлд таарсан нь ч байгаа. Хамтран ажиллах талаар ч ярьж байгаа.
- Баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
