solongonews
Домогт гардаг зарим үгсийн тайлбар
2017-03-30 20:59
Аман зохиол, домогт гардаг зарим үгсийн тайлбар

Ажрай – Газар дэлхийг өөр ертөнцтэй холбож өгдөг зууч
Айсахь – айсхи эм (домогт гардаг эм хүний дүрстэй, сайн муу ямар ч үйлийг санааны зоргоор хийж, сүйтгэж чадна гэж өгүүлдэг нэгэн зүйл шидтэн)
Албин – Үлгэр домогт гардаг нэгэн зүйл ад чөтгөр:

албины гал(чийгтэй дор газар шөнө үзэгдэх хөхөвтөр гал, амьд бодис ялзрахад үүсэж ноцсон хийн гэрэл),
ад албин – (элдэв муу зүйл, хий юм),
албин савдаг – (лус савдаг) – “Айлын хүүхэд нураана гэж албин савдгаар тойруулсан адуу мал шөргөөнө гэж араатан чоноор мануулсан юм.” Монгол ардын баатарлаг тууль.,
албин тийрэн – (үлгэр домогт гардаг, муу муухайг төлөөлдөг амьтад) -“Аль газрын албин тийрэн ороод ирэв.” Монгол ардын баатарлаг тууль.,
албин хүлчин – (элдэв муу зүйл) – Чөтгөр шумна, албин хүлчний хараал зүхэл болов. В.Инжаннаши. Хөх судар.,
албин чөтгөр – (ад чөтгөр) – “Амтыг хэлэлцвээс албин чөтгөрийн амьсгал лугаа адил пагшим өмхий.” В.Инжаннаши. Хөх судар.,
албин шулам – (ад шулам) – “Албин шулмын санаатай, атаа хорын сэтгэлтэй гэнэ.” Ц.Дамдинсүрэн. Түүвэр зохиол.

Анабад – анабад далай (Сүмбэр уулыг тойрсон долоон далайн нэр; нарны туяанд бүлээсдэггүй далай) “-Элдэв эрдэнэсээр цогцолсон Сүмбэр уул минь, энд тэндээс олон мөрөн цугласан Анабад далай минь.” Лувсанданзан. Алтан товч.
Анарваан – Гоо үзэсгэлэнг соёрхон тэтгэгч монгол домгийн тэнгэр.
Ангад – Ертөнцийг бүтээх үед туурвигч баатрын дүрээр их далайн ёроолоос атга шороо зууж олж ирсэн шумбагч шувуу.
Балий – Гурван ертөнцийг эзэлсэн мангасын хаан.
Витар – Ороолон; Энэтхэг, Төвдийн домогт гардгаар үхсэн хүний бие, булш модонд орогнодог хортон сүнс.
Гурванц – Гурван хөлтэй, үхэртэй төсөө бүхий амьтан.
Магуус – Ардын аман зохиолд гардаг ид шидтэй эмгэн.
Ховдос – Хүн шиг толгойтой, хонь шиг биетэй, сугандаа нүдтэй үлгэр, домгийн нэгэн зүйл амьтан.
Ходолхой – Гахайтай төстэй домгийн амьтан, хошилхой.
Хуйхай – Үлгэр домогт гардаг, толгой нь шар, сүүл нь цагаан, гахай шиг биетэй амьтан.
Хурмаст – Гучин гурван тэнгэр нэрийн эрхэм нэгэн тэнгэрийн нэр:

хурмаст тэнгэр (гучин гурван тэнгэрийн эзэн тэнгэр) – “Хурмаст тэнгэрийн тэртээ хаяанд хуйлрах, хурын бараан үүлийг ташуураар заав.” Л.Түдэв. Нүүдэл.,

хан хурмаст (эзэн тэнгэр) – “Хан хурмаст тэнгэр, хамаг хорвоогийн амьтанд хишиг буянаа хайрлав.” Б.Бааст. Алтайн цэцэг.,

хурмастын үүл (тэнгэрийн үүл) – “Хүчит салхи боловч наадан саатаад, хурмастын үүлс, хур бороо хурган хурган хоргодогч энэ үзэсгэлэнт уулс, хадан цохионоос хиртхийн цочлоо гэж үү?” Л.Дашням. Бурхантын цэцэг.,

хурмастын хишиг (тэнгэр эзний хишиг)– “Хурмастын хишиг хурын усаар, хорвоо дэлхий нүүрээ угаажээ.” Д.Шагдарсүрэн. Хүлгийн үүрсэх дуун.

Чихрэлт – Үлгэр домогт гардаг цөлбөх дээрэмдэх амьтан.
Юрди – Дундад зүгийн гарди.
Ягчис – Асури мэт нэгэн төрөлтөн: ягчис мангас (Асури мэт нэгэн төрөлтөн болон үлгэр домогт гардаг хүн дүрст санаа муут махчин амьтан) – “Хурц илд үүнийг ягчис мангасын цусанд ханган хатаасан байлаа.” Б.Ринчен. Монгол бичгийн хэлний зүйн удиртгал.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : duuren.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл