
Эрээн Улаа өртөөний буурь нь Эрээн хотоос зүүн хойш 9 километр зайд байрлаж байна. Талбай нь 1600 кв метр. Энэхүү буурь Чуулалт хаалганаас Эрээн хот хүрч дахиад их хүрээ (одоогийн Монгол Улсын Улаанбаатар хот) хүрэх эртний “Цайны зам”, “Чуулалт хаалга - Их хүрээний зам” дээрх чухал буурь болно. Энэхүү зам шугам нь өмнөө Жинш (одоогийн Бээжин)-тэй нийлж, хойноо Хиагт (монгол, Оросын хилийн хот)-тай холбогдож байсан. Энэхүү эртний зам Мин улсын эцэс үеэр бий болж эхэлсэн ба Чин улсын дунджаар өрнөн хөгжиж, Хятад иргэн улсын эхний үеэр доройтон мууджээ. Эрээн Улаа өртөөг Чин улсын Сайшаал Ерөөлтийн 25 он (нийтийн он тооллын 1820 он)-д байгуулсан байна. Эрээн Улаа өртөөний буурийн музей нь Эрээн хотын аварга гүрвэлийн чулуужмалын газар шинжилгээний цэцэрлэгт байрладаг. Талбай нь 15 мянган м2, барилгын талбай нь 6500 дкв метр байдаг. Барилга нь гол музейн газар, хоол ундны газар болон бусад иж бүрдүүлсэн төхөөрөмжөөс бүрдсэн юм. Энэхүү төсөлд 36 сая юаний хөрөнгө оруулсан байна. Гол музейн газар нь оршлын танхим, Улаа өртөөний соёлын танхим, давсны соёлын танхим зэргээс бүрдэж, эртний Улаа өртөөний дүрэм, тал нутгийн арилжааны соёл, тал нутгийн давсны соёл болон холбогдох түүхийн тухай системтэйгээр дэлгэн үзүүлж, олон талаас, олон дэс давхаргаас эртний Улаа өртөө болон эртний худалдааны замын хөгжил цэцэглэлтийг илрүүлсэн байна.




