solongonews
Миний л нүдээр...
2016-11-10 17:13
Өвөр Монголын Их Сургуулийн докторант Дашдаваа Анхтуяа

  

Өвөр Монголын Их Сургуулийн докторант Дашдаваа Анхтуяа

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны “Солонго” мэдээллийн төвөөс уламжлал болгон зохион байгуулж байгаа “Солонго аялал”-д “Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг” хэмээн наргих дуртай найзынхаа хамтаар оролцох завшаан тохиолдсон билээ.

Энэ удаад ӨМӨЗО-ны Улаанцав хотын Өдрийн сонинтой хамтран Дөрвөд хошууны нутаг дэвсгэр дэх мал аж ахуйн орны малчдын хотоор дөрөв хоног хийсэн бидний аялал цаг минут бүр өөрийн гэсэн сонирхолтой, онцлог зүйлтэй учирч байсан юм.

Аяллын төлөвлөгөөний дагуу бид эхний өртөөний зүг явж байх үед хамгийн эхэнд сонирхол татсан нэгэн зүйл бол замын хажуу талаар байх өргөстэй биш хэрнээ 1 метрээс өндөргүй торон хашаанууд байсан юм. Эдгээр торон хашааг хажуугаар нь явж үзсэн хүмүүс өөр өөрийнхөөрөө боддог байхаа. Миний хувьд эдгээр торон хашааг олон удаа харахдаа манай улсад галт тэрэгний зам дагуу байдаг мал, амьтан орохоос сэргийлсэн замын хашилт хэмээн бодож байсан боловч энэ удаад тусгайлан лавшруулан сонирхох хүсэл төрсөн юм.

Нэг хэсэг суурин

Энэ хашаа нь Өвөр Монголын нутаг дэвсгэрт явагдсан бэлчээрийг хувьчлах үйл ажилaгаатай холбоотой юм байна. Энэхүү бэлчээр хувьчлах гэдэг нь 1982 оноос албан ёсоор эхлэн сум, багийн хилийн заагийг гаргаж мал аж ахуйн орны газар нутгийг тогтоож өгсөн байна. Бэлчээрийг хашаалж болдог гэж сонсож, уншиж байсан болохоос харж байгаагүй билээ.

Аяллын маань эхний өртөө говь нутгийнхаа өнгөнд л зохицох гэж хичээсэн гэлтэй хонгортон байх тэмээн сүргийг нэг дор тэр олон тоогоор өсгөж, өсгөх ажлаа хөнгөвчлөх болоод цаашид хэрхэн бэлчээрийн уламжлалт байдлаа хадгалах талаар цөөнгүй ажил хийж, цаг тутам бодлогошрон яваа гэдэг нь алсаас айлын хотыг харах төдийд мэдрэгдсэн тэмээчдийн хоршоол байлаа. “Тэмээ усанд ирэхдээ алсыг ширтэж удаан зогсож уудаг” хэмээн багадаа сонсож байсан үлгэр сэтгэлд тодруулсан 200 гаруй тэмээ ус уухаар ирсэн байлаа. Үнэхээр л алсын бараа ширтэн удаан харах зуураа бага багаар усаа уусаар ихэнх нь бэлчээртээ гарахад нэгэн тэмээ ганцаар үлдээд 20-иод минут алсыг харж зогсоод ижил сүргийнхээ араас явлаа. “Монголын их тал нутгийг хэрвээ та ойлгож чадвал тал нутгийн хүний сэтгэлийг алган дээрээ тавьсан юм шиг ойлгож чадна” гэж нэгэн номоос уншиж байсан минь сэтгэлд буухдаа “Тэмээнд ч бас тал нутгаа харах ямар нэгэн шаардлага байдаг л байх даа” гэсэн зүггүйхэн бодол ч зурсхийсэн юм. 

Цаашдын аялал адуучин айлын хотруу очих төлөвлөгөөтэй үргэлжиллээ. Тэр айлын хотонд очихдоо бид хошууны төвөөс 230 километр илүү явсан нь багагүй урт зам туулсан гээд хэлчхэж болохоор байлаа. Энэ замд миний төрсөн нутагтаа очдог зарим зам шиг энхэл доголтой шороо зам ч бас нэлээдгүй хэсгийг эзэлжээ.

Хонин сүрэг

Бага наснаасаа л суманд өссөн миний хувьд зусланд гарахдаа зун бүр хардаг дүр зургийн зарим хэсэг болох адуутайгаа ноцолдож буй Монгол залуучууд, уяан дээрээ морьдоо сойгоод намрынх нь уяаг тааруулж байгаа уяач, хээрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй хэмээн яруу найрагчид маань шүлэглэдэг хангал морьдыг харахдаа “Адуу гэдэг амьтныг гаршуулсан цаг хугацаа нь яах аргагүй Монголчуудтай холбоотой” хэмээн нэгэн багшийнхаа хичээл дээр сонсож суусны минь баталгааг энд ч мөн байсаар л байгаа юм даа хэмээн эргэцүүллээ. Харин энэ хот айл унагаа барьж гүүгээ саадаггүй гэсэн нь морьдыг нь нэлээдгүй эмнэг, хангал байлгадаг бололтой.

Доор миний хэлэх гэж байгаа зүйл гэвэл өмнө нь миний бие өөрийн нүдээр харж байгаагүй ихээхэн үзүүштэй зүйл гэвэл хонины аж ахуй байлаа. Хонины аж ахуйг эрхлэн байсан Бөхчулуун[1] ах бол малчин, компанийн захирал, малын эмч, сурган хүмүүжүүлэгч гэх мэт олон төрлийн мэргэжил болоод албан тушаалтай хүн билээ. Хэрвээ та анзаарсан бол би энэ удаагийнхаа өртөөг “аж ахуй” хэмээн нэрлэсэн юм. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Үр шилжүүлэн суулгах мэс ажилбар

Бидний Монголчууд эртнээс л нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан гэдгийг хэн хүнгүй л мэдэх байх гэхдээ нүүдлийн болоод ферм[2] хосолсон байдлаар явагдаж буй энэхүү аж ахуйгаар зочлохдоо шинээр харсан зүйлс нэлээдгүй олон байсныг сийрүүлэн бичихийг хүслээ.

Хонины аж ахуйн дээр гурван хэсэг өөр өөрийн гэсэн онцлогтой хашаа хороо, байшин савтай газар[3] очсон юм.

Бидний эхний очсон хэсэгт нялх төлийн дуу цангинаж байсан нь нэг л сэтгэлд сайхан байлаа.

Эхийгээ тойрон тоглож эргэн тойрноо сониучирхан байх хурганаас эхлээд дөнгөж төрөөд тэнцэж ядан хөхөө хайх тэр хөөрхөн амьтныг, үрээ төрүүлэх гэж өвчнөө төөрүүлэн хэвтэж босон байх эх малыг харж өхөөрдөн инээмсэглэж, өрөвдөн энхрийлж нэгэн үдшийг өнгөрөөсөн билээ. Хүмүүс гайхаж байж магадгүй юм л даа. Манай улсын ихэнх малчны хотонд хавар л төлийн дуу цангинадаг билээ. Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед яагаад мал төллөж байгааг нь тайлбарлахгүй өнгөрч болохгүй байхаа.

Яагаад намар мал төллөж байна вэ гэвэл ферм гэдэг үг маань энэхүү зүйлтэй салшгүй холбоотой байна. Энэхүү хонины аж ахуй нь Араб болон Англи гаралтай махны чиглэлийн сүргээр хониныхоо ашиг шимийг сайжруулах ажлыг эхлээд нэлээдгүй цаг хугацаа өнгөрөөжээ. Энэ хугацаанд хийсэн ажлын үр дүнд хоёр жилд гурван удаа төл авдаг болжээ.

“Ашиг шимийг сайжруулж байна” хэмээн ам бардам хэлж чадаж байгаагийн учир нь бидний дараагийн үзсэн хонио хээлтүүлдэг болон үр шилжүүлэн суулгадаг ихээхэн ажил өрнөсөн лаборатор байлаа.

Энэхүү лабораторт биднийг очиход англи угсааны эм хонинд гурав хоногийн өмнө тогтсон хөврөлийг монгол хонинд шилжүүлэн суулгаж буй мэс ажилбар явагдаж байсан юм. Мэс ажилбар хийхэд ашигладаг хонийг дээш харуулж, дөрвөн хөлийг нь хөдөлгөөнгүй болгон бэхэлсэн (зориулалтын ширээ бололтой) зүйл дээр гаргаад эхний ээлжид ариутгаж, мэдээ алдуулах тариа хийсний дараагаар мэс ажилбарыг эхэлнэ. Арьс, маханд зүсэлт хийж хоёр өндгөвч болоод сав (умай)-ыг гаргаж ирээд тогтсон хөврөлийг нэг талаас ус гүйлгэх байдлаар соруулж авна энэ тохиолдолд нэг удаад 5-10 хөврөл авах боломжтой.

Ер нь бол энэ лабораторт дээрх англи хониноос хоёр төрлийн хөврөл гарган авдаг бөгөөд гурав хоносон хөврөл зургаа хоносон хөврөл гэж байна. Гурав хоносон хөврөлийг өндгөвчин дотроос гаргаж авдаг бол зургаа хоносон хөврөлийг сав (умай)-ны дотроос гаргаж авдаг байна.

Биднийг харж байх явцад нэг хониноос найман ширхэг хөврөл гаргасан бөгөөд энэхүү хөврөлүүдийг найман ширхэг монгол хонинд шилжүүлэн суулгасан юм. Монгол хонинд шилжүүлэн суулгах үйл явц дээр дурдсан байдлаар явагдсан юм. Монгол хонь шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэж байна гэвэл энгийн үгээр тайлбарлавал тээгчийн үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь Монгол хонины сав (умай)-нд бойжсон хурга маань англи хонины үр удам төрөх бөгөөд ямар нэгэн байдлаар Монгол хоньтой цус холилдохгүй ажээ.

Үр салгаж байгаа нь

Ямар учраас англи хонийг олон тоогоор гаргаж авч байна гэхээр энэхүү хонь нь өсөлт сайтай байдаг байна. Өсөлт сайтайг нь баталсан нэгэн зүйл харсан нь биднийг дайлж чанасан мах нь найман хурганых гэх боловч харахад тийм жижигхэн биш бөгөөд идэхэд зөөлөн амттай байсан юм. Ийм учраас энэхүү англи хонины хэрэгцээ нэлээд өндөр, ашиг шим их байдаг байна. Зах зээл дээр англи хонины нэг хурга 8000 юань, нэг хөврөл нь 1600 юанийн үнэтэй худалдагдана.

 Яагаад монгол хонийг ийнхүү тээгч болгон ашиглаж байгаагийн учир нь лабораторт хийсэн судалгааны үр дүнд англи хонь нийт 5 жилд 5 хурга гаргах боломжтой байдаг бол монгол хонинд шилжүүлэн суулгаснаар нэг жилд нэг англи хониноос 5 удаа үр тогтоон хөврөл (нэг удаад хэдэн хөврөл авч болохыг дээр дурдсан) авч шилжүүлэн суулгах боломжтойг илрүүлсэн байна. Тиймээс англи хонийг үр тогтооход ашиглаад харин монгол хонь нь өөрийн цаг уур, нутаг бэлчээрт тохирсон байдаг учраас бойжуулан төрүүлэхэд тохиромжтой хэмээн үзжээ.

Лабораторт биднийг сонирхож байх хугацаанд хамжин тайлбар хийж байсан хоёр залуу судлаачид Монгол Улсын Дорноговь аймагруу хоёр хоногийн дараа явах гэж буйгаа хөөрөлдөөд амжсан бөгөөд сүүний чиглэлийн цагаан ямааны ашиг шимийг хэрхэн дээшлүүлэх талаар судалгаа хийхээр явах болсныг нь мэдлээ. Тэдний ажиллахаар явж байгаа тэр газрыг Монголд очоод үзэхсэн гэсэн хүсэл төрлөө.

Хонины аж ахуйн гурав дахь хэсэг бол махны чиглэлээр зах зээлд нийлүүлэх хонин сүргийг хариулан тэнхрүүлэх газар байлаа. Энэхүү аж ахуйн давуу тал нь өөрсдийн хэрэгцээнд зориулан хадлангийн талбайд нэг наст өвс жил бүр тариалдаг нь харагдаж байлаа.  

 Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан малынхаа ашиг шим, үр өгөөжийг сайжруулж, энэ ажилдаа бүх амьдралаа зориулан яваа малчин Бөхчулуун ах болон тэдний хамт олны хийсэн ажил болоод цаашид хийх ажлын талаар, уламжлалаа хэрхэн авч үлдэхээр зэхэж байгаа тухай сонсож суухдаа өөрийн эрхгүй “Даяарчлал хэмээн нэрлэж байгаа энэхүү нийгэмд хоосон цээжээ дэлдэхгүйгээр ийм л байдлаар уламжлалаа авч үлдэхийн төлөө сэтгэл болоод тэрийг үгээр биш үйлдлээр гаргахсан” гэсэн бодол төрж суулаа.

Бөхчулуун ахдаа “Өөрсдийн гараар мөрөөдлийн тал нутгийг бүтээх” их үйлсэд тань өндөр амжилт хүсье.

Бөхчулуун ахын яриан дундаас “Бид санаачлан хийж буй ажлууддаа боловсон хүчин болгохоор сургуулиа төгсөөд суурин газар тодорхой ажил эрхлэхгүй суугаа нутгийн хүүхдүүдээ ажиллуулснаар шийдэж эхлээд байна” гэсэн өгүүлбэр сэтгэлд хоногшин, чихэнд сонсогдсоор байна.

Намрын нялх төл

Аливаа зүйл өөр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай байдаг нь маргаангүй зүйл билээ. Энэ удаад бидний хийсэн аяллын хугацаанд цаашид лавшруулан сонирхож үзмээр олон давуу талууд байсан юм. Ийм учраас энд газар нутгийн өвс ургамлын байдал, суурьшмал амьдралтай юм шиг үзэгдэх хашаа хороо зэргийг нарийвчлан дурдахгүй өнгөрмөөр санагдлаа.

Нүүдэлчин Монголчуудын удам хэмээн бахархах дуртай миний бие Хөххотод суралцахаар ирж явахаас эхлээд “Өвөр Монголынхоо малчдын хотоор очиж сонирхоно” гэсэн битүүхэн хүсэл минь энэ өдрүүдээс эхлэн жинхэнэ ёсоор биеллээ олсоор байна.

Аяллын хугацаанд хамтдаа байж харилцан суралцаж байсан аяллын багийнхандаа талархахгүй өнгөрч хэрхэн болох билээ. “Аяны дөрөө нийлсэн хүмүүсийн ганзага нь дүүрэн байдаг юм” гэж аавынхаа хэлэх дуртай байсан үгээр нэгийг эргэцүүлэн өндөрлөе дөө.

 

[1] Улаанцав хотын Дөрвөд хошууны Цагаанбулаг сумын Баян гацааны иргэн.

[2] Ферм гэдэг үгийг Монголоор шууд махчлан орчуулбал үйлдвэр гэдэг үг байгаа бөгөөд малын үйлдвэр хэмээн нэрлэх нь миний зүгээс тохиромжгүй санагдлаа.

[3] Малчны хот гэж хэлэх гэхээр бас яг тийм биш юм шиг санагдсан билээ.

 

Зохиогч: Д.Анхтуя
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл