solongonews
2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтийг шууд нэвтрүүлж байна
2018-04-10 14:56
2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтийг шууд нэвтрүүлж байна

12:18 минутад

Хятад улсын дарга Ши Жиньпин 10-нд хэлэхдээ: Таван жилийн өмнө "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш 80 гаруй улс орон, олон улсын  байгууллага Хятад улстай "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны хэлэлцээр  байгууллаа. Хятад улс "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын явцад хувийн  жижиг ашиг сонирхлыг тэвчиж, бусдыг гадуурхан өөрийн хүчний хүрээ тогтоогоогүй,  бусдад хүчээр тулгаагүй. Талууд харилцан хүндэтгэж, хамтдаа зөвшилцөн, хамт  байгуулж хуваалцах зарчмаар "Бүс ба зам"-ыг дэлхийн эдийн засгийн даяаршлын  урсгалд нийцсэн, олон улсын хамтын ажиллагааны хамгийн өргөн хүрээг хамарсан  талбар болгон байгуулах хэрэгтэй гэжээ.

12:15 минутад

Хятад улсын  дарга Ши Жиньпин Азийн чуулга уулзалтын өнөөдрийн хуралд хэлэхдээ: Хятад улс  худалдаанаас ашиг олохыг гол зорилтоо болгохгүй, импортоо нэмэгдүүлэхийг чин  үнэнээсээ хүсэж байна гэжээ. Тэрээр: Энэ жил Хятад улс авто машины гаалийн  татварыг нэлээд ихээр бууруулахын зэрэгцээ мөн бусад зарим бараа бүтээгдэхүүний  гаалийн татварыг бууруулж, ард иргэдийн шаардлага ихтэй өвөрмөц давуу талтай  бараа бүтээгдэхүүнийг түлхүү импортолж, ДХБ-ын "засгийн газрын худалдан авах хэлэлцээр”-т нэгдэн орох үйл явцаа түргэтгэнэ гэжээ. Ши Жиньпин хөгжсөн орнуудад  хандан: Зориуд хязгаар тогтоохоо больж, Хятадад чиглүүлсэн дээд технологийн  барааны экспортод тавьж буй хязгаарлалтаа султгахыг  шаарджээ.


12:01 минутад

Өнөөдөр Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлэх нь Хятадын эдийн засгийн өрсөлдөх хүчийг дээшлүүлэх хамгийн том урамшуулал юм. Энэ онд Хятад улс Оюуны өмчийн эрхийн үндэсний газрыг шинээр байгуулж, хууль хэрэгжүүлэх хүчийг нэмэгдүүлж, хууль зөрчсөнөөс үйл ажиллагаанд оногдуулах шийтгэлийг илэрхий нэмэгдүүлэн, хуулийн сүрдүүлэх хүчийг бүрэн ашиглана гэжээ. Тэрээр онцлохдоо: Гадаад дотоодын аж ахуйн нэгж технологийн хэвийн солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхийг Хятад улс урамшуулж, Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны оюуны өмчийн эрхийг хамгаална. Мөн гадаад орнуудын засгийн газар Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалахаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

 

12:01 минутад

Хятад улсын дарга Ши Жиньпин: Хөрөнгө оруулалтын орчин  бол агаар шиг юм, цэвэр байж л гадаадын хөрөнгийг улам ихээр татна. Хятад улс  олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм хоорондын уялдаа холбоогоо эрчимжүүлж,  ил тод байдлаа нэмэгдүүлэн, өмчийн эрхийг улам сайн хамгаалж, хуулийн дагуу  ажиллахыг баримтлан, өрсөлдөөнийг дэмжиж, монопольчлолыг эсэргүүцэх  болно. Энэ оны эхний хагаст Хятад улс гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө  оруулалтын сөрөг жагсаалтад өөрчлөлт оруулах ажлыг дуусгавар болгож, хөрөнгө  татан оруулах үед дотоодын аж ахуйн нэгжүүдтэй адил хандаж, сөрөг жагсаалт  хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлнэ гэжээ. 


11:57 минутад


Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятад улс энэ онд хэд  хэдэн чухал арга хэмжээ авч, зах зээлд орох стандартыг ихээр чөлөөлнө. Эдгээр  арга хэмжээнд үйлчилгээний салбар, тэр дундаа банк санхүүгийн салбарыг  хамруулсан юм. Бид өнгөрсөн оны эцсээр эхлүүлсэн банк, үнэт цаас, даатгалын  салбар дахь гадаадын хөрөнгийн харьцалд тавьсан хязгаарлалтыг багасгах арга  хэмжээг заавал хэрэгжүүлж, даатгалын салбарын нээлттэй хөгжлийг түргэтгэн,  гадаадын хөрөнгө банк санхүүгийн салбарт орох хязгаарлалтыг багасган, гадаадын  хөрөнгө оруулалттай байгууллага нэгжийн ажил төрөл эрхлэх цар хүрээг тэлж,  гадаад дотоодын банк санхүүгийн зах зээлийн хамтын ажиллагааг өргөтгөх болно.  Боловсруулах салбарт одоо мөн хязгаартай байгаа автомашин, хөлөг онгоц, нисэх  онгоц зэрэг цөөн салбар нэгэнт нээлттэй болох үндэстэй болсон байна. Эдгээр  салбар, ялангуяа автомашины салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан  хязгаарлалтыг даруй чөлөөлнө гэжээ.


11:43 минутад

Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятад улс хөгжөөд ямар ч түвшинд хүрсэн бусдыг заналхийлэхгүй, өнөөгийн олон улсын тогтолцоо, системийг өөрчилж бусниулахгүй, хүчний хүрээ тогтоохгүй юм. Хятад улс хэзээд дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжлийн үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийн хамгаалагч байх болно. Мөн харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратегиа хэлбэрэлтгүй баримталж, гаднаас оруулах, гадаадад гаргахыг зэрэг чухалчлан, өндөр түвшний худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хялбарчлах бодлого хэрэгжүүлэх замаар Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг эрэлхийлэх болно гэжээ.


11:39 минутад

Хятад улсын  дарга Ши Жиньпин Азийн чуулга уулзалтын өнөөдрийн хуралд: Улс орнууд харилцан  хүндэтгэж, эрх тэгш харилцаж, биеэ хэтэрхий тоож, бусдыг зольж хар амиа  хаацайлах явцуу үзэл гаргахгүй, хөршөө хохироохгүй, ядуу буурайг дээрэлхэн,  хүчирхэгт дулдуйдахгүй байж зөрчил маргааныг зөв зохистой шийдвэрлэх ёстой.  Хэлцэл зөвшилцөл хийж, үүрэг хариуцлагыг хамтдаа үүрч, НҮБ-ын дүрмээр иш үндэс  болгосон олон улсын дэг журам, олон улсын тогтолцоог тууштай хамгаалж, эв  нэгдлээ бэхжүүлэн, гаж бурууг тэвчиж, нийтээрээ аюулгүй байхыг баталгаажуулах  ёстой. Жаргал зовлонгоо хамтатгаж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг олж, дэлхийн  эдийн засгийн нээлттэй тогтолцоог бүрдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг  чөлөөтэй, хялбар болгож, олон талт худалдааны тогтолцоог хамгаалах ёстой. Уужуу  багтаамжтай зэрэгцэн оршиж, эв зүйтэй боловч аялдан дагахгүй, соёл иргэншлээсээ  харилцан суралцах ёстой. Байгалийг дээдлэн, эх дэлхийгээ хамгаалж, хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хичээн ажиллаж, энх  тайван, амар амгалан, цэцэглэн хөгжсөн, нээлттэй, үзэсгэлэнт Ази тив, дэлхий  ертөнцийг хамтдаа байгуулъя хэмээн улс орнуудад хандаж уриалжээ. 


11:06 минутад

Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ: Энх тайван, хөгжил бол нийт хүн төрөлхтний хамтын хүсэл эрмэлзэл бөгөөд хүйтэн дайны сэтгэхүй, нэгнийгээ хохироосон сөрөг муу өрсөлдөөн нэгэнт цаг үеэс хоцрогдож, биеэ тоож, зөвхөн хувиа бодох нь талуудын хатуу эсэргүүцэлтэй тулгарах юм. Улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжил улам бүр харилцан хэлхээ холбоотой болж, харилцан нөлөөлөх нь ихсэж байгаа учраас дэд бүтцээр холбогдох, уялдан хөгжихийг ахиулах замаар хамтын хөгжил дэвшилд хүрэх нь зайлшгүй сонголт болоод байна. Өөрчлөлт, инновац бол хүн төрөлхтний нийгмийг урагшлуулах үндсэн хөдөлгүүр бөгөөд хэн нэгэн үүнээс татгалзвал даруй цаг үеэсээ хоцрогдож, түүхэнд шигшигдэх болно гэжээ.


10:57

Өнөөдөр Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад, Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Өнгөрсөн 40 жилийн турш, Хятад улс хаалттай, хагас хаалттайгаас бүх талаар нээлттэй болсон аугаа үсрэлтийг амжилттай хийж, гадаадад нээлттэй байх явцад их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж, татан оруулахаас гадагш гаргах болж, ДХБ-д элсэн орсноос "нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах болж, Азийн банк санхүүгийн хямрал, олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулахад чухал хувь нэмэр оруулж, олон жилийн туршид дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30-аас дээш хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол тогтворжуулагч, хөдөлгөгч хүчний эх үүсвэр болж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм үйлсийг урагшлуулсан юм. Өөрчлөлт нээлт бол Хятадын хоёр дахь хувьсгал бөгөөд ард түмний хөгжил, шинэчлэл, сайн сайхан амьдралын түүхэн шаардлагыг дагаж, дэлхийн олон орны ард түмний хөгжих, хамтын ажиллах, энх тайван амьдрах гэсэн цаг үеийн урсгалтай нийцсэн юм гэжээ.


10:49 минутад

Өнөөдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад  хэлэхдээ: Хятад улс 40 жилийн турш улс орныхоо бодит байдалд үндэслэн, дэлхий  дахинд хандаж, бие дааж эзэн мэдэх, өөрийн хүчиндээ түшиглэхийг чухалчилж, мөн  гадаадад нээлттэй байлгаж, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэхийг чухалчилж,  социализмыг баримтлахын зэрэгцээ социалист зах зээлийн эдийн засгийн өөрчлөлтийн  чиглэлийг баримталсаар ирсэн юм гэжээ. Тэрээр: дэлхий дахин орчин үеийн хөгжилд  хүрэх зам ганцхан биш, зам бүхэн Ромд хүрнэ гэдгийг Хятадын амжилттай туршлага  харуулсан юм хэмээн цохон тэмдэглэжээ.

 

10:46 минутад

Өнөөдөр Хятад улсын дарга Ши Жиньпин: Өөрчлөлт нээлтийн  40 жилд, Хятадын ард түмэн хүч чадлаа шавхан бүтээн байгуулалт хийж, өөрчлөлт  нээлтийн бодлогыг хэлбэрэлтгүй баримталж ирснээр Хятадын нийгмийн үйлдвэрлэлийн  хүчнийг ихээр чөлөөлж хөгжүүлсэн юм. Өдгөө, Хятад улс дэлхийн эдийн засгийн 2  дахь том цогц, аж үйлдвэрийн хамгийн том орон, бараа худалдааны хамгийн том орон  болж, гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байна. Өнгөрсөн 40 жилд, Хятадын  ДНБ жилд дунджаар 9.5 хувиар, гадаад худалдаа жилд дунджаар 14.5 хувиар өсөж,  НҮБ-ын тогтоосон стандартаас доогуур амьдралтай байсан 700 сая хүнийг ядуурлаас  гаргасан нь мөн үеийн дэлхийн ядуу амьдралтай хүмүүсийг ядуурлаас  гаргасан хэмжээний 70 хувийг эзэлсэн юм гэжээ.


10:20 минутад

Өнөөдөр Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ: Бө-Аогийн  Азийн чуулга уулзалт байгуулагдсанаас хойш, Ази тивд суурилан, дэлхийд хандаж,  Азийн нийтлэг ойлголтыг нэгтгэн, талуудын хамтын ажиллагааг ахиулж, эдийн  засгийн даяаршилд түлхэц өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг  байгуулахад санал бодлоо илэрхийлж, баялаг үр ашиг бүхий “Бө-Аогийн  төсөл”-үүдийг дэвшүүлж, идэвхтэй хувь нэмрээ орууллаа  гэжээ.

 

10:14 минутад


Бө-Аогийн 2018 оны Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслол 10-нд  Хайнань мужийн Бө-Аод болж, Хятад улсын дарга Ши Жиньпин урилгаар гол сэдвээр үг  хэллээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хятад улс гадаадад нээлттэй байхаа хэрхэн  өргөтгөж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх талаар нэр төртэйгээр тодорхойлон өгүүлж,  Ази Тив болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг цаашид  ахиулж, Ази тив болон дэлхийн сайн сайхан ирээдүйг нээх тухай Хятадын байр  суурийг тодорхойллоо.

Энэ удаагийн Бө-Аогийн Азийн чуулга уулзалт "Нээлттэй, шинэ  бүтээмжийн Ази тив, цэцэглэн хөгжсөн дэлхий дахин" уриан дор болж, дэлхийн 2000  гаруй хүндэт зочдыг урин оролцуулж байна. Хятадын удирдагчаас гадна Австрийн  ерөнхийлөгч Ван Дер Белен, Филиппиний ерөнхийлөгч Дутарте, Монгол улсын ерөнхий  сайд У.Хүрэлсүх, Холландын ерөнхий сайд Рутте, Пакистаны ерөнхий сайд Аббас,  Сингапурын ерөнхий сайд Лее Сен Лун, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Гуттериш, ОУВС-ын ерөнхий захирал Лагард нар урилгаар оролцож байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл