Сүүлийн гурван жилд Шулуун Хөх хошуу болон хөрш зэргэлдээх хошуу, сумын малчин айлууд нутгийн үхрийн үүлдрээ сайжруулахад Авирмэдийнх 60 гаруй бухаар хангажээ. Жилийн дундаж орлого нь 500 мянган юаньд, цэвэр орлого нь 200 гаруй мянган юанийг давснаар хавь ойрдоо алдаршсан байна.

Саяхан алс хол Хөлөнбуйр хотоос зорьж ирсэн нэгэн зочинд замч болж, Шулуун Хөх хошууны Сангийн Далай суурингийн Энхбулаг багт байрлах малчин Авирмэдийнхийг зорьж очлоо.
Угтаа 50 гаруй га нутаг дээрээ 300 гаруй хонь, 40 гаруй үхэр малладаг байв. 20-иод жилийн өмнөөс малынхаа бүтцэд өөрчлөлт хийж, 300 гаруй хонио зараад үхэр маллах болсон байна. Эхний алхамд хээлтүүлэг хийж, нутгийн үнээний тугалын үнэ ердөө 500 юань хүрдэг байсан тухайн жилд тугал бүрийг 1000 юаниар зарсан нь түүний анхны амжилт болж байв. Мал аж ахуйг өндөр үр ашигтайгаар хөгжүүлэх болсон Авирмэд нутгийн үүлдрийн үхрээ эрлийзжүүлэн, тарга хүч, үнээний хээлтүүлгийг сайжруулахын зэрэгцээ жил бүр 30-аад тугал худалдаж, цөөн хэдэн тугал үлдээн, экологи, эдийн засгийн ашгийг зэрэг хүртэх болов. Нутгийн үнээнд хээлтүүлэг хийх тал дээр нутгийн малчдаа дайчилсан байна. Ингээд 2014 онд семминтал үхэр маллах тусгай өрх болж, шилдэг үүлдрийн үрийн малыг маллах замаар замнаж эхэлжээ.
Авирмэд эхэндээ нутгийн таван үнээндээ гар хээлтүүлэг туршин хийхэд хоёр нь сувайрсан харамсалтай явдал болж байв. 2000 юань зарцуулан Борхот үрийн малын талбайгаас хээлтүүлгийн мэргэжилтэн урьж байсан гэнэ. Урьж ирсэн багшаасаа сурахын зэрэгцээ өөрөө хичээж зүтгэснээр төдий удалгүй мэргэжил нь дээшилсэн гэх.
Олон жилийн турш үхрийн үүлдрийг сайжруулахаар хичээн зүтгэсэн тэрээр “Шилийнгол аймгийн үхрийн үүлдэр сайжруулсан тэргүүний хүн”, “Шулуун Хөх хошууны шинжлэх мэргэжлийн үлгэр дуурайл өрх”, “Үхрийн үүлдрийг сайжруулсан малчин өрхийн дагуулагч” зэрэг олон сайхан өргөмжлөл хүртсэн. Түүгээр ч барахгүй Шилийнгол аймгийн хэмжээн дэх шилдэг үүлдрийн малын шалгаруулалтад түүний үхэр хоёр жил дараалан хоёрдугаар байранд шалгарч байв.
2016 онд тусгай мэргэжлийн сургууль төгссөн охин Мөнхчимэгтэйгээ хамт Шулуун Хөх хошууны “Хошууч гэр бүлийн мал аж ахуйн талбай”-г үүсгэн байгуулж, семминтал үүлдрийн бух тавих, хээлтүүлэг хийх ажлаар гол болгон, нутгийн үхрийг эрлийзжүүлэх, үхрийн үүлдрийг сайжруулах, гаднаас шилдэг үүлдрийн семминтал үхэр оруулах зэргийг уялдуулсан байна.
Малчин Авирмэдийн үхэр сүрэг үүлдэр сайн гэдгээрээ хол ойрын малчдад танигдсан төдийгүй улсын стандартыг хангасан ээмэг, тэмдэгтэй болсноор нялх тугалд нь урьдчилан захиалга ирэх болсон байна.
Өнгөрсөн жил нэг малчин Авирмэдээс 17 мянган юаниар захиалж авсан тугал нь аймгийн хэмжээний шилдэг үүлдрийн бухын шалгаруулалтын нэгдүгээр байранд шалгарч, 7000 юаний шагнал хүртсэн гэнэ. Энэ онд Авга хошуунаас хоёр тугалыг тус тус 18 мянган юаниар авах захиалга ирээд байгаа гэнэ.
Энэ мэтчилэн Авирмэдийн шилдэг үүлдрийн тугал нь үхрийн үүлдрээ сайжруулахаар шийдсэн хүмүүсийн таашаалд хүрч, энэ оны 17 эр тугалаа бүгдийг захиалгаар зарсан байна. Өнөөдөр эднийх нийт 52 шилдэг үүлдрийн семминтал үхэртэй болж, энэ жил тугаллах 36 үнээний 35 нь нэгэнт тугалжээ.
Малчин Авирмэд мал аж ахуйг шинэчлэн хөгжүүлснээр ийнхүү малчин түмнийхээ хошууч болж явна.
