solongonews
Цагаан сараар жингээ барих зальтай аргууд
2015-12-28 18:21
Яагаад заавал Цагаан сар гэхээр л таргалах ёстой гэж. Эсрэгээрээ бүр турж болохгүй гэж үү. Айл бүрийн ширээ дүүрэн идээ, ундаа, цай, буузнаас ухаалгаар бүр тодруулбал, зальдаж идвэл өөх өөртөө нэмж наана гэхгүй, харин ч улам гоолиг болох боломж бий.
Тостой бууз, өөхтэй махаар шахах, дайлахыг хослуулах сар шинийн өдрүүдэд гэрийн эздийн нүдэнд өртөлгүй цатгалан сайхан хооллосон мэт царай гаргах нь бидний чадах хамгийн амархан ажил ч байж мэдэх юм шүү. Ингэхийн тулд ердөө л дараах хэдхэн аргыг мэдэхэд хангалттай. 
 
Бууз идэх “урлаг”-т суралц
Энгийн эмэгтэй хүн таргалахгүйн тулд өдөрт 2500 ккал-оос дээш илчлэгтэй хүнс идэж болохгүй. Тийм болохоор хоолныхоо илчлэгийг тооцож чадвал баярын өдрүүдэд таргалалт таныг зовоохгүй. Ганц ширхэг бууз 250 ккал байдаг. Нэг айлд хоёр бууз идвэл та өдөрт авах илчлэгийнхээ 20 хувийг идчихлээ гэсэн үг. Үүн дээр сүүтэй цай, ус, ундаа, ууцны хажуу, тавгийн идээ зэргийг нэмбэл нэг айлд идэх илчлэг нийт өдрийн авах илчлэгийн хэмжээнээс хэтэрч ч мэднэ. Тиймээс нэг айлд хоёроос илүү бууз идэхгүй байх хэрэгтэй байх нь. Гэхдээ шууд л би дахиад идэхгүй гээд суучихвал гэрийн эзэд гоморхоно шүү дээ. Тэдний нүдийг хариулдаж байгаад харсан үед нь идэж, хараагүй үед нь тавганд нь үлдээ. 
Сүүтэй цайг ингэж уугаарай 
Унтахынхаа өмнө сүүтэй цай, бууз, хуушууртай идээд үзээрэй. Өглөө жингээ үзэхэд 500 гр нэмчихсэн л байдаг юм даа. За тэгээд дээр нь нэмээд, жүүс, ундаа, хийжүүлсэн ундаа гээд л төрөл бүрээрээ “бүдүүн мисс” болгох шингэн зүйлсийн дайллага эхэлнэ шүү дээ. Тиймээс хүн цай хийгээд өгвөл амсаад тавьчих. Яагаад уухгүй байна гэж асуувал хөргөж байна гэж тайлбарла. Хөрснийх нь дараа аажмаар амссаар нэг айлд нэгээс илүү аяга цай ууж болохгүй. Тиймээс амны цангаагаа тайлахын тулд байнга цэвэр ус цүнхэлж яваарай. Айлаас айлд зочлохын хооронд цэвэр усаа сайн ууж ав. Ус сайн уучихсан хүний хоолны дуршил багасдаг юм шүү. 
Салад, зууш, тавагтай идээнээс алийг нь сонгох вэ?
Чихэр, шоколад, самар гээд тавгийн идээг чимдэг ганган “гоёл”-уудаас амандаа хийгээд байвал жингээ барина гэдэг гонжийн жоо шүү. Оронд нь цагаан идээ, ааруул сонго. Мөн майонезтай, өндөгтэй саладнаас татгалзаж, байцааны салад, шинэ ногооны саладыг сонгоорой. Жимсний саладыг бодоод ч хэрэггүй. Йоргуртаар зуурдаг болохоор нуль чихэр. Зуушны хувьд дан махан болон хэлэн зуушнаас нь сонгож идээрэй. 
Зальтай хувцасла 
Та айл хэсэхдээ нэлмэгэр, уужим өмд цамц, даашинз өмсөөд явбал хооллолтондоо хэчнээн санаа зовоод ч нэмэргүй л болов уу. Дэмий санаашрахаас өөрцгүй хэрэг болж ч мэдэх юм. Тиймээс өөрөө өөрийгөө зальд. Бариу цамц, даашинз, корсет өмс. Ингэвэл та хэр их идэж буйгаа анзаараад зогсохгүй, ихээр идэж гэдсээ тэлээнээс нь “халихаас” хамгаалж чадна шүү. 
 
Хөдөлгөөн, хөдөлгөөн, бас дахин хөдөлгөөн 
Айл хэсэхдээ цахилгаан шат ашиглаж ороод, ширээний ард лаглайтал суух гээд байгаа юм биш биз. Ингэвэл идсэн илчлэгээ шатааж чадахгүй шүү. Үүнийхээ оронд цахилгаан шатны оронд явган гишгүүрийг сонгож, ширээний ард баримал болон суухын оронд гэрийн эзэгтэйн ажилд тусла. Аяга таваг зөөж, угааж, хоол хийхэд нь тусалж яагаад болохгүй гэж.
 
Нэмэлт тустай аргууд
Та хэрэв бага насны хүүхэдтэй бол хүүхэдээ саатуулж, хувцасыг янзалж өгч, хоол идүүлж байгаагаар өөрөө их идэхээс зайлсхийж болно. Аль болох ширээнээс хол бай. Хүүхэд залуустай шагай тоглож, зургийн альбом үзэж болно. Эсвэл гэрийн эзэнтэй хуучны сайхан сэдвээр яриа өрнүүл. Яриандаа халсан гэрийн эзэд таныг идэж, ууж байгаа эсэхийг анзаарах нь юу л бол. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл