Одоо бүхий л мал аж ахуйн оронд интернет сүлжээг мал аж ахуйн үйлдвэрлэл амьдралдаа ашигладаг, худаг усны төхөөрөмжөө автоматчилсан, мал аж ахуйн машин баазыг засах нь байтугай, бүхий л ажил амьдралаа механикжуулж, өөрсдийгөө хар хүчний хөдөлмөрөөс чөлөөлж яваа малчин олон болсон. Шинийг бүтээх оролдлоготой, шинэ зүйлийг хүлээн авч амьдралдаа ашиглаж буй жишээ олон болж, мал аж ахуйн орон минь өдрөөс өдөрт шинэчлэгдэн хөгжиж байгаа нь юутай бахархал.
Алтанхуягийн суурин
Шилийнхотын Цог-Уул сумын Оюут багаар нутагтай, өндөрдүү биетэй, намуухан яриатай гуч гаруй насны малчин залуу Алтанхуяг цахилгаан хэрэгсэл оролдох, машин тэрэг зэргийг засаж эвлүүлэхдээ сурамгай болохоор айл саахалтынхаа нь засвар хийлгэхээр гуйхад оролдоод өгчихдөг тусч зантай хөнгөн шингэн хүн. Тэднийд очиход Алтанхуяг багийнхаа нэг ахын машины тосны савны сэвийг наахаар оролдож байгаатай таарлаа. Алтанхуягийн хот сууринг ажиглахад шинэ маягийн байшин нь өмнө захад өнгөлнө, хашааны ард өндөрт байрлуулсан камер эргэн тойрноо цагдана. Хашаа хорооны хажуугаар төмрийн зүйлс дүүрэн өрөөстэй, төрөл бүрийн цахилгааны хэрэгсэл тавигдаж, хэзээ хэрэглэхэд ч бэлхэн байрлуулжээ. Дүүрэн устай онгоцноос мал уугаад дундармагц дахиад өөрөө дүүрэх юм.
Алтанхуяг ажил ихтэй тун завгүй
Алтанхуяг багаасаа эвдэрхий салбархай юмсыг эвлүүлж засах сонирхлоо орхиогүй хөгжүүлж баяжуулсаар өнөөдөр болсон гэнэ. Түүний амьдралыг ийм зүйлгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж нутгийнхан нь ярина. Түүний хувьд мал сүргийн арчилгаа додомдлого нь аав ээж болон гэргийн ажил шиг зав л гарвал засварын эд зүйлстэйгээ “үерхэж” л байдаг. Бүдүүн төмөр хоолойг дундуур нь зүсэж усан онгоц буюу мал тэжээх онгоц болгоно. Гадна нь тариалангийн машины өлгүүр байсныг юунд хэрэглэх гэж байгааг нь асуухад өөр хүн тээврийн онгоц гагнуулах гэж байгаа гэнэ. Задгай хашааны хананы дунд нь шахмал хавтас тааруулж болохоор гагнасан байсан. Ачааны машины тээшийн хашлага гагначихсан чинь жаахан хүнд болчихжээ хэмээн инээнэ.
Үүнээс гадна хөдөөний айлын дулаалгын төхөөрөмжийг угсрах, өндөр хүчдэлтэй цахилгааны утас залгах гээд хийхгүй чадахгүй юм гэж түүнд бараг байдаггүй. Ном бичиг учиргүй их сураагүй ч ухааныг нь олох нь хэрэг. Мал аж ахуйн орноор малчид хөдөө бэлчээрт савтай ус тавин, малаа усалдаг болсон нь халуунд малаа нааш цааш гэхгүй хялбар талыг бодсон байдаг ч ийм байдлыг илүү амар хялбар болгохоор Алтанхуяг усны савны нээлт хаалтыг өөрөө удирддаг хөвүүр зохиож ашигласан байв. Энэ нь онгоцны усны түвшинг ашигласан байх бөгөөд хөвүүр доошилбол ус нь өөрөө гарч, дүүрвэл хаагддаг нь мал услахад хүний хүч хэрэггүй болсон байна.

Алтанхуяг камераа шалгаж үзнэ
Хэрэв цахилгааны хэрэгсэл нь байгаад материал нь олдвол хэн ч хийдэг ажил гэж энэ мэдээллийг уншаад Алтанхуягаар бахархахгүй байж магад. Гэхдээ түүний юм чадлыг зөвхөн энүүхнээр төсөөлбөл хөнгөдөх шиг бодогдох юм. Учир нь тэр энэ бүхнийг сайн хийхээр барахгүй интернет сүлжээний давуу талыг амьдралдаа бүрэн ашиглаж чаддагаараа шинэ цаг үеийн залуу малчны нийтлэг төлөөлөгч гэж ойлгож болно. Аль эртнээс компьютер болон гар утсаар “гал гартал” нааддаг болсон төдийгүй үүнийг ашиглан үйлдвэрлэл амьдралдаа хэрэглэх цахилгааны хэрэгсэл, элдэв тоног төхөөрөмжийг интернетээр захиалж сурсан байв. Iphone гар утасны дэлгэц хагарч эвдэрснийг сольж засах түүний хувьд хүнд ажил биш. Интернетээр хэрэгтэй материалаа захиалж аваад өөрөө засчихдаг.
- Засварын газар материалаа захиалж аваад сольж байгаа л хэрэг. Бид ингэж өөрөө захиалж аваад засчихвал зардлаа 50 хувь хэмнэнэ гэж Алтанхуяг тайлбарлана.
Хашаа хороогоо цагдуулахаар угсарсан камераа мөн интернетээс захиалж, өөрөө тоо баримтыг нь оруулж угсарснаар мэргэжилтнийг царайчилж угсруулснаас хямд байлаа. Хуучин гэрийн орой дээр ойр зуур ямар нэгэн тохио дамжуулах чадвартай гэмээр тогоог зүүн хойш харуулаад угсарсан байсан. Ажиглаад байвал гэрээс нь зүүн хойно зүгт бараг 3 километрийн цаана байгаа айлын зүг хандуулсан шиг байлаа. Асуухад, инээмсэглэн өөрийн wifi-ийг тэр айлд дамжуулан ашиглуулсан юм гэж даруухан хариулав. Алтанхуяг энэ мэтчилэн үйлдвэрлэл амьдралын зүйлсээ өөрөө эвлүүлдэг болохоор энэ талын зардлаа их хэмнэж чаддаг. Хонь малаа услах томоохон онгоцыг хотод гагнуулж хийлгэхэд мянган төгрөг ордог бол Алтанхуяг төмрөө аваад өөрөө гагнахад 50 хувь хэмнэдэг байна. Бүрэн автомат мал услах системдээ хэрэгтэй тоног төхөөрөмж гээд нийт тавь гаруй л юань зарцуулаад болгочихсон байх жишээтэй. Алтанхуягийн ярьж буйгаар интернет гэдэг маш сайхан юм. Ашиглаж чадвал авахыг хүссэн бүхэн байдаг. Тийнхүү жилдээ хүний өөрийн гээд интернетээс 20 мянга гаруй юанийн юм захиалдаг аж.
Алтанхуяг адуугаа усалж байгаа нь
Алтанхуяг шинжилгээ мэргэжлийг мал аж ахуй үйлдвэрлэл амьдралдаа ийнхүү чадамгай ашиглаж байгаа нь үнэндээ цаг үетэй зэрэгцэн оршиж чадаж байгаа хэрэг. Шинэ цаг үеийн мал аж ахуйн орны хөгжил нь шинийг санаачилж, шинийг бүтээдэг шилдэг үеийнхний малчдын ухаанд түшиглэх нь лавтай. Хөдөөний малчин хүн ч гэсэн хэрэв өөртөө итгэж, тархи толгойгоо залхуурахгүй ажиллуулбал малчин хүний ухаан ямар ч зүйлийг бүтээж чаддаг гэдгийг Алтанхуягийн хичээл зүтгэл нэг ёсондоо хэлж байна.
