solongonews
Кесаров хагалгааны дараа өөрөөрөө төрөх боломж
2015-12-28 18:21
Хагалгаагаар төрсөн ээжүүдийн хувьд дараагийн хүүхдээ өөрөөрөө төрүүлэх боломж бий эсэх талаар ихээхэн сонирхдог. Угаасаа хагалгаагаар төрөх нь өөрөөрөө төрсөн эхчүүдийг бодвол маш их өвдөлт, эмзэглэлтэй байдаг, үүнээс гадна биеийн нөхөн сэргэлт, тэнхрэлт өөрөөрөө төрсөн эхчүүдийнхээс хамаагүй удаан байдагтай энэ нь холбоотой билээ.
 Хагалгаагаар төрөх нь зайлшгүй эмчийн заалттай үед хийгддэг зүйл. Гэвч нэг л удаа хагалгаагаар төрсөн бол дараагийн төрөлт ч энэ аргаар шийдэгдэнэ. Тиймээс эхчүүдийн дунд дараагийн төрөлтийн талаарх айдас, хагалгааны шарх гээд олон эмзэглэл байсаар байдаг. 
 
Гэвч барууны орнуудад хагалгаагаар төрсөн эхийг өөрөөр нь төрүүлэх технологи нэвтрээд цөөнгүй жилийг үджээ. Тиймээс эхчүүдийн болон ургийн биеийн байдлаас хамааран хагалгаагаар төрсөн л бол дараагийн төрөлт мөн ийнхүү шийдэгдэнэ гэсэн тогтсон ойлголт үгүй болоход ойрхон байна. 
 
Үнэн хэрэгтээ хагалгаагаар төрсөн ээж дараагийн хүүхдээ өөрөөрөө төрүүлэх эсэхийг эмч нар л шийднэ. Умай дээрх хагалгааны сорви хэр бэхжсэн, өмнөх төрөлтөд хагалгаагаар төрөхөөс аргагүй байдалд хүргэсэн онош давтагдсан эсэх, хүүхдийн жин өөрөөрөө төрөхөд зохимжтой юу, эхийн төрөх зам хангалттай эсэх гээд олон асуудал яригддаг байна. Барууны орнуудад хагалгаагаар төрж байсан эхийг өөрөөр нь төрүүлэхийн тулд бүхэл бүтэн баг ажилладаг аж. Яаралтай мэс засал хийх эрсдэл тулгарахад шууд ажиллах эмч нар төрөлтийн үед хамт байна гэсэн үг. Мөн ургийн зүрхний цохилтыг хэмжих монитор төрөх явцад байнга ажиллах бөгөөд эмч нар үүгээр эх, ураг хоёр хоёул эрсдэлгүй байгаа эсэхийг нягтлах юм. 
 
Дараа нь хамгийн чухал зүйл бол умай дээрх хагалгааны сорви урагдвал эх, хүүхэд хоёрыг аврах мэргэжлийн ур чадвартай эмч нар байх шаардлагатай. Тэгэхээр дараагийн төрөлтөө өөрөөрөө төлөвлөхийг хүсч буй ээжүүдэд гэж зөвлөхөд таны төрөлт хоорондын зай хангалттай буюу 3 жилээс багагүй байхаас гадна өмнө нь хагалгаагаар төрөхөөс аргагүй болсон онош давтагдаагүй байхаас гадна хүүхдийн тань жин 4000 гр-аас ихгүй байвал зохих аж. 
 
Гэхдээ энэ бол зөвхөн барууны орнуудад нэвтрээд байгаа туршлагын талаар ярьж буй сэдэв гэдгийг дахин онцолъё. Одоогоор манай улсад энэ талаарх технологи хангалттай нэвтрээгүй байгаа юм.  
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл