Монголчууд таван хошуу малаа амьдрал үйлдвэрлэлдээ бүх талаар хэрэглэн ашиглаж, таван хошуу малаараа бахархаж явдаг билээ. Таван хошуу малын нэг болох ямааг ноос ноолуур, арьс, махны гаралтыг ашиглахаас гадна сүү шимийг нь жилд гурав дөрвөн сарын урт хугацаанд сааж, ашиг шимээр нь амьдралын хэрэгцээгээ хангадаг билээ. Ямааг хур бороо элбэг өвс ургамал сайн үед өдөрт 1-ээс 2 удаа сааж, олонх нь өдөр нэг л удаа саана. Саах үед ишгийг нь салгаж, салгахдаа хөгнөх, сүрэг зөрүүлэх, хашаанд хаших зэргээр тусгаарлана.
Ямааг холбож саадаг. Холбож сааж сурсан ямаадыг эхлээд нэг хоёроор холбоод “чайг, чайг” хэмээн холбоо руу нь хөөхтэй зэрэг өөр өөрийн холбоо руугаа гүйж очоод холбуулчихдаг. Ямааг ивлэгэхгүй сааж, ивлэх нь барагтай бол дэлэнг нь алгадаж байгаад саана. Саахад ар талд цомцойж суугаад дэлэнг нь нэг гараараа барьж, нөгөө гараараа саадаг. Ямааг таван сарын сүүлч, зургаан сарын эхээр ишгийг нь тавьж саахаа зогсооно. Бас зарим хайдаг ямааг намар орой болтол саадаг. Ямааны сүүгээр үхэр хонины сүү саальтай адил тараг айраг боловсруулж болдог. Өрөм, зөөхий, хурууд, шар тос зэрэг олон төрлийн цагаан идээ болж шим тэжээл сайтай монгол эмийн найрлага болж бие махбодыг чийрэгжүүлдэг.





