“Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” гэрэл зургийн цомогт хятад барилгачдын Монгол Улсад барьсан 850 гаруй барилга байгууламжийн 400 гаруй зургийг хамарсан байна.

“Ард түмний ерөнхий сайд Жоу Эньлай”, ”Бүс ба зам” номуудыг орчуулсан хятад судлаач Х.Баатархүү БНХАУ-ын ЭСЯ-тай хамтран хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр 1955-1965 онуудад Монгол Улсад өрнөсөн их бүтээн байгуулалт болон хятад барилгачдын барьж байгуулсан барилга байгууламжийг судалж энэхүү гэрэл зургийн цомгийг гаргасан байна. Цомгийн нээлтийн ёслол 01-р сарын 08-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн яаманд болсон бөгөөд Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нээлтийг энэхүү бүтээлээр эхлүүлж байгаагаа Хятад, Монголын тал албан ёсоор зарласан байна. Хятад судлаач Х.Баатархүү хагас жилийн хугацаанд Монгол Улсын Үндэсний төв архив болон аймаг, нийслэлийн архивт сууж холбогдох материалыг цуглуулсан бөгөөд хөдөө орон нутагт биечлэн очиж гэрэл зургийн баримтуудыг хангажээ. Тэрбээр Монгол Улсад хятад барилгачдын барьсан 850 орчим барилга байгууламжийг илрүүлснээс энэ удаагийн цомогтоо 369 нэгж байгууллагын 520 ширхэг өнгөт болон хуучны хар цагаан гэрэл зургуудыг сонгон оруулсан байна.

Тус нээлтийн ёслолд Монгол Улсын УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, МУ-ын ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг, МУ-ын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, МУ-ын ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Т.Занабазар зэрэг Хятад, Монгол хоёр орны холбогдох албаны хүмүүс, МУ-ын ахмад дипломатчид, эрдэмтэн судлаач, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, Хятад цагаач иргэд, МУ-д ажиллаж амьдарч буй хятад иргэдийн төлөөлөл нийт 200 шахам хүн тус арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон байна.

Шин Хаймин,2019 оны босгон дээр Хятад, Монголын найрамдлын төлөө хичээл зүтгэл гарган ажилладаг бүхий л салбарын нөхөд та бүхэнтэй хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо хамтдаа угтаж “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал” гэрэл зургийн цомгийн нээлтэд оролцож буйдаа баяртай байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч, энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, ГХЯ, бусад холбогдох байгууллагуудад мөн хүрэлцэн ирсэн бүх найз нөхдөд гүн талархал илэрхийлье. “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад, Монголын найрамдал” зургийн цомог албан ёсоор хэвлэгдэн гарч, үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэсэн байна.
