Гадныхан урьд цагт Хятад орныг хоолны соёлыг ихэд эрхэмлэдэг орон хэмээн, түүний дэлхий даяар түгэн тархсан хятад хоолны газруудаар нь дамжуулан ойлгодог байжээ. Үүний дараах байранд Бээжин дуурь орох байх л даа. Бээжин дуурийн нүүр хувиргалтыг Хятадын соёлын гол төлөөлөл, билэгдлүүдийн нэг гэж хэлж болно.
Дэлхийн олон улсад “Хятадын соёлын өдрүүд”-ийг тэмдэглэх үеэрээ зурагт хуудсан дээр томоос том Бээжин дуурийн нүүр зурсан байх нь элбэг тохиолддог. Тиймээс Хятадын соёлыг ойлгохын тулд Бээжин дуурийг судлахгүй орхиж үл болно.
Андерсоны үлгэрт хорвоо ертөнц дээр хосгүй сайхан хоолойтой нэгэн алтан гургалдай гардаг. Хятадад ч бас нэгэн алтан гургалдай байдаг нь Бээжин дуурь юм. Тэрээр цог заль дүүрэн, баяр хөөртэй бөгөөд дуулж буй алтан гургалдай мэт, мөнхийн дур булаам хүчийг цацруулж байдаг.

Бээжин дуурийн тайз нь өвөрмөц өнгө будгийн гоо үзэсгэлэнг илтгэсэн нүд гялбам өнгө будгийн зохирол билээ. Уг урлагийн дотоод мөн чанарыг бий болгоход Бээжин дуурийн тайзны өмсгөлөөс гадна, нүүр хувиргалт маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Бээжин шийний нүүр будалт нь нүүрний багаас ялгаатай. Нүүрний багийг нүүрэнд зүүж, авч болдог, харин нүүр будалтыг жүжигчинд тусгайлан хийдэг.
Бээжин шийний будалт бол өнгө алаглуулсан будалт, улаан, бор, цагаан, шар, хар, цэнхэр, ногоон, улаан ягаан, саарал, алтлаг бор, мөнгөлөг зэрэг янз бүрийн өнгөтэй байх ба туйлын хэтрүүлэгтэй бөгөөд гоёмсог будалт юм.
Шийний нүүр хувиргалт нь “эрэмгий догшин ” буюу жин “жигшүүрт муухай” гэсэн хоёр төрлийн дүрийг тодруулан бий болгоход хэрэглэгдэнэ. Жин буюу эрэмгий догшин дүрийн будалтыг мөн “ алаг будалт” гэж нэрлэнэ. ‘ Жигшүүрт муухай” гэдэг нь муу талын дүр болно.
Нүүр хувиргалт нь хоёр төрлийн агуулгатай. Эхнийх нь ший жүжгийн нийгмийн гарал мөн чанар, зан төрхийг илэрхийлэн гаргана. Жишээ нь: “улаан өнгө” нь тухайн дүрийн үнэнч шударга, эрэлхэг дайчин чанар, “хар өнгө” “гүдэс шулуун” “цагаан өнгө ” нь зальхай хорон санааг, нүүрэн дээрээ хэсэг цагаан зурвас будалттай байвал дорд зусар хүнийг дүрслэх жишээтэй. Өөр нэг агуулга нь хүмүүсийн тухайн дүрд хандах ёс суртахуун болон гоо сайхны үнэлэмж зэрэг хандлагыг илэрхийлнэ. Жишээ нь нэр хүндтэй, үзэн ядам, эрхэмсэг дээд, инээдтэй гэх мэт.
Нүүр хувиргалт нь хэлбэр байдал, өнгө будаг, төрөл жанрын хувьд тодорхой хэв загвартай байна. Бээжин дуурь сайн мэддэг үзэгчид жүжигчдийн нүүр хувиргалтаас л тухайн дүр нь баатар эр эсвэл эсрэг дүр болох, ухаантай сэргэлэн, мулгуу тэнэг, хайр булаам эсвэл зэвүүцэл бухимдал төрүүлэм дүрийн алин болохыг төвөггүй ялгаж мэддэг. Бээжин дуурийн тэр л хүний сэтгэл татам нүүр хувиргалт нь Хятад ший жүжгийн тоймгүй олон янзын нүүр будалтын дунд онцгой байр суурь эзэлдэг. Бээжин дуурийн нүүр хувиргалт нь билэгдэл утга болон хэтрүүлэл гэсэн хоёр чанараараа алдартай. Тэр нь хэтрүүлэл болон хувиргалт бүхий дүрслэл зургаар тухай дүрийн зан чанар, өвөрмөц онцлогийг илэрхийлэн гаргадаг. Нүд, дух болон хоёр талын шанаа түүшин дээр ихэвчлэн сарьсан багваахай, эрвээхэй болон хараацайн далавч хэлбэртэй будалт хийдэг, мөн хэтрүүллийн аргаар ам, хамрыг дүрслэн зурж тохирох нүүр хувиргалтуудыг бий болгоно.
Нүүр хувиргалт нь эдгээр утга илэрхийллээс гадна, зураг дүрслэл болон өнгө будгийн гоо сайхныг өөртөө агуулж байдаг. Эдгээр гоо сайхан бол гадаад хэлбэрийн үзэмж болохынхоо хувьд харьцангуй бие даасан шинжийг агуулж бахдал бишрэл төрүүлэм шинжтэй байдаг. Жишээ нь эргэлдэн нисэх мэт “эрвээхэй будалт” зан төрх болон зураг дүрслэлийн гоо сайхны төгс хоршил болно. Цаасан шувуу, гурилан болон шавар хүүхэлдэй, хивс, өлгөдөг хивс зэрэг ардын уламжлалт гар урлалын маш олон төрөл зүйл болон зурагт хуудас, зарлалын самбар, хувцасны дизайн зэрэгт Бээжин дуурийн нүүр хувиргалтын элементүүд ордог . Түүнчлэн Бээжин дуурийн нүүр хувиргалтын өнгө будаг, зураг дүрслэлийн гоо үзэсгэлэн нь тайз засалтын солонгорон гэрэлтэх гоо сайхныг улам товойлгон цогцлоож өгдөг байна.
