“Сахиусан тэнгэр”-үүдийн амьдралд хар толбо тогтсоор байх уу
2015-12-28 18:21
Асрамжийн газарт хийсэн сурвалжилгаа нийтэллээ. Эмэгтэй хүний нэгээхэн хэсэг болоод ч тэр хүүхдийн гунигт нүд зүрхийг "зүсэж" байлаа.

Хүүхдийн асрамжийн газар. Энэ үгийг сонссон хүмүүс эцэг эхээсээ хагацаж, хайр халамжаар дутаж буй өнчин хүүхдүүд төсөөлдөг. Гэхдээ тийм биш. Аав, ээж, асран хамгаалагч нь хорих ангид байдаг харгалзах хүнгүйгээс болж хүүхдүүд асрамжид ирэх тохиолдол олон.
Мөн эцэг эхдээ зодуулж, тэнэмэл амьдралаар амьдарч байгаад ирсэн хүүхэд ч бий. Хүүхэд бол цагаан цаас гэдэг. Тэр цагаан цаасан дээр ямар зураг зурж, юуны талаар бичихээс шалтгаалаад тэр хүүхдийн ирээдүй тодорхойлогддог гэж болно. Хүүхдээ зодох, гар хүрэх гэх мэт томчуудын буруутай үйлдлээс үлгэр авсан хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь их байна. Тухайлбал, 2012 онд л гэхэд
Баянзүрх дүүргийн хэмжээнд 52 гэмт хэрэгт 57 хүүхэд холбогдсон байна. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох болсон гол шалтгаан нь гэр бүл дэхь хүчирхийлэл, таарамжгүй байдал, гэр бүл салалтаас үүдсэн гэсэн судалгааг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс гаргасан байна.
Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 69,5% нь сургуульгүй, 22,9% нь ерөнхий боловсролын сурагч, 7,4% нь коллеж, их, дээд сургуулийн
оюутнууд байжээ. Тийм ч учраас өөрийн сурвалжлагтаа гэгээн цайлган, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа хүүхдүүдийг тэр тусмаа эцэг эхийн хайрыг амсаж чадалгүй өсөн торниж буй асрамжийн газрын хүүхдүүдийг анзааран хараасай гэж хүсдэгээ нуух юун.
оюутнууд байжээ. Тийм ч учраас өөрийн сурвалжлагтаа гэгээн цайлган, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа хүүхдүүдийг тэр тусмаа эцэг эхийн хайрыг амсаж чадалгүй өсөн торниж буй асрамжийн газрын хүүхдүүдийг анзааран хараасай гэж хүсдэгээ нуух юун.
Монгол орон гурван сая гаруй хүн амтай. Харьцангуй залуу насны бүтэцтэй орон гэгддэг. Өөрөөр хэлбэл, хүн амын 36 хувийг 0-18 насныхан эзэлдэг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 18 хүртэлх насны 940 гаруй хүүхэд нийт 37 асрамжийн газарт хүмүүжиж байна.
Үүнээс Эрдэнэт хотод нэг, Дорнод аймагт нэг, Дархан-Уул аймагт хоёр, бусад нь нийслэлд байрладаг ажээ. Хүүхдийн төлөө үндэсний газраас гаргасан судалгаагаар асрамжийн газарт хүмүүждэг нийт хүүхдийн талаас илүү нь гэр бүлтэй, эсвэл хагас өнчин байдаг ажээ.
Эдгээр хүүхдүүдэд туслах сэтгэлтэй залуус олон бий. Тэдний нэг бол Б.Түвшинбаяр юм. Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан бөгөөд “Өнөр бүл” асрамжийн газраас эхлээд Улаанчулуутын хогийн цэг дэхь хүүхдүүдэд хүртэл сэтгэлийн дэм хайрлаж, ирээдүйдээ итгэх урам зоригоор тэтгэдэг юм. Түүнтэй хамт “Өнөр бүл” асрамжийн газрыг зорьлоо.
Миний хувьд асрамжийн газрыг хүйтэн хөндий орчноор төсөөлж байлаа. Гэтэл тийм биш аж. Намайг тус асрамжийн газраар ороход бяцхан хүүхдүүдийн инээд хөөр цалгисан, дулаан уур амьсгал угтан авсан юм. Б.Түвшинбаярыг тэндэхийн хүүхдүүд сайн таних аж. Биднийг ороход хүүхдүүд түүний өөдөөс гүйлдэн ирж, үнсүүлж байгааг нь харахад нэг л дулаанхан сэтгэгдэл төрсөн юм.
Энэ асрамжид 0-2 насны 50 гаруй хүүхэд байдаг аж. Тэрбээр хүүхдүүдэд БНСУ-аас захиж авч ирүүлсэн ноосон малгай болон амттан тарааж өглөө. Түүнийг бэлгээ тарааж дууссаны дараа хүүхдүүд хоолоо идэхээр сууцгаасан юм. Энэ хооронд түүнтэй бяцхан яриа өрнүүллээ.
-Хэзээнээс, яагаад хүүхдэд туслах болсон бэ?
-Би хүүхдэд их хайртай. Одоогоос дөрвөн жилийн өмнө хүнд өвчин туссан. Тэгээд тэр жилийг л эмнэлгээр явж өнгөрсөн юм. Яг эмнэлэгт хэвтэж байх үед шинэ жилийн баяр тохиож билээ. Хүүхэд бүр л цагаан сар, шинэ жилээр гоё билэг авах тэрхэн мөчийг тэсэн ядан хүлээдэг.
Би ч бас тэр мөчийг хүлээж байсан ч эмнэлэгт байгаа учраас баярлаж чадахгүйнэ хэмээн харамсаж байсан юм. Гэтэл яг шинэ жилийн орой сайхан сэтгэлтэй хэсэг залуус эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд бэлэг тараасан юм. Энэ бэлэг тэр үед миний амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэг байлаа.
Тэр үеэс эхлээд л хүүхдүүдэд туслахыг хүсдэг болсон. Хамгийн анх өнгөрсөн жил шинэ жил болохоос хэдхэн цагийн өмнө Эх нялхас, III эмнэлэг зэрэг найман эмнэлэгээр орсон. Ойролцоогоор 400 орчим бэлэг тараасан. Үүнээс хойш хүүхдүүдэд туслах сэтгэл минь бадарсан гэхэд болно. Ингээд зөвхөн эмнэлэгээр явах бус хүүхдийн асрамжийн газруудаар орж бэлэг тараадаг болсон.
-Асрамжийн газарт анх очсон сэтгэгдлээ хуваалцаач. Тухайн үед ямар санагдав?
-Ямар ч ойлголт байхгүй үед асрамжын газар гэхээр нэг л хүйтэн хөндий газар шиг санагддаг байсан. Яг очиход инээд цалгисан, бусад хүүхдийн адил өхөөрдөм, хайр татам байсан. Би 2-4 настай хүүхдүүдэд туслах дуртай.
-Яагаад?
-Учир нь энэ насны хүүхэд илүү гэгээлэг байдаг. 7-18 насны хүүхдүүд ёс суртахууны дутагдалтай болсон байдаг юм билээ. Өөрийнхөөрөө байдаггүй, битүү болсон байдаг. Шулуунаар хэлэхэд бага зэргийн муу санаатай болсон байдаг учраас тэдэнтэй ярилцах бэрхшээлтэй байдаг юм. Харин 2-4 настай хүүхдүүд хайр татам байдгийн дээр тэднийг муу тал руугаа хөрвөхөөс нь өмнө зөв чиглүүлэх нь чухал байдаг.
-Таны хүрээлэлд байдаг хүмүүс ойлгож, дэмждэг үү?
-Анх гэрийнхэн минь их дургүйцдэг байсан. Цаг хугацаа, мөнгөө дэмий зүйлд зарцуулж байна. Үүнийг боль гэсэн шаардлагыг олон тавьж байсан ч би зогсоогүй. Одоо бол гэрийнхэн ойлгодог болсон. Аав минь намайг асрамжийн газруудаар явах болоход мөнгө өгдөг. Мөнгөөр туслах боломжгүй үедээ өөрийн цэвэрхэн хэрэглэж байсан хувцас, дүү нарын тоглоом, ном өгч явуулдаг болсон.
-Та ажил хийдэггүй жирийн л оюутан. Гэхдээ мөнгөө цуглуулаад хүүхдэд тусалж байна. Харин олигархи болсон баячууд хүүхдүүдэд тусладаг болов уу, та тэдэнд хандаж үзсэн үү?
-Хандаж үзээгүй. Гэхдээ миний бодлоор баян хүмүүс нэг өдөрт зарцуулдаг мөнгөө л зориулчихад хангаллтай юм шиг санагддаг.
Заавал хэдэн сая төгрөгөөр нь өгөх албатай биш. Бэлэг, амттан авч өгөөд л эдгээр хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөөсэй л гэж хүсдэг.
Заавал хэдэн сая төгрөгөөр нь өгөх албатай биш. Бэлэг, амттан авч өгөөд л эдгээр хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөөсэй л гэж хүсдэг.
-Асрамжийн газруудад дутагдалтай тал ажиглагдав уу?
-Миний бодлоор асрамжын газарт өгч буй санхүү, төсөв нь хангалттай санагдсан. Гагцхүү тэдгээр хүүхдэд хайр халамж, инээд хөөр хэрэгтэй байна. Даанч авахыг хүсэж байгаа хайр нь мөнгөөр хэмжигдэхгүй нь харамсалтай. Багш нар нь их онцгүй харьцдаг шуугилдаж, тоголлоо гэж гар хүрч байхыг ч харж байсан. Багш нар олон хүүхэдтэй ачаалалтай байдаг. Үүнийг хүн бүхэн ойлгоно. Гэхдээ гар хүрэх хэрэггүй. Учир энэ хүн эдгээр хүүхдүүдэд хүмүүжил олгож байгаа хүн шүү дээ. Тэгэхээр хүчирхийллийн байдлаар буруу үлгэр үзүүлэх ёсгүй. Үүндээ анхаарах хэрэгтэй.
-Асрамжийн газарт сайн тал олон бий. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Нэг үеээ бодвол асрамжын газруудын хувьд дулаахан, цэвэрхэн, тухлаг болсон. Сургалт дамжаанд хүүхдүүддээ хамруулдаг нь ололттой тал олон бий. Энэ бүхнээ хөгжүүлэх нь чухал байна.
Биднийг ийнхүү ярилцаж байх зуур хүүхдүүд хоолоо идэж дууслаа. Бид тэдэнтэй тоглож, шуугилдсаар үдшийн 20.00 цагт асрамжийн газраас гарсан юм. Биднийг гарах үед хүүхдүүд “Дахин ирээрэй, та хоёрыг хүлээнэ шүү” хэмээн гараа далласаар хоцорлоо.
Хүүхэд эцэг эхийнхээ баяр баясал болж “Сахиусан тэнгэр” болон энэ хорвоод мэндэлдэг. Гэтэл тэднийг өөрөөсөө түлхэн, бага наснаас гар хүрч тэдний амьдралд нь хар толбо үлдээх тохиолдол олон байна. Эдгээр “Сахиусан тэнгэр”-үүдээс эх орны минь ирээдүй гэрэл гэгээтээ байх эсэх нь шалтгаална.
Улсын үнэт баялаг нь иргэн. Тиймээс эдгээр хүүхдэд нийгмийн бүхий л давхрага тусалж чадвал сайн хүн болж төлөвших нь гарцаагүй биз ээ. Хүүхдүүдийг “хаялгүй” хариу нэхэлгүй хайрлаж чадвал Монголыг дэлхийн тавцанд гаргах цор ганц үнэт баялаг гэдгий ойлгох чухал.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
