solongonews
Хөл хүнд бүсгүйгээс сандлаа битгий харамлаарай
2015-12-28 18:21
Гэвч нэг нь ч тогоо шиг том гэдэстэй намайг “Алив энд суучих” гэж уриагүй. Энэ л үед “Хөл хүнд бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүйн учрыг асуу даа” гээд л дууны мөртүүд сэтгэлд үерлэж, хүний чанар яасан ч нимгэхэн, яасан ч сул болсныг биеэрээ мэдэрч явлаа.

Гавьяат жүжигчин Н.Төмөрхуягийн “Ухаарч амьдрах хорвоо” дууг би сонсох дуртай. “Хөл хүнд бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүйн учрыг асуу даа” гэдэг тэр мөртийг сонсох тоолонд сэтгэл огшоод ирдэг юм шүү. Үрээ тээсэн эх хүн ямар их ачааг үүрч, өөрийгөө шинэ амьдралын төлөө золиосолж байдаг агуу үнэнийг энэ дуугаар илэрхийлсэн юм шиг санагддаг юм. Өмнөх нийгэмд маань хөл хүнд бүсгүй хүнийг ингэж л хайрлаж, бяцхан цээжиндээ бас нэгэн амьдралыг ургуулж явааг нь урмаар тэтгэхдээ ийнхүү дуунд хүртэл шингээж дээ гэж бодогдохоор... 

Гэвч өнөөдөр энэ үг ул болчихов уу гэлтэй гомдолтой санагдаад болохгүй нь. Бага хүүгээ гэдсэндээ тээсэн би төрөх дөхсөн тогоо шиг том гэдэстэй явахдаа мартаж чадахгүй гомдолтой хоцорсон болохоор тэр юм болов уу. 

Том хүү, хадам ээжтэйгээ хамт автобусанд сууж хотын төв орохоор явсан юм. Аагим халуун долдугаар сар байсныг ч хэлэх үү, том гэдэстэй надад бүх зүйл л тээртэй санагддагсан. Автобусны шат хүртэл өндөр, хоёр гуравхан алхаад өгсөх нь хүртэл ядармаар. Арай гэж өнөөх унаандаа орлоо. Захын хүн л хэлнэ дээ, манай автобуснууд нисэх гэж байгаа юм шиг л галзуу давхидгийг. Бие давхар хүн битгий хэл дан ганцаараа хүн хүртэл тогтож зогсоход хэцүүхэн. 
Хадам ээж маань том хүүг тэвэрсээр арай гэж нэг суудал олж амжив.

Харин хөөрхий надад ганц ч хүн суудал тавьж өгөөгүй юм даа. Эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд төрсөн, төрөөгүй бүх л насны бүсгүйчүүд тэр автобусанд сандал эзлэн сууж байсан. Гэвч нэг нь ч тогоо шиг том гэдэстэй намайг “Алив энд суучих” гэж уриагүй. Энэ л үед “Хөл хүнд бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүйн учрыг асуу даа” гээд л дууны мөртүүд сэтгэлд үерлэж, хүний чанар яасан ч нимгэхэн, яасан ч сул болсныг биеэрээ мэдэрч явлаа. Өөдөөс яг л үзвэл үзэж байгаа юм шиг гэдэс рүү ширтэх хэрнээ сандал тавиад өгөх сэтгэлгүй тэр хүмүүсийг хараад бүсгүй хүн эрхгүй уйлмаар санагдсанаа ч нуумааргүй байна. Над шиг яг л ийм мэдрэмжийг мэдэрсэн ээжүүд зөндөө л бий байх...

Ийм үед жирэмсэн эмэгтэй хүн ямар ихээр энэ нийгэмд, энэ хүмүүст гомддогийг мэдэх үү. Ийм дурсамж сэтгэлээс салдаггүй юм. Уншигч таныг хүртэл энэ хорвоод авчрахын тулд ижий тань гоёл бүхнээ хойш тавьж, таны амийг бүрэн бүтэн ургуулахын төлөө өөрийгөө гаргуунд нь гаргасан биш билүү. Хүүхэд тээж байгаа эмэгтэй хүний гэдэс өдрөөс өдөрт томорсоор төрөх дөхөхөд уртхан амьсгаа авах нь бүү хэл хэвтэж, суухад ч бэрх л болдог юм. Хэчнээн их зовж байсан ч үрийнхээ төлөө, үрийнхээ анхны дууг сонсох тэр мөчийн төлөө тэр бүх зовлонгоо юман чинээ санадаггүй дэндүү уужим сэтгэл эх хүнд л байдаг. 

Ийм болохоор автобусанд хөл хүнд бүсгүй таарвал сандал тавьж өгөөрэй. Хөөрхий бүсгүйг ганц буудал газар ч гэсэн амраахыг бодоорой. Эрхэм таны ганц сайн үйл эх, үр хоёрыг баярлуулах нандин мөчийн эхлэл байх ч юм билүү. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл