solongonews
Эгэл амьдралын диваажин №4: Хоол тань эм байг, эм тань хоол байг ээ
2015-12-28 18:21
Эмч мэргэжилтнүүд аль болох биед амар түргэн боловсорч шингэх, байгалийн гаралтай хоол хүнс, боловсруулж нарийн ширхэгтэй болгосон биш, харин бүхэл үрийн үр тариа хэрэглэж, давс, чихрийн хэмжээгээ багасгахыг зөвлөх болсон нь учиртай.
Эрүүл байхад зөв зохистой, чанартай хоол хүнс юунаас ч эрхэм. Хүний ухамсрын мөхөл сөнөл, эрүүл мэндийн заналт дайсан бол “Амт” юм.  Амтны ноёрхол тогтсоноор хүний яс чанар алдагдаж, хийжүүлсэн ундаа, лаазалж нөөшилсөн бүтээгдэхүүн, амтлагч болоод давс, чихрээр “зодсон” хүнс бие эрхтнийг хүчилжүүлж, чулуужуулж, улмаар халдварт бус өвчний үндэс суурь нь болдог. Тэгвэл эмч мэргэжилтнүүд аль болох биед амар түргэн боловсорч шингэх, байгалийн гаралтай хоол хүнс, боловсруулж нарийн ширхэгтэй болгосон биш, харин бүхэл үрийн үр тариа хэрэглэж, давс, чихрийн хэмжээгээ багасгахыг зөвлөх болсон. Цэвцгэр цагаан гурил уу? бүхэл ширхэгийн бор гурил, үр тариа юу?
 
Хийжүүлсэн ундаа юу, тараг сүү юу? Бэлэн гоймон уу? гэрийн “лапша” юу? Энэ мэт сонголтын өмнө та бид өглөө бүрийг угтаж, үдэш бүрийг үддэг. Харамсалтай нь “за яахав, олон удаа идэх биш, гайгүй биз” гэх богино бодлоор өөрсдийгөө хуурч, шимтэй хэрэгтэй рүү нь биш, амттай, гоё сайхан савлагаа боодолтойд нь тэмүүлдэг нь нууц биш. 
 
Хийжүүлсэн ундааг тараг сүүтэй, бэлэн гоймонг гэрийн “лапша” –тай, цагаан талхыг бүхэл үрийн хар талхтай  харьцуулан тавьсан зураг
 Хоол хүнсээ сонгоно гэдэг эрүүл байхын амин гол үндэс байдаг шиг яаж хооллох вэ гэдэг нь хөтөлгөө морь лугаа зэрэгцүүлж авч явах зүйл. Хэт идэх нь хоол боловсрох системийг бүхэлд нь хямрааж, дутуу боловсруулдгаас биед их хэмжээний ялзрал үүсдэг. Тиймээс хэтрүүлж бүү ид. Тайван, баяр баясгалантай үедээ хоолло. Нэг дор 3-аас илүүгүй төрлийн хоол идэж бай.  Зөв байрлалтай сууж, сайтар зажилж идэж бай. Уруу гутруу, уур бухимдалтай үедээ хооллох дэмий. Идсэн зоог эерэг биш сөрөг энерги болж хувирдаг. Хэт халуун буюу хүйтэн хоол идэх хэрэггүй. Нар жаргахаас өмнө  хоолло. Учир нь нартай үед биед задралын үйл явц өрнөж, бүрэнхийд нийлэгждэг болохоор заавал нартай үед хооллохыг эрхэмлээрэй.  Давс, чихрийн хэрэглээгээ багасгаж, хүнс сонгохдоо орц найрлагыг нь заавал судалж, өөртөө болоод гэр бүлийнхэндээ  мөн өрөөл бусдад эрүүл өдрүүд, урт насыг хамтад нь бэлэглээрэй. Хоол тань эм байг, эм тань хоол байг ээ...
 
Гэгээ 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл