
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны Сайд Ван И БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэгтэй 2021 оны 07-р сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний үеэр Гадаад Харилцааны Сайд нар Хятад, Монголын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
