Бүсгүй хүний амжилтын алтан зарчмууд
2015-12-28 18:21
Хэд хоногийн өмнө найзуудтайгаа яриад сууж байхад бидний хооронд багахан маргаан үүсээд амжсан юм. Нас , туршлага хоёрын аль нь илүү давамгайлж байж ажилд амжилт, амьдралд аз жаргал ирдэг талаарх сэдэв бидний маргааныг өдөөсөн нь тэр. Магадгүй олон бүсгүйчүүд дуу нэгтэйгээр амжилт, аз жаргал олон оймс элээж, туршлага хуримтлуулсан хүнээс л гарна гэж хариулах байх. Гэхдээ амьдралд нас биш хуримтлуулсан туршлага, алдаа гаргасны ар дээр түүнээсээ суралцах нь амжилт, аз жаргал авчирдаг гэдгийг олон хүн нотлодог билээ.
Монголжингоо сайтыг уншигч та бүхэн 20, 30, 40, 50 гээд хэдэн настай байсан ч амжилттай, санхүүгийн боломжит, үлгэрлэн дагуулдаг бүсгүй болж чадна. Тэгэхээр улс төр, бизнес, урлагийн салбарт гялалзаж яваа бүсгүйчүүд ямар зуршил бий болгож, бусдыг бишрүүлж, гайхуулж явдаг талаар сонирхъё. Магадгүй таны эргэн тойронд байгаа дотны найз нөхөд эдгээр зөв хэвшлийг аль хэдийн дагадаг байж болох юм. Өдөр тутмын зөв хэвшил ажил, амьдралын хамгийн зөв хэвшил юм.
Нар мэт эрт манд
Эрт босох нь олон зүйлийн давуу талыг өгөх болно. Өдрийн 11.00, 12.00 цаг хүртэл унтахын оронд өглөө эртлэн босоорой. Толгой сэргэг үед ажлын бүтээмж илүү өсөх сайн хандлагатай. АМЖИЛТТАЙ, УХААЛАГ бүсгүй болмоор байвал нарны гэрлийг алгасалгүй хараарай.
Цагийг зөв хуваарилан төлөвлө
Олон тэмдэглэлийн дэвтэр цуглуулах дуртай бол жижигхэн хэмжээтэй дэвтэр гаргаад цаг бүрийг төлөвлөөрэй. Ажил болон сургууль дээрээ хийх ажил бүрийн төлөвлөгөөг гаргаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээ. Өөрийгөө таньж, мэдэхэд цаг зав гарга.
Дасгал хөдөлгөөнийг бүү орхигдуул
Эрүүл мэнд болон оюуны дасгал, хөдөлгөөнийг бүү орхигдуул. Чөлөөт цаг заваараа ном уншиж, өөрийн боловсрол үг, үйлдэлдээ анхаарлаа хандуул. Хэдий чинээ хөдөлгөөнтэй байх нь эрүүл бие, өөртөө итгэлтэй байдлыг төрүүлдэг. Магадгүй өглөө эртлэн босоод гараад гүйх, дасгал хийх нь өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, бүтээмжийг өсгөдөг.
Идэж буй зүйлдээ анхаарлаа хандуул
Хүн мөнгөөрөө хор эсвэл хоол худалдаж авч байна уу гэдэг асар том ялгаа. Хор гэдэг ангилалд эрүүл бус, буруу хэвшилтэй хоол хүнс багтана. Шөнийн 12 цагт хөргөгч онгойлгоод эхэлж байвал буруу хэвшилтэй байна гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй. Харин хэрхэн хоол худалдаж авч идэх вэ? Интернет, эрүүл мэндийн сэтгүүл бүрт байрлах хооллох зөвлөмжийн талаар уншаад хэрэгжүүлээрэй.
Зүгээр суух хормыг өөртөө бүү өг
Монгол ардын ухаанд нэг хоромд 15 минут багтдаг. Тэгвэл хором бүрийг алдалгүй өөрт хэрэгтэй зүйлийн төлөө дайчилж, эцсийн үзэх зорилгыг өөртөө тавь. Замын дундаас зорилгоосоо буцах туйлбаргүй хүний зан гэдгийг мэднэ биз дээ.
Бүү шантар
Шантрах хэрэггүй. Асуудал, бэрхшээл ямар ч ажилд саад болж, удаашруулах тохиолдол бий. Заримдаа тулгарсан бэрхшээлийг даваж чадалгүй алдах тохиолдол бий. Алдах бүртээ шантралгүй суралцах нь чухал гэдгийг сануулж байна.
Өнөөдрөөс эхэлж АМЖИЛТТАЙ, УХААЛАГ эмэгтэй болохын төлөө хичээгээрэй. Эс тэгвээс цаг хугацаа, залуу нас, эрч хүч гэдэг үүрдийн биш зуурдынх шүү.
Ари
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
