solongonews
Дээлтэй Монгол наадам өнөөдөр боллоо
2018-07-10 17:55
Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ өнөөдөр буюу 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг Монгол Улсын нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцож байна.

Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулж байгаагаас гадна эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулав. Наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулав.

“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, Уухай Монгол ТББ, Монголын Сурын холбоо, Гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “Амин тоонто” ТББ, Монголын Сурагчдын холбоо, Төмөр замын Дуу бүжгийн чуулга, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос болон Дээд Монголын төлөөлөл оролцсон байна.

Зохиогч: элтгэсэн: Х.Арвинтал, Ц.Урантунгалаг,
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл