solongonews
“Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага” Хөххотод болов
2016-04-26 19:53
“Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага” Хөххотод болов.

“Хятад-Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны  анхдугаар уулзалт ярилцлага” өнөөдөр буюу 4 дүгээр сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ны Хөххотод боллоо.

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл өнгөрсөн онд хамтран гарын үсэг зурсан “Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн солилцоо, хамтын ажиллагааны санамж бичиг”-т үндэслэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа болно.   

     Уг уулзалт ярилцлагад Монгол Улсын талаас МСНЭ-ийн Цахим мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо болон бусад холбоо, цахим сайтуудын сэтгүүлч, редакторуудын 23 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг оролцсон бол Хятадын талаас ӨМӨЗО-ны Солонго мэдээллийн төв, Умардын төв сайт, ӨМӨЗО-ны Радио телевизийн хорооны шинэ мэдээллийн төв, Хятадын Монгол хэлний сонин мэдээний сайт зэрэг байгууллага нэгжийн төлөөлөл оролцож, өөр өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар болон цаашид хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар санал бодлоо чөлөөтэй солилцож ярилцлаа.

Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан улам бүр өргөтгөх талаар хоёр улсын хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслүүд, цахим сайтуудын удирдлага болон сэтгүүлчид илтгэл тавьсан байна. Харилцан мэдээлэл, контент солилцох, ялангуяа Монголын уламжлалт соёл, боловсрол, уламжлалын дэвшилттэй мэдээ мэдээллийг харилцан тухайн улс орнуудын хэл бичгээр нийтлэх, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд уулзалт ярилцлагын гол зорилго оршино.

Хятад-Монголын интернэт цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлагын арга хэмжээний үеэр Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын солилцоо, хамтын ажиллагаа нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шилжиж байгаа анхны алхам бөгөөд интернэт цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хоёр орны нөхөрсөг харилцааг бэхжүүлж, хоёр орны иргэд хоорондын харилцааг ахиулахад нөлөөлнө хэмээн санал нэгдсэн байна.

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл