2017 он бол Хятад, Данийн аялал жуулчлалын жил юм. Саяхан Данийн Оденсе хотод болсон агаарын теннисний олон улсын тэмцээний үеэр Данийн тамирчин, агаарын теннисний шинэ од Виктор Аксельсен ХОУР-гийн сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тэр ярилцлагын бүх үйл явцад хятадаар ярьж, “агаарын теннис, хятад хэл хоёр бол миний амьдралын хамгийн чухал хоёр зүйл” хэмээсэн байна. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Дуань Шюэляний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
23 настай Аксельсен Данийн гурав дахь том хот Оденсед төрж өссөн байна. Энэ газар нь алдартай үлгэрийн зохиолч Х.Андерсены эх нутаг юм. Үлгэрийн өлгий нутагт төрж өссөнөө юу гэж боддог вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “маш гайхалтай” хэмээн хариулжээ.
“Явган алхаад Андерсены амьдарч байсан байшинд хүрнэ. Би сургуульд байхдаа олон удаа очиж байлаа. Миний бодлоор Оденсе бол сэлүүхэн газар бөгөөд энэ нь миний хувьд маш чухал юм.”

Агаарын теннисний аварга Виктор Аксельсен
2017 он бол Хятад, Данийн аялал жуулчлалын жил. Оденсед төрж өссөн Аксельсен түүний төрсөн нутаг Фунен арал, Оденсе хотын элчээр уригджээ. Тэрээр “Би энд ирсэн жуулчид Оденсегээр явган аялахыг санал болгодог. Учир нь явган алхаж байж л мянган жилийн түүхтэй энэ эртний хотын түүх соёлтой илүү гүнзгий танилцаж чадна” хэмээн ярьж байлаа.
“Оденсед олон сайхан парк бий. Хамгийн ойр нь гэвэл Мунке Мосе парк юм. Хотын төвд Андерсены гэр музей, олон эртний байшин цогцолбор байдаг. Энэ нь Хятадын жуулчдын хувьд харьцангуй сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Иймээс, ирсэн жуулчид Оденсе хотоор явган аялж, танилцахыг санал болгодог. Оденсед маш олон үзэсгэлэнтэй газар байгааг олж мэдрэх болно.”
Аксельсен Хятад улсад очиж тэмцээнд оролцох дуртай. Тэгээд зав гарвал Хятадын өөр өөр хотоор аялах бүр ч дуртай гэсэн юм.
“Би дэлгүүр хэсэх дуртай. Одоохондоо би чухам ямар хятад хоолонд илүү дуртайгаа олж мэдэж амжаагүй байна. Би олон төрлийн хоолны соёлтой танилцах юмсан гэж боддог. Гэхдээ тэмцээнд оролцох үедээ олон янзын шинэ хоол зууш хэрэглэх боломжгүй. Заримдаа ходоодонд муу байдаг тул энгийн үед өөрсдийн бэлтгэсэн хоол ундаа хэрэглэдэг. Хожим Хятадад очих олон боломж гараасай. Тэгээд Хятад маягийн олон янзын хоолны соёлтой танилцах юмсан гэж хүсэж байна.”

Аксельсен хятадаар ярилцлага өгөхдөө түгдрэхгүй ярьж байсан хэрнээ “Миний Хятад хэлний түвшин тийм ч сайн биш, улам сайжруулах хэрэгтэй” гэж даруухан хариулсан юм.
“Би үнэндээ Хятадуудтай ярилцах дуртай. Учир нь би хятад хэлээ улам сайжруулахыг хүсдэг. Тиймээс Хятад хүмүүстэй ярилцах нь надад их тус болно. Би Хятадын түүх соёл, агаарын теннисний Хятад тамирчдын тухай сонирхдог. Иймээс хятад хэлээ улам сайжруулахыг хүсэж байна.”
Аксельсен хувийн блог нээсэн бөгөөд булангаа тогтмол шинэчилж, Хятад найзуудтайгаа хуваалцдаг. Бас вийчат хэрэглэж, тэднээс хятад хэл сурах явцад тохиолдсон асуудлыг цаг тухайд нь асууж лавладаг болжээ.
“Би бараг өдөр бүр вичатаар Хятад дахь найзуудтайгаа харилцаж, машин барихдаа ч хятад дууны блог сонсох дуртай. Энэ нь хятад хэлний сонсож ойлгох чадвараа сайжруулахад тустай. Хятад хэл бол сурахад маш бэрх хэл учраас би цаашид улам хичээх хэрэгтэй.”

Данид Виктор Аксельсенийг бараг хүн болгон андахгүй сайн мэддэг. Агаарын теннисний энэ шинэ од сүүлийн үед олон тэмцээнд амжилттай оролцож, Риогийн олимпын эрэгтэй ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль авч, 2017 оны агаарын теннисний ДАШТ-нд аваргалж, Агаарын теннисний эрэгтэй ганцаарчилсан төрлөөр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн юм. Дэлхийн аварга, Данийн тамирчин Виктор Аксельсен тус улсын улам олон хүүхэд залуус агаарын теннисээр хичээллэхэд үлгэр дуурайл болж байна.
14 настай Асена Женсен бол Данийн агаарын теннисний спортод хорхойтой олон хүүхэд багачуудын нэг. Тэрээр 2017 оны Данийн агаарын теннисний олон улсын тэмцээнд охидын багийн тамирчнаар оролцжээ.
“Надад Аксельсенийг бишрэн дэмжих олон шалтгаан бий. Тэр маш сайн тоглодог. Тэмцээний дараа сурвалжилга өгөхдөө ямагт тайван байдаг. Ялагдсан тохиолдолд ч гэсэн адилхан. Бусад хүмүүс тэмцээнд ялагдвал сэтгэлээр унадаг. Харин тэр үргэлж тайван, хэвийн байдлаар ярилцлага өгдөг. Тэр фенүүдээ анзааралгүй өнгөрдөггүй. Хүн бүртэй заавал мэндчилдэг юм. ”
Аксельсен 6 настайдаа Оденсегийн агаарын теннисний клубт орж, хүүхэд ахуй цагаасаа дэлхийн аварга болох хүсэл мөрөөдөл тээсэн юм. Харин одоо хүүхэд залууст эерэг үлгэр дуурайл үзүүлэх нь түүний үүрэг хариуцлага болжээ.
“Спортод хорхойтой хүүхэд, залууст урам зориг өгөх юм сан гэж би бодож явдаг. Энэ бол миний хувьд чухал үүрэг хариуцлага юм. Тэд миний оролцсон тэмцээнийг үзээд “хожим агаарын теннисний тэмцээнд оролцон надаас илүү сайн тоглоно” гэж бодоосой гэж би хүсдэг.”
