Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нийслэлийн дүүргийн ИТХ-ын сонгуулийн явцын талаар шөнийн 02.30 цагт мэдээлэл хийлээ.

Нийслэлчүүд энэ удаагийн сонгуульд тун идэвхгүй оролцжээ. Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 48.8 хувь нь саналаа өгсөн байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгчээ.
Мөн нийслэлийн хувьд 295 мандатын төлөө 152 тойрог байгуулагдан ажилласнаас 73 хорооны ирц 50-аас дээш хувьтай бүрджээ.
Тойрог бүрээр авч үзвэл:
Сүхбаатар дүүрэг 35 мандат, 20 тойрогтойгоос 15 тойрогт сонгогчийн ирц 50-аас дээш хувьд хүрч, 5 тойрогт ирц дутжээ.




Хан-Уул дүүргийн 16 хорооноос 11 хороо 50-аас дээш хувийн ирцтэй байсан бол 5 тойрогт ирц хүрээгүй байна. Тодруулбал, тус дүүргийн 2, 3, 4, 11, 15 дугаар хорооны ирц хүрээгүй тул 14 байранд нэмэлт саналт хураалт явуулахаар болжээ.









Баянгол дүүрэг 23 хороотой. Үүнээс 15 хорооны ирц 50 хувьд хүрч, 8 нь ирц хүрээгүй байна. Тиймээс ирц хүрээгүй 3, 4, 5, 10 20 дугаар хорооны 17 санал авах байруудад нэмэлт санал хураалт явуулах аж.










Баянзүрх 28 хороотой, 4 хороонд ирц хүрсэн бол 24 нь хороо ирц хүрээгүй байна. Үүнд 2-5, 7-12, 14, 16-22 хороо багтжээ. Нийт 71 байранд нэмэлт саналт хураалтыг явуулахаар болсон байна.



Чингэлтэй дүүргийн 19 хорооны 4 хороо ирц хүрч, 15 хороо нь дутжээ. Нэмэлт санал хураалтыг 4, 5, 7-19 дүгээр хорооны 39 байранд авахаар болсон аж.



Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. Үүнээс 11 нь ирц хүрсэн бол 21 нь ирц бүрдээгүй байна. Сонгогчдын санал дутсан 1-5, 7 , 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 дүгээр хорооны 61 байранд нэмэлт санал хураалтыг зохион байгуулах ажээ.











Багануур дүүргийн тухайд 5 хороонд ирц хүрээгүй тул хоёр байранд санал хураалт явуулахаар болсон байна.
Харин Налайх, Багахангай дүүргийн сонгогчдын ирц 50-аас дээш хувьтай явагдаж, сонгууль амжилттай өндөрлөжээ. Ингээд дээрх сонгуулийн ирц нь 50 хувьд хүрээгүй долоон дүүргийн 79 хорооны 213 санал авах байрт нэмэлт санал хураалт явуулахаар болоод байгаа аж.
Ингэхдээ сонгогчийн санал 50 хувьд хүрээгүй тойрогт нэмэлт санал хураалт явуулах бөгөөд шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор хэрэгжүүлэх үүрэг өгчээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн тооцож, аравдугаар сарын 22, 23-ны аль нэг амралтын өдөр зохион байгуулахыг зөвлөсөн байна.
