Төрөх эмнэлэг дэх нулимстай тэмдэглэл
2015-12-28 18:21
Төрөх эмнэлэгт хэвтэх хугацаандаа ихийг ойлгож авсан юм. Эмэгтэй хүн биеэ хайрлахын учир, биеэ хайр гамгүй байлгавал бие минь биднээс тэр хэрээр хариугаа хэрхэн авдаг, учрал тохиолын алийг нь ч тааж мэдэхийн аргагүй тавилангийн хатуу жимийг эмэгтэй хүн хэрхэн хүчтэй сөрөн гарч байгаа гээд баяртай, нулимстай олон тохиолтой нүүр тулав.
Төрөх эмнэлгийн Төрөхийн өмнөх тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Амаржих хугацаа минь тун ойртсон ч умайн чангарал өгч, даралт ихэссэнээс арга буюу эмчилгээ хийлгэхээр хэд хонов. Хүүхдээ төрүүлээд эмнэлгээс баяр хөөртэйгөөр алхан гарч буй ээжүүдийг харахад өөрийн эрхгүй сэтгэл огшиж, хамар шархирах шиг болно.
Хэзээ би тэдний адил хэвлий дэх үрээ амар мэнд төрүүлээд эмнэлгийн хаалгаар гарч, гэрийнхэндээ шинэ зочноо танилцуулах бол гэхээс байж ядмаар. Тиймээс ч энэхүү тэмдэглэлээрээ дамжуулан жирэмсэн эхчүүддээ хандаж, хэвлий дэх хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж, жаахан ч гэсэн зүйлийг тоолгүй өнгөрүүлэлгүй элдэв ядаргаа, эрсдэлээс өөрийгөө, хүүхдээ хамгаалаасай гэсэндээ бичиж сууна.

Төрөх эмнэлэгт хэвтэх хугацаандаа ихийг ойлгож авсан юм. Эмэгтэй хүн биеэ хайрлахын учир, биеэ хайр гамгүй байлгавал бие минь биднээс тэр хэрээр хариугаа хэрхэн авдаг, учрал тохиолын алийг нь ч тааж мэдэхийн аргагүй тавилангийн хатуу жимийг эмэгтэй хүн хэрхэн хүчтэй сөрөн гарч байгаа гээд баяртай, нулимстай олон тохиолтой нүүр тулав.
Ор нь хүрэлцэхгүй болохоор төрсөн эхчүүд эмнэлгийн коридорийн өргөн зөөлөн буйдан дээр нялх үрсээ унтуулаад өөрсдөө сандлын ирмэг, өнцөг бараадан сууж байгаатай таарлаа. Хэчнээн ядарсан ч үр хүүхэд нь эсэн мэнд төрсөн болохоор тэдгээр ээжүүдийн нүд цаанаа л жавхаатай. Харин Төрөхийн өмнөх тасагт байдал өөр. Тэнд над шиг хүүхдээ хүлээн эмчлүүлж байгаа ээжүүд зөвхөн хэвтдэггүйг тэгэхэд олж мэдсэн юм.
Үүрийн 03.00 цаг болж байлаа. Манай палатныхан дөрвүүлээ. Даралт буураад овоо нойртой хоносон би гэнэт сэрчихлээ. Эмнэлгийн коридор нам гүм ч хэн нэгний чимээгүйхэн мэгшин уйлах дуу чихэнд хүрэв. Хэдэн сар хэвлийдээ тээсэн үр нь амьдрах чадваргүй гэдгийг мэдсэн хажуу орны бүсгүйн гомдол цөхрөл тэр байв. Хэдхэн цагийн дараа нар мандахад эмч нар түүний умайд эм тавьж өөрөөр нь төрүүлэхээр төлөвлөсөн юм. Энэ бол түүний анхны хүүхэд байсан болохоор гомдолд нь хязгаар үгүй гэдгийг бодох тусам би ч бас өмнөөс нь ихээр шаналж байв. Хэчнээн шаналлаа гээд нэмэр тус болж болдоггүй хорвоогийн энэ хатуу жамыг яалтай хэмээн сэтгэл өмрөхөөс өөрийг хийж чадаагүй.
Тэр бүсгүйн хувьд нэгэн компанид нягтлангаар ажилладаг бөгөөд компьютер дээр удаан суудаг, ажлын хэт ачаалалтай байдаг гээд олон зүйлсээ бидэнд ярьсан нь санаанд орлоо. Маш их ядардаг байсан ч ажлаа л хийгээд дуусгачихъя гэдэг сэтгэлээр хандсаар ирснээ ч нуугаагүй юм. Мэдээж, энэ бол онош биш ч нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг байж болохыг үгүйсгэх аргагүй. Одоо цагийн хүмүүс бид компьютергүй л бол амьдарч чадахааргүй мэт хязгаарлагдмал орчинд өөрсдийгөө хүлээд түүнийхээ золиос болоод ч байгаа юм шиг.
Угаасаа жирэмсэн хүн компьютер дээр удаан суух нь нэн хортой талаар эмэгтэйчүүд, эх барихын эмч нар уралдан ярьдаг. Гэтэл яалт ч үгүй амьдралын хэмнэл, хоолоо олж идэх хөшүүрэг нь энэ болчихоор бид яах ёстой юм бол.Уг нь бидэнд сонголт бий. Мэргэжлээ солих, ажлынхаа ачааллыг бууруулах, амрах. Энэ гурваас өөрсдөө сонгож, үрээ, биеэ бодох цаг болсныг амьдрал өөрөө бидэнд дахин дахин сануулаад байна уу.
Тэр шөнө бас нэгэн эмэгтэй манай палатанд хэвтлээ. Тэрээр 8 сар гарантай жирэмсэн бөгөөд тонус өгснөөс доошоо цус алдсан байжээ. Азаар ураг болон ихэст ямар нэг нөлөөгүй байсан учраас эмчилгээ хийлгэж хэвтрийн дэглэм барихаар болсон байв.
Өглөө болоход эмч нар ч тохирсон ёсоор эмчилгээгээ эхэлж, бүх зүйл төлөвлөсний дагуу үргэлжлэв.
Эмнэлгийн коридорт шинээр эмчлүүлэхээр ирсэн эмэгтэйчүүд, өнөө маргаашгүй төрөх дөхсөн эхчүүд хэдийнэ ор хүлээн сууцгааж байв. Сайндаа л 25 настай болов уу гэмээр бүсгүй манай тасагт хэвтэхээр орж ирэв. Ихээхэн зовиуртай, өвчтэй байгаа нь царайных нь баргараас илт. Бага сартай ураг нь хэвлийдээ амьгүй болсон тул ийнхүү иржээ. Түүнд цэвэрлэгээ хийх бөгөөд дараа нь эмчилгээ хийнэ хэмээн эмч нь хэлжээ.
Анхнаасаа л ихээхэн тонустай байсан түүнийг хяналтынх нь эмч хэвтрийн дэглэм 7 хоног сахихыг сануулж байжээ. Гэвч бүсгүй оронд нь 2 хоног л арай чамай хэвтсэн болоод буцаад ажилдаа орсон байна. Өглөө 9 цагаас үдшийн 22 цаг хүртэл компьютер дээр ачаалалтай ажилладаг тэрээр хажуугаар нь автомашин жолоодож байснаа ч бидэнтэй хуваалцлаа. Жирэмсэн үед автомашин жолоодох нь тонус өгөх, эхийг сандралд оруулах, тайван бус байлгах гээд олон сөрөг талтайг эмч нар хэлж байсныг тэрхэн үед саналаа.
“Нөхөртэйгөө 2 өдөр 2 биенээ харж тасралтгүй уйллаа. Үнэхээр хэцүү байна. Эмчийнхээ үгийг дагасан бол...” гэсээр хөөрхий эмэгтэй шаналлаа барьж ядаж байлаа. Энэ бүхнийг хараад хэний ч сэтгэл өмөрч, эмэгтэй хүн бүр ээж болох хувьтай төрдөг, тэр хувь заяаг энэ орчлонгийн хувь зохиолоос гадна өөрсдөө хайрлаж, хамгаалж байж гүйцэлдүүлдэг учиртай гэдгийг улам тодоор мэдрэх байсан биз. Тийм л болохоор зовсон тэдэнд хамгийн сайн сайхныг ерөөж, хөөрхий энэ бүсгүйчүүд дараа жирэмслээд элэг бүтэн амьдралыг цогцлоогоосой гэж чин сэтгэлээсээ хүсч суусан юм. Тэдний өмнөөс бурханд залбирч, уйлахдаа хамт уйлж, инээхдээ хамт инээсээр эмчилгээний хугацаа ч дуусав.
Энэ хооронд өнөөх 8 сартай жирэмсэн эмэгтэй бид хоёр эмнэлгээс гарахаар болов. Түүний бие ч сайжирсан тухай сонсоход сэтгэлд өег. Тэрээр ой гарантай бяцхан хүүхэдтэй, тэгээд өөрөө жирэмсэн болохоор стресс ядаргаанд орсноос ийнхүү тонус өгсөн байж ч болох л юм. Ямартаа ч тэмдэглэлийн маань нэгэн үзүүрт гэрэл гэгээ байсан нь энэ. Тун удахгүй амаржих болохоор тэрээр бие нь сайжирсанд бөөн баяр болсоор эмнэлгээс гарав.
Миний хувьд биеэ хайрласан нь бас л ховор. Ажилдаа хамаг бие сэтгэлээ зориулж, хэвлий дэх үрээ заримдаа мартчихсан явсан нь үнэн. Эмч нар тонустай байна, амар, хэвтрийн дэглэм барь гэхэд нь олигтой тоохгүй явсан бол энэ удаад эмнэлэгт хэвтсэнээр үнэхээр чухал болоод л эмч тэгж хэлдгийг ойлгож авсан юм. Гэртээ гарангуутаа л эмчийн заавраар хэвтрийн дэглэмээ барьж, нөхөр маань хоол унд хийж, хэвлий дэх үр минь хэрхэн тонгочин, өхөөрдөм хөөрхөн хөдөлж буйг мэдэрч байна.
Эмэгтэйчүүд маань жирэмсэн болсон л бол аль болохоор эрт эмчийн хяналтанд орж, эмчийнхээ зааврыг дагаж байгаасай.
Хэвлийдээ ураг тээж байгаа бол биеэ амрааж, ажлын ачааллаа багасгаж, ганц өөрийнхөө төлөө биш хэвлий доторх бас нэгэн бяцхан амийг хариуцан амьдарч буйгаа бүү мартаасай. Тээж буй хүүхдийнхээ төлөө бүхнийг хийж, тэднийгээ эрүүл энх төрүүлэхэд бүх зүйлээ зориулаасай. Ажил бол хэзээд олдоно. Харин үр хүүхэд гэдэг бидний амьдралын хамгийн том хөрөнгө, биднээс өөрсдөөс минь ч үнэтэй хамгийн том эрдэнэ минь шүү дээ.
Тиймээс жирэмсэн болсон цагаас эхлээд таны бие, сэтгэл, оюун ухаан тэр чигтээ шинэ амьдралын төлөө зориулагддаг. Жирэмсэн болсон анхны хормоос эхлээд таны хөх хүртэл сүү ялгаруулахдаа бэлтгэж хамаг хүчээ дайчлан ажиллаж, бие мах бод тань шинэхэн амийг эрүүл саруул өсгөхийн төлөө долоо хоногийн 24 цаг ямар ч амралтгүй ажилладаг биологийн хэмнэл байна. Бие минь хүртэл ингэж хичээж байхад бид өөрсдөө үүнээс ч илүү хичээх ёстой.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
