
Орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч гэж зүй ёсоор нэрлэгддэг Пьер де Кубертений мэндэлсний 160 жилийн ой энэ онд тохиож байна. “Кубертений мэндэлсний 160 жилийн ой тэмдэглэх” ажиллагаа, “Олимпын соёлын өдөр”-тэй болгохыг санаачлах ёслол 11 дүгээр сарын 25-нд Бээжингийн Хүйвэнь дунд сургуульд болжээ.
Гадаадын 15 улсын оюутны төлөөлөл, Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Спортын Их Сургууль, Бээжингийн Хэлний Их Сургууль, Төвийн дүрслэх урлагийн коллеж, Бээжингийн Хүйвэнь дунд сургууль, түүнчлэн арав гаруй бага сургуулийн багш сурагчдын төлөөлөл “Олимпын тунхаг”-ийн хэсгээс уншиж, Пьер де Кубертений “Спортын дуулал”-ыг эгшиглүүлж, олимпын нэрт зүтгэлтний 160 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэжээ. Энэ арга хэмжээнд оролцсон зочид, оюутан залуус, сурагчдын төлөөлөл “Олимпын соёлын хуйлмал”-ыг гар дээрээ дэлгэн гараас гарт дамжуулан үзүүлж, “Олимпын тунхаг-Үзэсгэлэнт сайхан олимпын соёлын хуйлмал”-ыг Хятадын Бээжин хотоос Францын Парис хотод уламжлах ёслол зохиосон байна.
“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпыг зохион байгуулсан Бээжин хот дэлхийн анхны "хос олимпын хот" болсон. 2022 оны 11 сарын 25-нд орчин үеийн олимпын хөдөлгөөн үүссэний 130 жилийн ойн өдрөөр Бээжин хот “Олимп ба хүн төрөлхтний хамтын үнэт зүйл” сэдэвтэй “Тяньтаний соёл иргэншлийн яриа хэлцэл, дэлхийн соёл иргэншил ба олимп" анхны форум зохион байгуулж, олимпын соёл болон Хятадын соёл харилцан уялдаж, гар нийлэн ирээдүйн зүг хамтдаа тэмүүлж буйг дэлхий нийтэд харуулж байсан юм.
