
Хятадын Монгол судлалын нийгэмлэгийн дарга Ү Туань-Ин 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Тунляо хотын орлогч хотын дарга Хао Мүрунд хандан “Монгол анагаахын хот”-ын гэрчилгээг гардуулав.
Тунляо хотын нутаг дэвсгэр дээр улаан мөхөлж, мана цэцэг, хуруувчин цэцэг, хөхөргөнийн үндэс, хурдан цагаан, догол өвс, борц өвс, цана цэцэг зэрэг 500 гаруй төрлийн сайн чанарын эмийн ургамал ургадаг бөгөөд тэдний 90 хувийг монгол эмд ашиглаж болно. Одоогоор “Дагуулагч аж ахуйн нэгж + суурин газар + тариачин айл”-ын эмийн ургамлын аж үйлдвэрийн хөгжлийн загвараар монгол эмийн ургамал тарьж ургуулах суурингийн нийт талбай 6420 га байгаа юм. Тунляо хот нь Чин гүрний үеийн алдарт монгол анагаах ухаантан Жамбалдоржийн төрсөн нутаг билээ.
Түүний “Монгол эмийн зурагт толь” нэртэй ном нь монгол анагаах ухааны тулгуур бичиг болсон юм. Тунляо хот нь Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Монгол анагаахын дээд сургууль, Монгол анагаах ухааны докторант хүмүүжүүлэх төв, Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн харьяа Монгол эмнэлэг зэрэг 10 эрдэм шинжилгээний байгууллага, мөн Хятадын 9 монгол эмнэлгийн байгууллага, 1357 монгол анагаахын боловсон хүчний нөөцтэй. Жилд дунджаар бакалавраас дээш зэрэгтэй монгол анагаахын чиглэлээр боловсрол эзэмшсэн оюутан 200 гаруйг хүмүүжүүлж байна.
2013 оноос хойш Тунляо хотын Засгийн газар нь монгол анагаах ухааны салбарт жил бүр 30 сая юанийн хөрөнгө оруулж “нэртэй аж ахуйн нэгж, нэртэй эм, нэртэй эмнэлэг, нэртэй эмч”-ийн төсөл хэрэгжүүлэн монгол анагаах ухааны аж үйлдвэрийн хөгжлийг дэмжиж байна.
