Америк дахин “301 тоот шалгалт”-аар дамжин худалдааг ивээх үзэл хэрэгжүүлбэл Хятад, Европын холбоо түүнийг хамтдаа эсэргүүцвэл зохино гэж БНХАУ-аас Европын холбоонд суугаа төлөөлөгчдийн бүлгэмийн Эдийн засаг худалдааны ажил хариуцсан элчин сайд Шя Шян энэ сарын 07-нд хэлсэн байна.
Тэрээр мөн өдөр “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа:
- Эдийн засгийн даяаршлын нөхцөл байдалд дэлхийн улс орнууд маш олон хүчин зүйл, элементээр харилцан зохицож байна. Хятад улс аж үйлдвэрийн их гүрний хувьд тус салбарын олон түүхий эд, сэлбэг хэрэгсэл, технологийн бүтээгдэхүүнийг Европын холбоо зэрэг хөгжингүй улс орнуудаас импортолж байна. Европын холбооны үйлдвэр худалдааны салбарын зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцох явцад "АНУ-ын дэгдээж буй худалдааны маргаанд ялагч гэж байхгүй. Зөвхөн олон улсын худалдааны дэг журмыг хохироох болно. “301 тоот шалгалт” эсвэл өмнө нь хэрэгжүүлсэн “232 тоот шалгалт”-ын аль аль нь худалдааг ивээх үзлийн үйлдэл мөн гэдгийг хэлж байна. Америк үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалахын төлөө гэж байгаа боловч хэрэг дээрээ худалдааг ивээх үзэл хэрэгжүүлж байгаа болохоор эцсийн бүлэгт зайлшгүй ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог сүйтгэх болно. Хятад, Европын холбоо иж бүрэн стратегийн түнш учраас худалдааг ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэн олон улсын худалдааны дэглэмийг хамгаалах ёстой гэсэн байна.
Энэ сарын 03-нд Америкийн Худалдааны төлөөлөгчийн тамгын газар "301 тоот шалгалт” гэгчийнхээ дүнгийн дагуу Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж авах нэрсийн жагсаалтыг нийтэлсэн ба үүнд Хятадаас импортлох 50 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн хамрагдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 05-нд мэдэгдэл нийтэлж, “301 тоот шалгалт”-ын дагуу Хятад улсаас импортлох 100 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж авах тухай саналыг Худалдааны төлөөлөгчийн тамгын газартаа санал болгосноо мэдэгдсэн юм.

