solongonews
Гэрийн хана
2017-08-21 11:03
“Ханын нүдээр хорвоог харан хэвтэхэд /халуун зэрэглээнд өргөн тал төмбөлзөнө/ хаанаас ч юм бэ нэгэн газраас миний сайхан аав/ ханиасхийгээд наддаа ирэх шиг бодогдоно” гэж хэдэн жилийн өмнө бичиж байсан нэгэн шүлгээ эргэцүүлэхэд би нутгаа саналаа.

  Хангайн салхи сэвэлзэн хонгортон туялзсан, хоноод боссон манан хурын үүлэнд нийлсэн, хөвчийн битүү моддоос шувуудын донгодох дуун анирдсан, хөх талын элгэнд сүргийн нуруу цайлзсан… Тийм л сайхан онгон дархан байгаль нүдэнд минь харагдах шиг болж, би яг ханын нүдээр нутгийн байгалиа, эх орныхоо уул ус бүгдийг дэлгэн харж байх шиг боллоо. Хаяанаасаа үргэлжлээд байгаль дэлхийтэйгээ залгачихдаг монгол нутаг минь сайхан юм. Уул ус, байгаль орчны сайхныг хэлэхээр амь ахуйн орчин тойрон аяндаа яригдах нь зүй.

Амь ахуй бол хүн ардын оршин амьдрах чухал нөхцөл учраас Өвөр Монголчууд маань аль эртнээс амь ахуйг амь голтойгоо холбож, харах нүднийхээ цөцгий шиг хайрлаж хамгаалан бүтээн байгуулсаар ирсэн аж.      

Эх улсын умард хилийн амь ахуйн халхавч болсон Өвөр Монгол орны  амь ахуйн байдлыг улс орноос ч дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, урьд хожид “Умардын гурван орон”-ы халхавч ойн бүтээн байгуулалт, Бээжин, Тянжиний эргэн тойрны салхи элсний эхийг засах, тариалахыг зогсоож өвс мод тарих, байгалийн ойг хамгаалах зэрэг улсын том чухал төслийг Өвөр Монгол оронд хэрэгжүүлснээр манай орны элсэрхэгжлийг засах ажил “Бүх талаар хориглож, хэсэг талаар сайжирсан” амжилтад хүрсэн байна. 

Өвөр Монголын баруунаас зүүн зүгт говь элс, тал цайдам, хөвч хангай, уул нурууд гэх зэрэг олон янзын газрын дүрстэй ба тус тусдаа амь ахуйн өвөрмөц онцлогтой байдаг. Ерөнхийдөө ган хуурай, салхи ихтэй, амь ахуйн орчин хэврэг байдаг ч бүх орны амь ахуйн бүтээн байгуулалт жил бүр 666 мянган га хурдцаар урагшилсаар байна. Үүний гавьяа нь үй олон хөдөлмөрчин олон түмний шаргуу хатуужилтай, шантрашгүй хөдөлмөртэй салшгүй холбоотой. Өвөр Монголын хүн амын харьцал бүх хятадын хүн амын 1.8 хувьд ч хүрэхгүй атал хүний хүчээр тарьсан ойн талбай нь бүх хятадын хүний хүчээр ойжуулсан талбайн 10 хувиас давж, элсийг зассан талбай нь бүх хятадын элсийг зассан талбайн 10 хувиас давсан байдаг. Тэдний дундаас Алшаа аймгийн “Говийн тоорой” гэж алдаршсан Сүхээ, анхдугаар удаагийн бүх хятадын боловсон гэр бүлийн нэгээр хөхүүлэгдсэн Төв батынхан, 60 шахам жил элсийг засан хөрсийг сэргээх ажилд хойш суулгүй зүтгэсэн Ордсын Жав… зэрэг олон арван төлөөлөгч хүмүүсийг дурдаж болно. Өвөр Монголын тав дахь удаагийн элсэрхэгжил ба цөлжилттэй газрыг шалган байцаасан дүнгээс үзэхэд Өвөр Монгол элсэрхэгжсэн газар ба цөлжсөн газрын талбай нь 2004 оноос хойш 10 жил дараалан хасагдах хандлагаа баталж, нийт 3432 км2 хасагдаж, орны 5333 мянган га тариа, 10 сая га үндсэн бэлчээр ой шугуйн  хамгаалалттай болжээ.

Өнгөрөгч оны 9 дүгээр сараас эхлэн Өвөр Монгол орон хоёр дахь ээлжийн тал нутгийн амь ахуйг бүтээн байгуулж хамгаалах нөхвөр ба шагналын тогтцын төрийн бодлогыг хэрэгжүүлсэн юм. Нэгдүгээр ээлжийн таван жилийн хугацаанд Өвөр Монгол орон 2004 сая төгрөгийн хөрөнгө оруулж, 68 сая га бэлчээр ба 1460 мянган малчин өрхөд ашиг хүртээсэн юм. Түүний дүнд тал нутгийн өвсний бүрхцийн норм 44 хувьд хүрч, энэхүү төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс өмнөхтэй харьцуулбал зууны харьцлаар 7 хувь нэмэгдсэн байна.

Ой шугуй бол салхи элсийг халхлахаар барахгүй, агаарыг цэвэршүүлэх нөлөөтэй гэдгийг Өвөр Монголчууд аль эртнээс ойлгосон бололтой. Аль хэдийнээс ойжуулалтыг чухалчилсаар ирсэн. 1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан эхний үед ойт газрын талбай 9.13 сая га байж, ой шугуйн бүрхцийн нором 7.73 хувь байв. 2013 онд Өвөр Монголын долоодугаар удаагийн ой шугуйн эх баялгийг бүртгэсэн байдлаас үзвэл ойт газрын талбай 24.86 сая га болж, ой шугуйн бүрхцийн норм 21.03 хувь болж нэмэгдэсэн байна. Өдгөө ой шугуйн талбай нь бүх хятадын түрүүнд жагсаад байна. Бүх орны хэмжээнд 712 төрлийн хээрийн сээртэн амьтан, 2781 төрлийн зэрлэг ургамалтай болсон. Голын урсгал, нуур цөөрөм, нуга намаг, зохиомол нуга газар зэрэг дөрвөн том хэлбэрийн 19 төрлийн нуга газартай байж, ерөнхий талбай нь 6000 мянган гад хүрсэн ба хятад улсын гуравдугаарт ордог. Ой шугуйн системийн байгалийн хамгаалалтын 150 оронтой бөгөөд ерөнхий талбай нь 10.46 сая гад хүрдэг. Түүний дотор улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын 24 орон, ерөнхий талбай нь 3265 мянган га бий.

Ханын нүдээр хархад хорвоо дэлхий гоёхон. Өн өргөн Өвөр Монголын тал нутагт хөх тэнгэр цэлийж, хөвөн үүлс цайлзан, өвс бэлчээр халиран үхэр хоньд бэлчиж, хүн ард зол жаргалтай аж төрж байгаа эх улсын умардын үзэсгэлэнт сайхан үзэмжийн орон зураг шиг өнгө ялгаран тодорно…

Зохиогч: Бүрэнбаяр
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Амьдрал Гарагийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл