solongonews
“Навчин хээ-2” уралдаан өндөрлөв
2017-12-27 20:55
12-р сарын 24-нд БНХАУ-ын Ганьсү мужийн Жан-Е хотноо Халх ардын уртын дууг төгс дуулах “Навчин хээ-2” уралдаан бүрэн дүүрэн амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус  уралдааныг Ганьсү мужийн Жан-Е хотын монгол үндэстний Цох сумын малчин Ц.Навч  Халх ардын дууг бүрэн гүйцэд, зөв дуулж, үр хойчдоо бүрэн бүтнээр нь уламжлахыг  хүсэж, энэ уралдааныг санаачлан зохион байгуулдаг юм. Тэрээр, уралдаанд оролцсон  туршлагаа дүгнэн, нэг буюу хоёр бадгийг бүтнээр нь дуулж, бусад бадгийг айзам  хөгтэй шүлэглэн унших хэлбэрээр дууны үгийг бүрэн гүйцэд хүргэх арга сэдэн,  өнгөрсөн жил анх удаа зохиож, энэ жил хоёр дахь удаагаа улам өргөн цар хүрээтэй  зохион байгууллаа. 

Халх  ардын уртын дууг төгс дуулах “Навчин хээ-2” уралдаанд БНХАУ-ын Ганьсү мужийн  Жан-Е хотын Монгол үндэстний Цох сум, Жан-Е хотын Сүнань шяний Монгол үндэстний  Баян сум, Алшаа аймгийн Алшаа баруун хошуу зэрэг нутгаас гучаад дуучин оролцож,  Жан-Е хотын Сунань шяний Баян сумын малчин Туналжин “Дэлгэр сайхан зуны сар”  дуугаар тэргүүлж, Жан-Е хотын Цох сумын Улаанбулаг гацааны малчин Бодьцэцэг,  Алшаа баруун хошууны Алтанцог сумын малчин Энхбаяр хоёрдугаар байр, Алшаа баруун  хошууны Батбагана, Жан-Е хотын Цох сумын Улаанбулаг гацааны малчин Батцэцэг,  Нямаа нар гуравдугаар байранд орж, Жан-Е хотын Цох сумын Улаанбулаг гацааны  малчин Батцэнгэл, Ренчинсоо, Цэцэн, Алшаа баруун хошууны Соёлт, Чимэд, Осоржумаа  нар тусгай байр эзэлсэн байна. Мөн Гарданпэрэнлэй, Хурцбилэг, Тэргэл, Санжаа  зэрэг бяцхан авьяастнуудыг шагнаж урамшуулжээ. 

“Навчин  хээ” уралдаан хол ойрын эрдэмтэн судлаач, уран бүтээлчдийн гүн хүндэтгэл,  нутгийн зон олны халуун дэмжлэгийг авсан халуун дулаан уур амьсгалтай, утга  төгөлдөр, нөлөө бүхий арга хэмжээ болж өндөрлөжээ. БНХАУ-ын Монгол судлалын  байнгын хэрэг эрхлэгч, Ойрад соёлын зүтгэлтэн, Баруун хойтын үндэстний их  сургуулийн профессор Ц.Чойдандар, Монгол уртын дууны өв залгамжлагч, БНХАУ-ын  нэгдүгээр зэргийн уран сайханч, уртын дуучин Алтанцэцэг, БНХАУ-ын хоёрдугаар  зэргийн уран бүтээлч, ӨМӨЗО-ны дуучин А.Баяр, Алшаа аймгийн Уртын дууны  нийгэмлэгийн дарга, Халх Ойрадын дуу судлаач Эрдэнэдалай, Алшаа баруун хошууны  Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч, яруу найрагч, ардын  дуучин Насанхүү зэрэг алдартнууд шүүгчээр ажиллаж, өндөр үнэлгээ өгсөн байна. 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл