solongonews
Хорго
2017-09-19 15:17
“Шанхай хийцтэй бандуути нь, шагналд ирсэн бэлэг юм аа хө, шаламгай сайхнаар ажиллалаа гээд сайшааж өгсөн радио юм даa хө” хэмээх дуу нь 70,80-аад онд радиогоор дэлгэрч байжээ.

90-ээд оны эхэн хүртэл манай өвөө шанхай хийцтэй радио тэврээд явдаг байлаа. Хар өглөө босмогц радиогоо нямбай арчиж, эргүүлэн нээнэ, заримдаа бүр “эхлэх хөгжим, нэвтрүүлгийн агуулга” ч болоогүй шаржигнуулна. Радиогоо сонсон цайгаа ууж, ажлаа эхлүүлдэг байсан билээ.

Харин шөнө болохоор л үлгэр сонсож, “Гурван улсын үлгэр”, “Шүй хүүгийн үлгэр” гэхчлэн хуурын үлгэрийг нь дахин дахин сонссоор байгаад үйл явдлыг нь цээжилчихсэн байдаг. Зуны сайхан орой, радиогоо гэрийн хорго дээр тавьж, үхэр мал хонь, тугал нь ч яруу сайхан эгшигт нь үүрэглэж, огторгуй цэнхэртэж, одод тормолзоод шүлэг зургийн ертөнцийг санагдуулмаар болдог.

Өвөөгийн радио үнэхээр мэргэн, тив дэлхийд юу болж байгааг дамжуулан сонордуулдаг. Өглөө, орой бүр мэдээ нэвтрүүлж олон улсын төр гүрний байдлаас эгэл жирийн хүмүүсийн тухай хүртэл нь тоочиж, нам төрийн бодлогыг ухуулан ярьж, удирдан дагуулдаг байлаа.

Үнэхээр монгол гэрийн хорго авдар дээрээ хүмүүс сонин, радио, захидал захиа тавьж байснаасаа телевиз тавьж, одоо бүр интернэт сүлжээний хайрцаг тавьдаг болсноос үзэхэд тэр биеэрээ Өвөр Монголын мэдээлэл холбооны түүхийг харуулсан байж таарна.

Цахилгаан мэдээлэл холбоо нь хүмүүсийг цаг мөч бүр дөрвөн зүг найман зовхистой холбож чаддаг. Хөдөө нутагт сураг чимээ хайж мэдээ занги олох ганц боломж нь өмнө нь захидал, аман захиагаар биелэгддэг байсан бол одоо малчид хоромхон төдийд өдрийн замыг товчлон, алган дээрх гар утсаараа бие биенээ харж ярилцдаг болов.

“Шуудан холбоо, мэдээллийн одоогийн хөгжил санаанд байсангүй” гэж үргэлж ярьдаг. Тэрээр өмнө нь шууданчийн ажил хийж, явган, дугуй, мотоциклоор захидал чимээ хүргэж байжээ. Одоо харин хүмүүс ганц гар утас авбал аливаа явдлыг бүгдийг шийднэ.

80-аад онд сум сууринд ээлжийн машин тэрэг нэвтэрч, захидал  чимээ,  сонин  сэтгүүл  ээлжийн машнаар дамжин явах болсон нь шууданчийн ажлыг хөнгөлдөг байлаа. Түүгээр үл барам захидал чимээний дамжуулга шинэ шатанд алхам алхмаар ахиж байсан юм.

90-ээд он болоход хот хөдөөгийн мэдээлэл холбооны өрнүүн хөгжлийн цаг үе болж, Хятад улс хөдөө тосгоны мэдээлэл холбоон дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тосгон бүрд утас нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж, гар утас, интернэт сүлжээг түгээмэл болгож эхэлжээ.

Хятадын интернэт сүлжээ, мэдээлэл холбооны төвийн нийтэлсэн хамгийн шинэ бүртгэлийг үндэслэвэл, 2017 он болтол Хятадын гар утасны сүлжээний хэрэглэгч 701 саяд хүрч, мэдээлэл холбооны гар утасны хэрэглэгчид 1310 сая, гар утасны интернэт худалдан авах хэрэглээгийн харьцал 42.4 хувь байсан бол  54.8 хувь болж нэмэгджээ.

Малчин тариачдад радио телевиз, мэдээлэл холбоог тэгш эдлүүлэхийн тулд Хятад улс 2008 оноос эхлэн шууд нэвтрүүлгийн хиймэл дагуулыг баг тосгон бүрт нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэв. 2012 оны сүүл болтол Хятад улс, ӨЗО-оос нийт 700 сая юанийн хөрөнгө оруулж, 1780 мянган малчин тариачин өрхийн телевиз үзэж, радио сонсох асуудлыг шийдээд, радио телевизийн олон нийтийн үйлчилгээний шууд нэвтрүүлгийн хиймэл дагуулыг өрх бүрд нэвтрүүлэх ажлыг хийсэн байна.

2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Хятадын хөгжил өөрчлөлтийн зөвлөл, аж үйлдвэржилт мэдээ мэдээллийн яам, Төвийн сүлжээний аюулгүй байдал ба мэдээ мэдээллийн албанаас Өвөр Монголыг Хятадын том датагийн ерөнхий туршилтын орноор зөвшөөрснөөр Өвөр Монгол Хятад улсын цорын ганц суурь төхөөрөмжийг нэгдсэн байдлаар төлөвлөн хөгжүүлэх төслийн улсын том датагийн ерөнхий туршилтын орон, мөн Хятад улсын том датагийн ерөнхий туршилтын орон болсон анхны үндэстний цөөнхийн өөртөө засах орон болсон юм.

Ийнхүү Өвөр Монгол нь мэдээлэл холбооны үйлсэд том датагийн цаг үеэ угтаж, дэлхий дахины анхаарлыг татаж эхэллээ.

Энэ мэтээр авдар хорго дээр тавиастай шанхай хийцтэй бандуутий арав хорин жил болоогүйгээр “амралт” авч, хиймэл дагуулын телевизээс эхлээд нийтээр зардаг WIFI хүртэл хөдөө нутагт түгээмэл болж, хүн бүхэн түүний ашгийг хүртэн, хөдөө нутгийн “хөмөрсөн тогоо мэт” байдал ор мөргүй замхран одов. Одоо мэдээлэл холбоо нэвтэрсэн малчин түмний хараа нь тэлж, бодол сэтгэл нь тунгалаг, цагийн өнгөний алхааг айзам хэмнэлтэй сайхан дагаж явна.

Зохиогч: Соёмбо
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Амьдрал Гарагийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл