solongonews
Хурдан хүлэг “ Унага”-ын алдаршил
2016-07-17 22:14
Хурдан хүлэг “ Унага”

 


Наранцогтын охин Алтанцэцэг нөхөр Зоригтын хамт аавын үлдээсэн хурдан хүлэг "Унага”-ын цолыг алдаршуулах наадмыг зохион байгуулав.
“Унага” бол Сөнид нутгийн хурдан хүлгийн нэг билээ. Орон нутаг, хошуу сумны наадамд 60 гаруй удаа тэргүүлж, 110 гаруй удаа удаалж явсан энэхүү хурдан хүлэг энэ жил 28 настай. Орон нутгийн найр наадамд одтой давхиж хошуу нутагтаа яруу алдар авчирсан “Унага”-ыг 2015 онд хошууны Ардын Засгийн ордноос дархан цол хүртээсэн юм. Тус хүлгийг хурдан хүлэг хэмээн таньж, уяж сурган, найр наадамд уралдуулсан Наранцогт бол монгол эр хүний ухаан чадвар бүрдсэн сайн уяач, сайн бөх, цэцэн харваач байсан бөгөөд ажил хөдөлмөрт гавшгай, ард түмэндээ үнэнч шударга хүн байсан юм.


        Хурдан хүлэг "Унага”-ын цолыг алдаршуулах наадам эхлэхэд эрдэнийн  хүлэг “Унага”-ын дархан цолыг нь дуудан, арц санаар ариутган, амгалан сэтэр зүүлгэн хазаар ногтыг нь авч соргог бэлчээрт тавин явуулж билээ. Наадмын морин уралдааны их насны уралдаанд Санбулаг сумын Шинэбулаг гацааны нэрт уяач Элбэгбаярын хээр халзан морь тэргүүлж, дааганы уралдаанд Эрээннуур сумны Рашаант гацааны залуу уяач Буянхишигийн бор даага тэргүүлж, хурсан олноо баясгав.
        Алтанцэцэг Зоригт хоёрын аав ээжийнхээ үлдээсэн өвийг сайхан эдэлж, аавын үлдээж өгсөн хурдан хүлгийг нүүдэл мал аж ахуйн зан мөрөөр дархалж сэтэрлэсэн эрхэм нандин ёс нь үнэхээр магтууштай. Хурдан хүлэг “Унага” минь эх байгальдаа эрх дураараа тоглоорой. Хурдан хүлэг “ Унага”-ын нутгаас олон хурдан хүлэг гарах болтугай. 

Зохиогч: Баянжаргал
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнгол
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл