● Даашинзны эрэлд МААРШ!
Даашинзаа хэрхэн сонгож, юунаас эхлэхээ мэдэхгүй сандарч догдолж сууна уу? Тэгвэл эхлээд даашинзны эрэлд гарцгаая. Даашинзаа дэлгүүрээс бэлнээр худалдан авч болно, түрээслэж болно, захиалгаар хийлгэж болно, онлайн дэлгүүрүүдээр ч захиалж авч болно. Гэхдээ үүнийхээ өмнө хуримын хувцасны нэг ч гэсэн дэлгүүрээр ороод, ер нь өөрт тань ямархуу хэв загвартай даашинз гоёмсог харагдах болохыг үзээрэй. Сүүлийн үед зарим бүсгүйчүүд маань чадварлаг монгол дизайнеруудын урласан монгол дээлний загвартай хуримын даашинзыг ч мөн сонгодог болсон байна лээ.
● Загвар нь ямар байвал зүгээр бол?
Хуримын даашинзны маш олон загвар байдаг. Гол нь таны бодож хүсч байгаа загвар, биед тань тохирох загвар хоёроо маш сайн бодолцож байж сонголтоо хийгээрэй. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн тань биед таарч тохирох, эвтэйхэн даашинзыг сонгоорой.

Цээж, бүсэлхий, өгзөг, гуя хэсгээр барьсан өвдөгнөөс доош дэрвийсэн хормойтой даашинзыг “Mermaid” буюу “Загасан” даашинз гэдэг. Үүнийг мөр өгзөг тэгш хэмжээнд, мөн бэлхүүс нарийн, бидний хэлж сурснаар 90:60:90 харьцаатай туранхай гоолиг бүсгүйчүүд өмсөхөд тохиромжтой. Өө сэвийг далдалдаггүй учраас лийрэн хэлбэрийн галбиртай бүсгүйчүүдэд зохимжгүй.
Цээж, бүсэлхий хэсгээр барьсан, бүсэлхийнээс доош хормой нь бөмбийсөн даашинзыг бөмбөгөр хормойтой Сиси даашинз буюу “Ball gown” даашинз гэдэг. Үүнийг ямар ч галбиртай эмэгтэй өмссөн сайхан зохидог. Өө сэвийг сайн нууж өгдөг бөгөөд гоёмсог, ихэмсэг, сүртэй харагддаг.

Мөр, цээж хэсгээр барьсан, хормой доош унасан загварын даашинзыг “Empire waist” загварын даашинз гэдэг. Өргөн гуя, өгзөгтэй, өндөр харагдахыг хүссэн бүсгүйчүүд сонгохыг зөвлөж байна.

Энэ бол “A-line” загвартай даашинз. Туранхай харагдаж, өгзөг гуяныхаа өө сэвийг нуухыг хүсвэл энэ загварын даашинз танд тусална. Харин үнэхээр гоё модель биетэй бол ийм даашинз биеийг тань тийм ч тодотгож харуулж чадахгүй.

Шулуун даашинзны загвар буюу “Sheath or Column” загвар. Орчин үеийн, загварлаг шийдлүүдийг дотроо агуулсан байдаг. Ерөнхийдөө туранхай бүсгүйчүүдийн сонголт болдог.

Мэдээж ямар ч даашинз сонгосон гивлүүр, бээлий, ээмэг зүүлт, толгойн гоёл, титэм зэргийг хүссэн загварынхаараа зүүж болно.
Нэмж хэлэхэд http://www.calculator.net/body-type-calculator.html энэ сайтнаас өөрийн биеийг ямар галбиртай болохоо цээж, бүсэлхий, өгзөгний тойргийнхоо хэмжээг оруулан мэдэж болох юм байна лээ шүү.
● Харин одоо үнийн тухайд?
Мэдээж та ямар даашинз сонгохоос хамаараад үнийн дүн янз бүр.
Бэлэн зарагдаж байгаа даашинз худалдан авах:
Хуримын даашинз бэлнээр худалдаалдаг Aolisha, Etno salon, Gabaya Glamour Boutique зэрэг хэд хэдэн дэлгүүр, салонууд бий. Эдгээрээс даашинз, бусад гоёл чимэглэлүүдийн хамт авахад дунджаар 1 сая төгрөг гаргаад авдаг юм байна лээ.
Түрээслэхэд:
Дээр дурьдсан дэлгүүр, салонууд ч мөн адил түрээсийн үйлчилгээ явуулдаг. Үнийн хувьд 400.000-1.000.000 төгрөгний хооронд болдог. Мөн хувь хүнээс түрээсэлж болно. Ингэж түрээслэхэд даашинз, бусад гоёл чимэглэлтэйгээ нийлээд дунджаар 200.000 - 400.000 төгрөгний хооронд бөгөөд барьцаа болгож дунджаар 300.000-600.000 төгрөг авдаг юм байна лээ. Гэхдээ мэдээж та барьцаа мөнгөө буцаан авна.
Гаднаас захиалах:
Сүүлийн үед бүсгүйчүүд маань их захиалдаг болсон. Давуу тал нь мэдээж эндээс авснаас бага зардал гардаг боловч гар дээр авахад таны биед таарахгүй байх тохиолдол гарч болзошгүй. Жишээ нь: Урд хөршөөс захиалж авахад дунджаар бүх зүйлтэйгээ нийлээд 500.000 төгрөг болдог.
Захиалгаар хийлгэхэд:
Хайрын хурим, Precious fashion house, Торго зэрэг салонууд болон хувь хүмүүс захиалгаар урладаг. Үнэ нь материалаасаа хамаараад дунджаар 800.000-1.500.000 төгрөгний хооронд болдог юм байна лээ. Мэдээж зөвхөн таны биед таарсан, таны сэтгэлд таалагдсан цор ганц даашинз таных болно.
