
- Монгол Улсын академийн цол хүртэж, Алтан Гэрэг одонгоор шагнуулаа. Энэ хүндтэй одонгийн эзэн болсон сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцана уу?
Тийм ээ. Үнэхээр их баяртай хүлээж авсан. Энэ шагналыг гурван талыг бодож надад өгсөн гэж ойлгож байна. Нэг. Монгол үндэстний түүхэн уламжлал, төрт ёсны уламжлалаар Япон улсад докторын зэрэг хамгаалж, Монгол үндэстнийхээ түүхийг ирээдүйд зөв таниулах гэдэг бол соён гэгээрүүлэх үйлсэд үзүүлж байгаа асар том хувь нэмэр гэж үнэлсэн. Хоёр. Өвөр Монголын Хөдөө аж ахуйн Их Сургуульд олон жил багшилж Хятад улсын Өвөр Монгол болон Монгол Улсын маш олон оюутан залууст эрдэм мэдлэг түгээсэн багш хүний хувьд олгосон. Гурав. Миний гүйцэтгэж байгаа Өвөр Монголын мал аж ахуйн нутгийн нөөц баялгийн хамтын ажиллагааны эвлэл нь маш олон шилдэг бүтээгдэхүүнтэй. Өөрийн онцлог бүтээгдэхүүн, брэндээрээ зөвхөн гэр орон биш бүс нутгийн хэрэглэгчдэд хүрэх боломжийг олгосон шилдэг удирдлага хэмээн тус шагналыг гардуулсан болов уу.
- Та хэзээнээс, ямар учраас болоод хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд анхаарч эхэлсэн бэ?
2002 онд Монгол үндэстний хааны архивын талаар судалгаа хийж доктор цол хамгаалсан. Тэгээд Япон улсад хоёр жил ажиллаж байгаад 2004 онд Японоос Хөлөнбуйрт буцаж ирээд байхад нэгэн өглөөний цайн дээр аав минь ярьж байна. "Миний хүү олон жил шинжилгээ судалгаа хийлээ. Одоо энэ малчдынхаа төлөө нэг юм хийхгүй юу?" гэв. Тэр жил би аавынхаа үгээр Хөлөнбуйрын дөрвөн хошуугаар хоёр долоо хоног явж хээрийн шинжилгээ судалгаа хийсэн. Бодит байдлыг хараад үнэхээр цочсон. Миний багын үеийн амьдрал, байгаль орчин, хүн хүний хоорондох харилцаа бүгд өөр болсон байв. Малчдын амьдрал жил ирэх тусам муудаж байгааг хараад энд асуудал бий гэдгийг судалсан. Тэгээд мал аж ахуйн үйлдвэрлэлийн судалгаа маань эхэлж, энэ хэдэн жилийн шинжилгээ судалгааны гол асуудал нь малчдын үйлдвэрлэлийн систем өөрчлөгдсөн, нүүдлийн мал аж ахуйгаас суурин мал аж ахуйд шилжсэн, малчид бүс нутгаа хөгжүүлье гэсэн нэгдсэн ойлголт дутмаг, хувь хувиа бодож байгаатай холбоотой гэдгийг ойлгосон. Махны үнэ энэ хэдэн жил тогтворгүй хэлбэлзэж, 2015, 2016 онуудад жил дараалан махны үнэ унасан нь хэсэг малчдыг хүнд байдалд оруулсан. Өөрөөр хэлбэл малчид амьдралаа зохицуулах, бүтээн байгуулалт хийхэд нарийн тооцоог хийх хэрэгтэй. Хэмнэх зүйлээ хэмнэх, малчид хамтран хоршоо байгуулж, багтаа малын ашиг шимийг боловсруулах аж ахуйн нэгжтэй болох нь чухал. Төр Засгийн бодлого дэмжлэгийн хүчээр 2017 оноос махны үнэ жаахан өссөн.


- Таны хариуцаж байгаа Өвөр Монголын мал аж ахуйн нутгийн нөөц баялгийн хамтын ажиллагааны эвлэлийнхээ талаар сонирхмоор байна?
Малчин болон Засгийн газар хооронд гүүр болох ажлаа өрнүүлэх зорилготой байгуулсан. 2016 оны эхээр эвлэл байгуулах бичиг баримтаа авснаас хойш хоёр жил гаруй болж байна. Энэ хооронд Өвөр Монголын мал аж ахуйн оронд оршиж байгаа асуудлыг шийдэж өгөх, Нам Засгаас хөдөө тосгоныг хөгжүүлэх уриа гаргаж байгаатай алхаа нэгтгэх, Алшаагаас Хөлөнбуйр хүрэх малчдын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аж ахуйн нэгж, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын ахуй амьдралд туслах ажлыг хийсээр байна. Манай эвлэлийн гол хүчин “Mongolia” компанийг 2013 онд 100 мянган юанийн хөргө оруулалтаар байгуулж, одоо 200 сая юанийн хөрөнгөтэй болсон. Өмнө нь малчдынхаа дунд хоршоо байгуулах гэж оролдоод бүтэлгүйтэж, аргагүйн эрхэнд “Mongolia” компанийн залуучуудтай хамтран энэ эвлэлийг байгуулсан. Одоогоор эвлэл маань 400 гаруй хоршоо, 300 гаруй аж ахуйн нэгж гишүүнтэй болоод байна. Өдөр бүр гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Эвлэлээс жил бүр эрдэмтэн, малчид оролцсон хамтын ажиллагааны форум зохион байгуулдаг. Форумын үр дүн малчдад хүртээмжтэй байх талыг эрхэмлэдэг.
- “Mongolia” компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
“Mongolia” компани Шилийнголын аж ахуйн нэгж. Ерөнхий газар нь Хөххотод байна. Шилийнголын Авга хошуунд том алшны үйлдвэртэй. Малчидтай гэрээтэй хамтран ажиллаж, гэрээтэй малчдынхаа хургыг зах зээлийн үнээс өндрөөр худалдан авдаг. Одоогоор Бээжин, Тяньжинь, Наньжин гурван хотод өөрийн хоолны газартай. Энэ жил Шанхай зэрэг арав гаруй хотуудад хоолны газар ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Үр ашгаа малчидтайгаа хуваана. Энэ хэдэн жил Сөнид хошуугаар туршилтын чиг болгон ажилласан бол дахин Авга хошуутай хамтрах бодолтой байгаа. Энэ загвар амжилттай болоход хүрвэл бусад аймаг хошуудаар үйл ажиллагаагаа тэлнэ. Бид холыг, өндөр ашгийг харах хэрэгтэй байна.
- Өндөр ашиг яаж олох вэ?
Нийгмийн ашиг, соёлын ашиг, эдийн засгийн ашиг, экологийн ашгийг хамт бодох хэрэгтэй. Өнөөдрийн ашгийн төлөө байгаль орчноо сүйтгэж болохгүй. Үр хойчоо бодох хэрэгтэй. Мал аж ахуйн амьдралд монгол үндэстний минь соёл байна. Эдгээр нь нягт холбоотой, бүгд чухал.
- Малын махны зах зээл хэр зэрэг нээлттэй байх бол?
Өвөр Монгол жил бүр бэлчээрийн хонь10 саяыг л хангах боломжтой. Хятад улсын 1.3 тэрбум хүн байна. Ингэж бодоход зах зээл байхгүй гэвэл худал. Хэбэй Шандүний тэжээн бордсон хонины мах зах зээлийг эзлэх болж байна. Үнэндээ Хятадын өмнө орны хэрэглэгчид бэлчээрийн хонины махыг идэж үзээгүй. Энэ нь бидний сурталчилгаа сайн хийгдэж чадаагүйтэй холбоотой. Зах зээлээ бид нээж чадаагүй байна. Сурталчилгааны ажлыг малчид биш “Mongolia” компани шиг аж ахуйн нэгжүүд хийвэл зохино. Өнгөрсөн жил өмнө орноос Баруун Үзэмчин хошууны нэг хоршоонд өдөр бүр 250 хонь, 75 үхрийн захиалга ирсэн. Энэ мэтийн их захиалгыг малчид биеэ даан хангаж чадахгүй. Тиймээс бид хамтрах л хэрэгтэй. Залуучууд их оролдлоготой болж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өөрийн хүчээр бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргахад хичээх болжээ. Шинэ залуу бизнесменүүдийг бэлдэх ажилд хүчин зүтгэлээ үзүүлье гэж бодож байна.
- Манай хөдөө аж ахуйн ирээдүй, гарах гарцад холбогдох сэдвээр үр өгөөжтэй чөлөөтэй ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэж байна!
Баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэж байна.
