Энэ оны 05-р сард Хятад, Япон хоёр орны Засгийн газар Хятадаас Японд нэг хос улаан өрвөлдэй өгөх гэрээ байгуулж, ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ийнхүү Хятадын тал 11 жилийн дараа Японд дахин улаан өрвөлдэй шувуу өгч байна. Саяхан хоёр өрвөлдэйг Японы Сатогийн Улаан өрвөлдэй хамгаалах төвд хүргэж, онцгой элчийн хувьд хоёр орны ард түмний найрамдлыг уламжлан залгамжилжээ. Энэ тухай ХОУР-гоос Японд суугаа сэтгүүлч Ли Тиехаогийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Улаан өрвөлдэй буюу Хятадаар Жухуань хэмээх шувууг мөн Ниппониа Ниппон гэж нэрлэдэг.Сурвалжид тэмдэглэснээр, Японы Эдогийн үед тус шувуу Японы олон газарт өргөн тархсан ба Мэйжигийн үеэс хойш хүмүүс хэт их агнасны улмаас тоо толгой нь цөөрчээ. Түүнээс хойш, орчин үеийн бүтээн байгуулалтын үйл явц ахихын хэрээр, улаан өрвөлдэйн амьдрах орчин нь бүс нутгийг хөгжүүлсэн, тариалангийн шавжны хор хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалан улам муудаж, нэг үе устах дөхсөн юм. 1981 онд улаан өрвөлдэйг авран хамгаалахын тулд Япон улс Нигата мужийн Сато аралд үлдсэн 5 зэрлэг улаан өрвөлдэйг барьж, Сато арлын Улаан өрвөлдэй хамгаалах төвд хүргэн, өмнө нь барьсан 1 улаан өрвөлдэйн хамт хүний хүчээр тэжээсэн байна. Ингэснээр Японы байгаль дахь зэрлэг улаан өрвөлдэй устсан юм. 22 жилийн дараа тэр 6 улаан өрвөлдэйн хамгийн сүүлчийнх нь хөгшрөн үхэж, Японы тухайн нутгийн удмын улаан өрвөлдэй бүрмөсөн устсан байна.
1998 онд Хятад улс хоёр улаан өрвөлдэйг Японы ард түмэнд бэлэглэсэн юм. Түүний дараа дахин гурван улаан өрвөлдэйг найрамдлын элч болгон Хятадаас Японд бэлэглэж, мөн Сатогийн Улаан өрвөлдэй хамгаалах төвд өсгөж үржүүлэн, улаан өрвөлдэйн соёл Японд дэлгэрсэн байна. Өдгөө Японы бүх газар нутагт 550 орчим улаан өрвөлдэй байгаагийн 372 нь зэрлэг байгальд үржиж, тэдний ихэнх нь Сато аралд нутагшжээ. Сатогийн Улаан өрвөлдэй хамгаалах төвд сайн дурын хэлмэрчийн ажил хийдэг Синагава Сабуроу сэтгүүлчид “улаан өрвөлдэйн гайхамшиг”-ийн тухай танилцуулсан юм.
“Хятадын улаан өрвөлдэй, Японы улаан өрвөлдэй хоёр бол нэг төрлийн шувуу. Генетикийн хувьд ердөө 0.065 хувийн зөрөөтэй, Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэг нэг төрлийн шувуу гэж тодорхойлсон байдаг. Сатод улаан өрвөлдэй нэгэн үе устаж, энэ төрлийн шувууг авчирч, өсгөж үржүүлснээр дахин сэргэсэн юм. Иймээс би байнга ингэж ярьдаг. Хятадын 5 улаан өрвөлдэй өсөж үржээд 550 болсон. Энэ бүхэн тэдний үр хойч юм.”
Одоо улаан өрвөлдэй Сато, Нигата мужийн “нэрийн хуудас” болжээ. Орон нутгийн дурсгалын зүйл, бэлгэдэл нь бүгд улаан өрвөлдэй болсон. Токио, Нигатагийн хооронд ирж очдог хурдны галт тэргийг улаан өврөлдэйгээр нэрлэж, улаан өрвөлдэйд оршин амьдрах таатай орчин бүрдүүлэхийн тулд “эко таримал”-аар тариалсан “улаан өрвөлдэйн тутарга” нэр хүндтэй болжээ. Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагын албан тушаалтны танилцуулснаар, Сато арал 55 мянган хүн амтай боловч тус аралд жилд дунджаар 500 мянган жуулчин ирдэг. Тэдний ихэнх нь улаан өрвөлдэй чөлөөтэй нисэж байгааг харахаар ирдэг гэжээ.
Хоёр орон хамтын ажиллагаагаар үржүүлж өсгөх судалгаа хийхэд дөхөм болгохын тулд энэ оны 5-р сард Хятад, Япон хоёр орны засгийн газар Хятадаас Японд нэг хос улаан өрвөлдэй өгөх гэрээ байгуулжээ. Ийнхүү Хятад улс 11 жилийн дараа Японд дахин улаан өрвөлдэй өглөө. Сатогийн Улаан өрвөлдэй хамгаалах төвийн дарга Хакасе Сюужи: Тэр үед би энэ мэдээг сонсоод их баярлаж байлаа. Хятад улс Японы улаан өрвөлдэйн төрөл зүйлийн генетикийн олон янз байдлыг дээшлүүлэхийн тулд олгосон туслалцаа дэмжлэгт талархаж байна гэжээ.
“Биологийн олон янз байдлын хувьд, улаан өрвөлдэй цус ойртож мэднэ гэж санаа зовж байлаа. Хятадын талаас улаан өрвөлдэй өгсөн явдалд их баяртай байна. Олон үр зулзагатай болж, Сатогийн тэнгэрт, Японы агаарт нисээсэй гэж хүсэж байна.”
10-р сарын 17-нд Хятадын тал шилж сонгосон Лөүлөү, Гуаньгуань нэртэй хоёр улаан өрвөлдэйг Япон руу тээвэрлэн, Сатогийн Улаан өрвөлдэй хамгаалах төвд хүргэжээ. Хоёр улаан өрвөлдэйд анхны үзлэг хийсний дараа тус төвийн доктор Канеко Ёшинори хэлэхдээ: Хоёр улаан өрвөлдэй цоо эрүүл байна. Ажилтнууд сайн харж хамгаалах нь мэдээж юм. Улаан өрвөлдэй Япон, Хятадын найрсаг харилцааны гүүр болсон гэжээ.
“Тэд Япон, Хятадын найрсаг харилцааны гүүр болох нь лавтай юм. Улаан өрвөлдэйтэй холбоотой иймэрхүү харилцаа солилцоо улам олшроосой гэж хүсэж байна.”
