Хятад улс сэргээгдэх эрчим хүчний төслүүд дорвитой урагшлуулж байна. Өнгөрсөн жил Хятадын сэргээгдэх эрчим хүчий цогцолбор тогтвортой өргөжиж, түүхэндээ анх удаа нүүрснээс гаргах цахилгаан эрчим хүчнээс давж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тал хувийг эзэлсэн юм. Үүний зэрэгцээ арга технологийн хувьд шинэ дэвшилд хүрч, нийт үйлдвэрлэсэн цахилгаан нь 2.7 их наяд киловат болсон байна.
Өдгөө Хятад улс элсэн цөл, говь хээр, цөлжсөн газар нутагт, Хатан голын дээд урсгал, Хэ Сигийн хонгил, Хатан голын их буланд шинэ эрчим хүчний томоохон баазууд байгуулж байна. Бас Сычуань, Юньнань, Гүйжүү зэрэг муж, Төвдийн зүүн өмнөд хэсгийн том гол мөрөнд усан цахилгаан станц байгуулж, далай тэнгисийн эрчим хүчийг ч эрчтэй хөгжүүлж байна. Хятадын сэргээгдэх эрчим хүч түүхийн шинэ гараанаас улам өргөн далайцтай хөгжиж буй юм.
Хөгжлийн эдгээр амжилт бүтээл нь төр засгийн бодлогын дэмжлэгтэй салшгүй холбоотой. Засгийн газраас бодлогоор дэмжиж, таатай орчин бүрдүүлж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд нь бодитой түлхэц болсон юм. Хятад улс нүүрстөрөгчийн оргил үе болон төвийг сахих үеийн зорилт дэвшүүлж, 2025 он гэхэд чулуужмалын бус эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 20 хувьд хүргэх зорилгод хүрэхийн тулд 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 1 тэрбум стандарт нүүрс шатаасантай адил хэмжээнд хүргэх зорилт тавьж байна.
Хөгжил дэвшил нь шинжлэх ухааны инновацтай салшгүй холбоотой байдаг. Өндөр түвшний нарийн технологийн бие даасан судалгааны талаар шинэ ахиц гаргах нь өдгөө Хятад улсын хувьд хамгийн чухал асуудал болж байна. Бие даасан, аюулгүй нарийн технологи бүтээх нь Хятадын олон улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өдгөө дэлхийн шинэ эрчим хүчний салбарын төв нь Хятад улс руу шилжиж, Хятадад үйлдвэрлэсэн нарны энергийн цахилгаан станцын эд анги, салхины хүчний цахилгаан хөдөлгүүр, хурдны хайрцаг зэрэг нь дэлхийн зах зээлийн 70 хувийг эзэлж байна. Ер нь Хятадын нөхөн сэргээгдэх эрчим хүчний ирээдүй гэгээн саруул байна.
