Айх ёсгүй айдас
2015-12-28 18:21
Бүсгүйчүүдийн сэтгэлийн уг дахь бодит ертөнцийг дэлгэн тавих “Айх ёсгүй айдас“ нийтлэлээ цувралаар хүргэж байна. Энэ удаад нөхөр минь нэг л өдөр орж ирэхээ больчих вий гэсэндээ, үр хүүхдээ өнчрүүлэхгүй гээд жижигхэн биедээ ахадсан тэвчээр гаргаж яваа залуухан бүсгүйд тусалцгаая. Тэртээ тэргүй нэг ч төгрөгний орлоггүй, эрхэлсэн ажилгүй, гэрээ өөд нь татдаггүй, байхаасаа байхгүй нь элбэг хүнийг хүлээх хэрэггүй. Харин өдий болтол ганцаараа бор зүрхээрээ амьдарч чадсан түүн шиг хатан тэвчээртэй олон бүсгүй байдгийг ухааруулах урмын үгс хайрлаарай.
Нэгдүгээр хэсэг
Шөнө дунд хаалга гэнэт хүчтэй балбалаа. Яаран босч гэрлээ асаан цагаа харвал хэдийн 2 цаг өнгөрчихөж. Найман сартай хүүгээ унтуулах гэж хөхүүлж байгаад унтчихсандаа өөрийгөө буруутган хаалгаа тайллаа. Хүйтэн жавартай хоршуулан, архи сэнгэнүүлсэн нөхөр нь ороод ирлээ. Гэргийнхээ аягалж өгсөн цайг оочлон хоол халахыг хүлээх зууртаа
-Гэр хүйтэн болчихсон юм биш шүү, галаа сайн түлэхэд яадаг юм, хүүхэд дааруулаад ханиад томуу тусгах гэж байгаа юм. Тэгээд л эмнэлэг эргүүлдээд төвөг болоод байв гэж уурсана. Дөнгөж л хорь гарч яваа хэрнээ цог жавхаа нь өдрөөс өдөрт буурч яваа бүсгүй нам дуугаар
-Ханиа махгүй болж байна, ногоо өчигдөр дууссан. Хүү маань өнөөдөр баахан уйллаа, өлссөн юм байлгүй. Нөхөр хэсэг чимээгүй сууснаа,
- Чи одоо энүүхнийг зохицуулж чадахгүй байна уу, би хаанаас мөнгө олж ирэх юм. Ажилгүйг мэдсээр байж, дарамтлаад байгаа юм уу, хаашаа юм. Эсвэл би чамд лай болоод байна уу? Маргаашнаас явчихсан ч болно ш дээ.

Эхнэр дуу муутайхан, за битгий уурла даа ханиа, хоолоо халуун дээр нь идчихээд сайхан унтаж амар. Маргааш ямар ажилтай вэ?
-Өнөө цуврал шоу дуусдаггүй ээ. Маргааш ахиад л зураг авалттай юм байх. Өдөржин ТВ дээр өнжих юм шиг байна лээ. Нээрээ өнөөдөр нэг жаахан порцтой хоол идсэн чинь хариугүй өлсөж үхэх шахсан. Маргааш өдрийн хоолны мөнгөө нэмж авч явахгүй бол үхэхийн байна лээ. Энэ бүгдийг чимээгүй сонсож суусан эхнэр хүүдээ тараг, боов авахаар төлөвлөсөн 5000 төгрөгөө нөхөртөө өгч явуулахаар шийдээд, эцсийн жаахан нүүрсээ галдаа хийгээд унтахаар хэвтлээ.
Маргааш нь өглөө нь 7 цагт сэрүүлгийн дуугаар боссон нөхөр угааж индүүдсэн хувцас өмсөөд, улаан нялзрай хүү, хань хоёрынхоо хоёр хоног амь аргацаах 5000 төгрөгийг хэнэг ч үгүй халааслаад гарч одлоо. Бас болоогүй гал хөшөө олигтой түлээрэй, зэвий даагаад л суух юм, өчигдөр даарч хоносон шүү гээд, хаагдаж нээгдэх нь хэцүүхэн болсон гэрийнхээ хаалгыг ажиг ч үгүй хүчлэн байж тасхийлгэчихээд гарч одлоо. Үд хэрд өхөөрдөм хүү нь эг маггүй уйлж, өлсөхийн эрхэнд ходоод нь хоржигноно.
Эцэстээ арга нь тасран хөдөөх аав ээж рүүгээ утас цохин, мэссж бичлээ. Ээжээ танд 2-3 мянга ч хамаагүй мөнгө байна уу? Боорцоггүй болчихлоо хүү бантангийн махгүй болчоод өлсөөд уйлаад байна. Ийм арга тасарсан үг сонссон аав ээж уурлахын дээдээр уурлан хариуд нь Нөхөр чинь юугаа хийж байдаг юм. Хүүхэд нь өлсөөд байхад ажил хийдэггүй юм уу? Дандаа л ингэж мөнгө нэхэж байх юм. Амьдарч чадахгүй бол салаач, эндээс замын унаанд дайж явуулсан түлшээ дуусгачихсан байна, гэж ах чинь хэлнэ лээ гэх мэтээр загнаж зандарч гарлаа
-За, за болилоо. Мөнгө байхгүй бол тэр л биз гээд утсаа салгалаа. Уйлах нь бүү хэл, уурлах ч тэнхэлгүй болсон залуухан бүсгүй хар хөлсөө асгаруулан чарлах хүүгээ арай ядан унтуулаад харилцан адилгүй том жижиг сав бариад усанд явлаа. Хэд хоног шөнө дунд ирсэн нөхөр нь усгүйдээд хоёр хонож байгааг анзаараагүй юм. Залуухан бүсгүй усаа зөөн тавин хэсэг амрахдаа ингэж бодно. Хоёр ч залуутай учраад бүтэлгүйтэж, хоёр гурван үр минь бүтэлгүйтэж алдсныг минь нутгийнхан тэр чигээрээ мэднэ.
Хотод ажил хийе гэвч олдохгүй дээр нь нялх хүүхэдтэй. Нутаг буцъя гэхнээ хүний нүүр харах эрхгүй. Яадаг юм билээ. У-гийнхаа аяар нь байхгүй бол нэг л өдөр ирэхгүй болчихож мэднэ. Тэгвэл хүү бид хоёр ахиад л хаягдахын нэмэр. Ер нь агаагаас хэд гурван төгрөг зээлээд аятайхан хоол хийдийн бил үү? Тэгвэл У маань эрт ирж магадгүй гэж бодлоо. Тэгээд энэхүү өрөвдөлт арга ядсан бодолдоо урамшин гэрийн зүг усаа цалгиулан яарлаа.
Эвий дээ энэ бүсгүй ид сурч хөдөлмөрлөж явах насандаа яваа идэр чийрэгхэн бүсгүй юм шүү дээ. Монголжингоогийн уншигчдаа, ийм хөөрхий амьдралтай залуухан бүсгүй бидний дунд амьдарч байна. Аав ээж, ах эгч нь загнаж зэмлээд ч, аргадаж гуйгаад ч амьдралын хэмнэл, үзэл бодлыг нь өөрчилж хүчрэхгүй нь. Магадгүй танаас мэргэн санаа, урам зориг, эрч хүч өгч чадах ч юм бил үү? Нөхөр минь нэг л өдөр орж ирэхээ болчих вий гэж айх ёсгүй айдастай өдрийг өнгөрүүлж буй залуухан бүсгүйд тусалцгаая.
Тэртээ тэргүй нэг ч төгрөгний орлоггүй, эрхэлсэн ажилгүй, гэрээ өөд нь татдаггүй, эд зүйлсээ өөд нь татдаггүй, байхаасаа байхгүй нь элбэг хүнийг хүлээх хэрэггүй. Харин өдий болтол ганцаараа бор зүрхээрээ амьдарч чадсан чамд ганцаараа хүүгээ өсгөх хангалттай хүч байгааг нь ухааруулах урмын үгс хайрлаарай. Тэр минь уг нь их сургуулиа саяхан дүүргэсэн дээд боловсролтой юм шүү дээ.
Бүсгүйчүүдээ бид та нартаа “Айх ёсгүй айдас “ нийтлэлээ цувралаар хүргэж байна. Нийтлэлээ бодит хүний амьдралд тулгуурлан бичих болно. Та ч бас хэцүү асуудлаа энэ нэрийн дор нийтэлж болох юм. Бас найз нөхдийнхөө амьдралаас хуваалцаарай. Айх ёсгүй айдас эргэлзээ, хэцүүхэн асуудлаа хамтдаа шийдэж бие биедээ тусалцгаая. Хэнд ч хэлддэггүй зовиураа энд дэлгэж, сэтгэлээ цэлмээж болох юм шүү. Таны үнэнч анд “Монголжингоо чинь...”
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
