
Өнгөө алдаж харласан арьсыг цайруулж дээд зэргээр чийгшүүлэх, жижиг үрчлээс тэнийлгэх, нөсөө арилгах үйлчилгээтэй гэрийн нөхцөлд хийж болох нүүрний хялбар маскуудын жорыг “Orange” салоны гоо сайханч Б.Чулуунхишиг зөвлөж байна.
Өнгөө алдаж харласан арьсыг цайруулж дээд зэргээр чийгшүүлэх, жижиг үрчлээс тэнийлгэх, нөсөө арилгах үйлчилгээтэй гэрийн нөхцөлд хийж болох нүүрний хялбар маскуудын жорыг “Orange” салоны гоо сайханч Б.Чулуунхишиг зөвлөж байна.
Тэрээр Монголжингоо.мн сайтын “Try It” булангийн ээлжит зочноор оролцлоо. Хаврын улиралд охид, эмэгтэйчүүд маань арьсаа дээд зэргээр чийгшүүлж, гэрэлтсэн сайхан арьстай байхад нь туслах шидэт маскны жорыг хуваалцсан юм. Хамгийн гол нь эдгээр маскыг та гарын доорх материалаар хийж болохоос гадна маш хялбархан гэдгийг онцолъё.
Хавар бүсгүйчүүд бидний арьсанд тулгамддаг хамгийн хэцүү асуудал бол яах аргагүй хуурайшилт, нөсөө, толбо, арьс өнгөө алдах болон үрчлээтэх зэрэг юм. Хуурай салхи, шороон шуурга, нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр меламины ялгарал ихэсдэг учраас эдгээр өөрчлөлтүүд нь бий болдог байна.
“Арьс арчилгааны 80 хувь нь шөнийн нүүр арчилгаанаас хамаардаг” гэдгийг тэрээр онцгойлон анхааруулж байна. Тиймээс хамгийн түрүүнд нүүрийг маш сайн, гүн цэвэрлэх шаардлагатай аж.
Та нүүрээ зөв цэвэрлэдэг үү?
Нүүрээ цэвэрлэхдээ арьсны төрлүүдээс хамаарахгүйгээр сүүн шингэнээр цэвэрлэнэ. Ингэхдээ гараа сайтар угаана. Дараа нь алган дээрээ сүүн шингэнээсээ бага хэмжээгээр авч хурууны өндгөөр нүүрэндээ тараан түрхэж, нүүрний арьсны булчингийн ширхгийн дагуу 5 минут массаж хийнэ. Үүний дараа гоо сайхны нэг удаагийн сальфетка болон хүйтэн бүлээн усанд норгосон цэвэр алчуураар арчиж цэвэрлэнэ.

Энэ үедээ нүдний тень, контур болон сормуусны будгийг арилгах тусгай шингэнийг хөвөнд шингээн арчиж цэвэрлэнэ. Нэг удаад арчсан хөвөнгөөр давхарлан арчихгүй байх хэрэгтэй. Бохирдсон хөвөнгөөр арчих нь нүдний салстыг үрэвсүүлж улайлгах, зовхи үрэвсүүлэх болон зовхи унжих нэг шалтгаан болдог.
Энэ цэвэрлэгээний дараа өөрийн арьсанд тохирох нүүр цэвэрлэгч хөөсийг поролон болон мачальканд авч хөөсрүүлэн, хөөсөө нүүрэндээ тараан түрхэж 2-3 секунд байлгасны дараа хуруугаараа 5 минут орчим хөнгөн массажлах байдлаар угаана. Үүний дараа хүйтэн бүлээн усаар булхаж угаана.
Ингэж цэвэрлэх нь нүүрний бохирдлыг маш сайн цэвэрлэхээс гадна, арьсны нүх сүвэнд байх бохирдлыг мөн цэвэрлэдэг. Цэвэрлэгээний дараа арьсандаа тохирох чийгшүүлэгч тос, тоник, серум зэргээ түрхэх хэрэгтэй. Ингээд маскаа тавьж эхэлнэ.
Тараган маск

Бидний хүнсэндээ хэрэглэдэг тарагийг дангаар нь нүүр, хүзүүндээ түрхээд 10 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угааж авна. Тараган маскыг нөсөөжилттэй, арьс өнгөө алдаж харласан арьсанд тавих нь цайруулж чийгшүүлэх үйлчилгээтэй. Энэхүү маск нь бүх төрлийн арьсанд тохирох ба хуурай арьстай бүсгүйчүүд маскныхаа дараа өөртөө тохирсон чийгшүүлэгч, тоник, шөнийн тос зэргийг түрхэх хэрэгтэй.
Сүүн маск

Сүүгээр бүсүйчүүд бид хөлдөөсөн сүүн шоо хийх боломжтой. Хөргөгчний мөс хөлдөөх зориулалтын саванд сүүгээ хийж хөлдөөж гарган авна. Хөлдөөсөн сүүн шоогоо цэвэр шилэнд хийгээд таглаад хөлдөөгчиндөө хадгалах хэрэгтэй.
Орой бүр 2 ширхгийг гартаа аван нүүрний булчингийн ширхгийн дагуу, хүзүүгээ мөн арчих ба сүүн шоо хайлж дууссаны дараа 10 минут нүүрэндээ байлгаад хүйтэн бүлээн усаар угаана.
Улаан лооль болон оливын тосны маск
Энэхүү маскыг аль ч насны бүсгүйчүүд хэрэглэж болохоос гадна, 35-аас дээш насныханд арьсны гүн үрчлээсүүд нэмэгддэг тул доорх маскыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр гүн үрчлээсүүд нимгэрч, өнгөө алдаж харласан арьсыг цайруулж, маш сайн чийгшүүлж, хүүхдийн арьс мэт булбарай болгодог.
Маскаа бэлтгэхдээ эхлээд 4 ширхэг улаан лооль авч угаагаад, гаднах хальсыг нь хуулан авна. Үүний дараа улаан лоолио аяганд хийж, шүүсийг нь үсэргэхгүйн тулд хутгаар зүсэж өгөх хэрэгтэй. Ингээд улаан лоолио модон нүдүүрээр сайтар нухаж нухаш бэлдэнэ. Үүн дээрээ оливын тосноос амны том халбагаар 1 хийгээд сайтар холиод маск маань бэлэн болно.
Бэлэн болсон маскаа багсаар нүүр, хүзүү, цээжиндээ түрхэж 15 минут тэгш гадаргуу дээр дэргүй хэвтэнэ. Дараа нь хүйтэн усаар улаан лоолио цэвэрлэх байдлаар угаана. Нүүрэнд оливын тос үлдэх ба гарынхаа өндгөөр нүүрэндээ массаж хийх байдлаар шингээх хэрэгтэй. Өглөө босоход таны арьс хүүхдийн арьс мэт булбарай зөөлөн болсон байхыг та мэдрэх болно.
Анхааруулга: Батгажилтын үрэвслийн идэвхитэй үед хэрэглэхэд тохиромжгүй.
Гадил, өндөгний цагаан болон зөгийн балны маск
Энэхүү маскыг үрчлээний эсрэг байгалийн батокс гэж нэрлэдэг. 30-аас дээш насныханд илүү тохиромжтой. Маскаа бэлтгэхдээ 1 ширхэг гадилны гуравны нэгийг авч сайтар нухаад, үүн дээрээ өндөгний цагаанаа нэмж хөөсөртөл нь сайтар хутгана. Бэлэн болсон холимог дээрээ 1 цайны халбага зөгийн балаа нэмээд хутгах хэрэгтэй. Бэлэн болсон маскаа нүүр хүзүүндээ түрхээд, 20 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
Зовхины маск
30-аас дээш насанд зовхинд уутанцар үүсч, хар туяа татаад, их ядарсан, оворжуу харагдуулдаг. Энэхүү маскыг тогтмол хэрэглэснээр зовхины арьс чангарч, үрчлээ маш сайн тэнийдэг.
Өндөгний цагааныг аяганд ялган аваад үүн дээрээ капсултай витамин Е 1000IU-ээс 1 ширхгийг хийж сайтар хутгаад, жижиг тагтай шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгалж хэрэглэнэ. Үүнийгээ орой унтахын өмнө гарын хурууны өндгөөр бага багаар авч зовхиндоо зөөлөн товших хөдөлгөөнөөр тараан түрхэнэ. 10 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана. Энэхүү маскыг орой бүр зовхиндоо түрхэж болох ба маскаа угаасны дараагаас л үр дүн мэдэгдэж эхэлдэг.
Дан өндөгний цагаан болон өндөгний цагаан, зөгийн балтай холиод дээрхтэй адил тавьж болно.
