Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхийн миссийн тэмцээний бэлтгэл ажлын хажуугаар зав гарган манай сайтын урилгыг хүлээж авсанд баярлалаа?
Уншигчиддаа бас энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ жил " Дэлхийн мисс -2016" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.
Дэлхийн миссийн тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
Бэлтгэл ажил 80 хувьтай явж байна. Одоо "Авъяас" үзүүлбэрийн бэлтгэл дээр ажиллаж байна. Энэ сарын 20-ноос "Үндэсний санал хураалт" эхэлнэ. Үүнд бас их цаг, ажил зарцуулдаг. Одоогоор бид сайн дурын системээр ажиллаж байна. Маркетингийн ажилтнууд, дизайнерийн баг, PR мэргэжилтнүүд, орчуулга хяналтынхан болон сайн дурын баг ажиллаж байна.
Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхийг хэрхэн авсан бэ?
Өнгөрсөн жил би "Miss Mongolia 2015" тэмцээнд оролцож дэд байр эзэлж байсан. Энэ жил сонгууль, АСЕМ, Олимп гээд үндэсний болон олон улсын үйл ажиллагаа олон зохиогдсон болохоор "Miss Mongolia” тэмцээнийг зохиох боломж бололцоо гараагүй. Тиймээс дүрэм ёсоор өмнөх жилийн тэргүүн миссийн титмийг гардуулж өгсөн. Маш олон хүний итгэл найдвар, хариуцлагыг хүлээж авч байна.
Өмнө нь "Miss Earth" тэмцээнд оролцож байсан болохоор тодорхой туршлагатай байгаа байх?
Тэгэлгүй яахав. Мэдээж тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Дэлхийн хамгийн том 4 тэмцээн байдаг. Түүний хоёрт нь орсон. " Miss International" болон "Miss Earth"-д эх орноо төлөөлж оролцсон.

Та бас загвар өмсдөг. Загвар өмсөгч, мисс хоёрын ялгаа юу вэ? Аль нь илүү хариуцлагатай байхыг шаарддаг вэ?
Загвар өмсөгч бол хувцсыг амилуулах үүрэгтэй. Харин мисс улс орноо төлөөлж ямар нэг арга хэмжээнд оролцож, нийгэмрүү чиглэсэн ажлыг түлхүү хийдэг. Загвар өмсөгчид мисс болчихдог гэж ярьдаг. Миний бодлоор загвар өмсөгч охид тайзан дээр илүү биеэ зөв авч явдаг. Өмссөн хувцсаа амилуулах гэх зэргээр илүү туршлагатай байдаг болов уу гэж боддог. Түүнээс гадна гадаад үзэмжээс илүү дотоод гоо сайхан нь бас гэрэлтэж байх ёстой.
Та үндсэн мэргэжил болох Маркетинг, Бизнесийн Удирдлагын мэргэжлээ өдөр тутмын ажилдаа хэрхэн ашиглаж байна вэ?
Миссийн тэмцээнээс гадна жүжигчний карьер дээр ч маркетингийн чадвараа өдөр тутамд ашиглаж, хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл брэнд бүтээгдэхүүнийг хэрхэн зарах вэ гэдэг шиг би өөрөө өөртөө брэнд бүтээгдэхүүн. Дэлхийн миссийн хувьд аль болох багаар ажиллах гэж хичээж байгаа. Цаг хугацаа бага байгаа учраас нэг хүнд арай л ахадсан ажил, удахгүй бүр илүү мэргэжлийн том баг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Энэ жилийн миссийн тэмцээнд авах нэг сая санал гэдэг маш их тоо. Бид нэг сая санал авч чадвал ялах боломжтой. Тиймээс энэ саналыг авахын тулд ажиллаж байна.
Та жирийн нэг өдрийн амьдралаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
Тэмцээн уралдааны бэлтгэл, зураг авалтгүй үед сайн унтахыг хүсдэг. Мөн амралтын өдрүүдэд найз нартайгаа уулзаж аль болох хотоос гарч аялахыг боддог. Өдөр бүр уулзалтууд товлогдоно, кино зураг авалттай үед зургандаа орно, харин киноны зураг авалтгүй өдрүүдэд өөрийнхөө карьерыг өсгөж өөрийгөө илүү нээх зүйлсийг хийдэг. Одоо бол маш завгүй өдрүүд үргэлжилж байна. Өдөрт 4-5 цаг унтаж байна. Зарим өдөр 10 минут ч амасхийх завгүй өнгөрч банйа.
Та ачаалалттай үед цагаа хэрхэн хуваарилдаг вэ? Загвар өмсөөд, кинонд тоглоод, найруулагч хийгээд, хажуугаар нь сурч, гадаад хэлний түвшингээ сайжруулах гээд энэ бүгдийг хэрхэн зохицуулж байна?
Энгийн өдрүүдэд би Google calendar ашигладаг. Чухал уулзалтуудаа зоогоод, бусад ажлуудаа түүнээсээ зөрүүлээд төлөвлөдөг. Амралтын өдрүүдийн хувьд илүү өөртөө цаг гаргахыг хичээнэ.
Завгүй байх тусмаа ажлаа сайн төлөвлөдөг.
Сүүлийн үед залуус цахим, сошиалд цаг заваа дэмий өнгөрөөж байх шиг санагддаг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
Цахим ертөнцийн хувьд нийгмээ дагаад тэрүү өөрийн гэсэн статусыг бий болгох хэрэг гараад байх шиг байна. Гэхдээ амьдралдаа яг тийм байж чадаж байна уу гэдэг бас чухал. Монголын залуус өндөр боловсролтой, чадвартай, өөрийгөө хөгжүүлэх дээр илүү анхаардаг гээд сайн тал их байгаа. Нөгөө талаар нэг нэгэндээ тусалж дэмжихдээ муу. Сайн яваа, амжилтад хүрэхээр уйгагүй хөдөлмөрлөж байгаа нэгнээ тусалж дэмждэггүй мөртлөө далд, нууцаар муулах, шүүмжлэх хандлага их байдаг.
Хотын эмэгтэй ч монголжингоо байж болно шүү дээ

Та багадаа жүжигчин болохыг хүсдэг байсан уу эсвэл загвар өмсөгч мисс болох хүсэлтэй байв уу?
Би багадаа жүжигчин биш кино найруулагч болохыг хүсдэг байсан. Одоо бол жүжиглэх, кинонд тоглох миний хүсэл мөрөөдөл болоод байна. Жүжигчний мэргэжлийн хамгийн гоё нь толгой ч ажиллана, зүрх сэтгэл ч ажилладаг. Ер нь их хөрвөх чадвар сайтай мэргэжил. Арван жилээ төгсөөд СУИС-д ормоор байна гэтэл аав ээж зөвшөөрөөгүй. Математикийн гүнзгийрүүлсэн сургуульд сурсан, мөн математиктаа сайн байсан болохоор аав ээж хоёр энэ чиглэлээр суралцуулна гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг.
Та хамгийн сүүлд ямар дүрд тоглосон бэ?
Хамгийн сүүлд тоглосон кино ирэх долоо хоногт нээлтээ хийнэ. Оросын зохиолоос сэдэвлэсэн “Явуулын хүн” кино нээлтээ хийнэ.
Таны гол дүрд нь тоглох “Хотолун гүнж” киног хүмүүс их хүлээж байгаа. Энэ кинонд тоглоход бэрхшээл юу байх бол?
Би ч гэсэн олонд хүрэх тэр өдрийг их хүлээж байна. Кино энэ жил зөвхөн бэлтгэл ажлаа хангасан. Маш олон хүн, массыг хамарсан кино болохоор хүн хүч, хөрөнгө санхүү гээд шийдэх асуудал их байгаа. Миний хувьд би нэлээд туранхай гэтэл Хотолун гүнж дайчин бадируун, эршүүд, моринд гарамгай, барилддаг гээд баатарлаг эмэгтэй.
Та хэд хэдэн кинонд тоглосон байдаг. Тэрэн дундаас “Марко Поло”-д тоглосон талаар хүмүүс их ярьдаг?
“Марко Поло” кинонд туслах дүр бүтээхэд дэлхийд алдартай найруулагч, жүжигчидтэй цуг ажилласан. Үнэхээр сайхан, хариуцлагатай байдаг юм билээ. Тэр кинонд миний бүтээсэн туслах дүр Болормаа гэдэг 13-р зуунд амьдарч байсан баяд эмэгтэйн дүр. Энэ киног, миний тоглосон хэсгийг хүмүүс үзэхийг хүсвэл Netflix-ээр “Марко Поло”-ын 2-р цувралын 4-р ангиас үзэж болно.
“Агаа эгээ” төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа гэж дуулсан. Энэ төслийг товч танилцуулвал?
Энэ төслийг хэрэгжүүлээд 5 дахь жилээ угтаж байна. “Агаа эгээ” төсөл маань асрамжийн газрын хүүхдүүдэд сайн үлгэр дууриалал болох маш хариуцлагатай ах эгчийг нарыг олж холбож өгөх зорилготой.
Өнгөрсөн жилийн “Miss Earth” тэмцээнд зориулж хийсэн таны танилцуулах видео маш олон хүнд хүрч олны таашаалд хүрсэн. Энэ жилийнх бүр илүү сайн болсон тухай олон нийт ярьж, бичиж байна. Видеоны санаа таных байдаг уу?
Багаараа гаргадаг. Багаараа ярилцаж тохироод видеогоо хийдэг. Гэхдээ тодорхой хэмжээний гол санааг өөрөө бодож олдог.
“Дэлхийн Мисс-2016”-д зориулж хийсэн таны танилцуулах видеоны дор олон хүн сэтгэгдэл үлдээсэн байсан. Ихэнх нь “Сайхан монголжингоо бүсгүй байна. Хөдөөний охин уу?” гэж асуусан байсан. Таны бодлоор монголжингоо эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх үү?
Хотын хүн ч монголжингоо байж болно шүү дээ. Би унаган хотынх. Бидний соёл өөрөө их өвөрмөц . Өөрийн түүх, соёл уламжлалыг судалдаг, мэддэг, бас амьдралдаа тодорхой хэмжээгээр хэрэглэдэг, тэр талаар мэдлэгтэй эмэгтэйг жинхэнэ монгол эмэгтэй гэх байх.
Та "Дэлхийн мисс-2016"-д явж ирээд юу хийх төлөвлөгөөтэй байна? Ойрын зорилгоосоо хуваалцаач?
“Дэлхийн мисс-2016”-д явж ирээд “Агаа эгээ” төслөө илүү гүнзгий хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх бодолтой байна. Мөн жүжигчний мэргэжлийн карьертаа илүү анхаарч, дэлхийн түвшний уран бүтээлд ажиллах хүсэлтэй байгаа.
Таны энэ амжилт , завгүй ажил амьдралын тань ард сайн хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхний зүтгэл, дэмжлэг бас байдаг байх. Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
Тэгэлгүй яахав. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, хамтарч ажилладаг байгууллага гээд олон хүний сайхан сэтгэл, итгэл зүтгэл намайг тусалж дэмжиж байдаг. Аав маань инженер, ээж их сургуулийн багш хүн. Миний боловсролд бүр бага байхаас л их анхаарч олон төрлийн сургалт, дугуйланд явуулдаг байсан.
Та Англи, Испани, Франц хэлээр ярьдаг юм байна лээ. Энэ амжилт таны бага насны суурь хүмүүжилтэй холбоотой юу?
-Монгол хүнийг гадаад хэл сурах авъяастай гэж ярьдаг даа. Надад бас тийм тал байгаа юм шиг байна. Бага насны суурь боловсрол, хүмүүжил ч нөлөөлсөн байх.
Ер нь монгол залуучууд залхуурахгүй, нээлттэй байж чадвал хэл сурах арга барил, авьяас байгаа юм шиг санагддаг.
Хайр гэж хамгийн сайхан зүйлсийг нэгэндээ хүсэхийн нэр
Та гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ. Найз залуутай юу?
Гэр бүл төлөвлөх, гэр бүлтэй болох болоогүй байна. Эхлээд өөрийгөө хөгжүүлж, сайн төлөвших гээд хийх, сурах зүйл их байна. Найз залуутай. Тэр маань эдийн засагч мэргэжилтэй. Бид хоёр найзындаа оройн хоолонд уригдаж, анх тэнд танилцаж байсан.
Та хайрыг юу гэж боддог вэ?
Хамгийн сайн сайхан зүйлийг нэгэндээ хүсэхийн нэр юм болов уу.
Та хэр ууртай вэ? Уураа хэрхэн барьдаг вэ?
Би хурдан уурладаг ч амархан тайвширч, дорхноо мартчихдаг.
Бичлэгийг үзэж байхад морь нэлээд сайн унадаг юм шиг харагдсан. Хаана морь унаж сурсан бэ?
Өнгөрсөн жил хөдөө унаж сурсан. “Язгуур лугаа” баримтат кино хийж байхдаа унаж сурсан.
Та ажил амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
"Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол хорвоо дэлхий тэр чигтээ чиний төлөө хүссэн зүйлийг чинь биелүүлэхэд тусална" гээд Бразилын алдарт зохиолчийн хэлсэн үгийг бодож явдаг.
Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Арьсаа хэрхэн арчилдаг вэ?
Ойрын өдрүүдэд ядраад арьс амрахгүй хэцүү л байна. Сүүлийн үед солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Гурав хоног тутамд нүүрэндээ маск тавихаар арьс амраад гоё болдог. Ер нь сайн унтахгүй байх, нүүрээ цэвэрлэхгүй байх нь л арьсны дайсан шүү дээ. Өдөрт 8-9 цаг тогтмол унтаад, нүүрээ цэвэрлээд байхад л хангалттай санагддаг. Тэрнээс биш гоо сайхны салонд байнга ороод, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэж боддог.
- Бидний урилгыг хүлээн авч дотно яриа өрнүүлсэнд баярлалаа! Тэмцээнд нь амжилт хүсье!
