solongonews
Олон нийтийн эдийн засаг малчдад ач тусаа хүргэлээ
2017-04-27 11:55
Төлийн цагаар Баянтал баг малчиддаа өвс тэжээл хувааж өгсөн тухай

Малчид хаврын улирлыг “гачиг цаг” гэдэг нь учиртай. Мал төллөнө, өвс тэжээл дутагдана, нэмж авах гэхээр мөнгө төгрөг бэлэн бус гээд асуудал олон. Сөнөд Зүүн хошууны Баян-Уул сумын Баянтал баг малчдын эдгээр асуудлыг шийдэхийн тулд энэ оны 3 дугаар сарын эцсээр 800 мянган юанийн өртөг бүхий малын тэжээлийг малчиддаа хуваажээ.

Баянтал баг 130 гаруй га нийтийн тариан талбайтай. Өнгөрсөн жил энэхүү тариан газраа гадагшаа түрээслүүлж олсон орлогоо багийн олон нийтийн эдийн засгийн хадгаламж болгосон аж.

- Багийн нийтийн тариагаа жил бүр 180 мянган юаниар таван жил дараалан түрээслүүлж байна. Сүүлийн жилүүдэд өвс тэжээлийн зах зээлийн үнэ өсөж, малчид гаднаас өвс тэжээл худалдан авахад их хэмжээний мөнгө зарцуулах болсноос тэдний дарамт хүндэрч, олонх нь зээл авах болсон. Ийнхүү бид багийн нийтийн тарианаас нарим, наримын иш авч малчиддаа хуваан дарамтыг нь хөнгөлж байна гэж тус багийн намын хорооны нарийн бичгийн дарга Гэрэлмандах ярилаа.

Баянтал баг Төгрөг, Баяннуур, Хушмаг, Холбоо зэрэг дөрвөн бригадын 140 гаруй өрхтэй. Өнгөрсөн жил багийн өрх бүрд 30 боолт /боолт бүр нь 20 кг/ дагтаршуулсан нарим хуваасан бол энэ жил өрх бүрд 50 боолт ногооноор хадгалсан нарим болон 150 боолт наримын ишийг үнэ төлбөргүй хангасан. Тус багийн малчин Сумъяа энэ тухай ярихдаа:

- Сүүлийн жилүүдэд өвсний үнэ өссөнөөр өвс тэжээлээ гаднаас худалдан авдаг манайх мэт айлын зардал ихэссэн. Багаас үнэ төлбөргүй өвс тэжээл хангах болсон нь үнэхээр их тус боллоо. Энэ онд гэхэд л манайд 6000 гаруй юань хэмнэж өгсөн. Ёстой л даарсан хүнд дах хүргэнэ гэгч энэ дээ гэлээ.

Ногооноор хадгалсан нарим шим сайтай байдгаас хонь тэжээхэд их тохирно. Мөн энэ их ач тусыг малчиддаа хүргэсэн нь үнэхээр Баянтал багийн буян болжээ. 

Зохиогч: Яргуй
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл