solongonews
Сар шинээр ээждээ золгох сайхан
2017-02-07 16:47
Сар шинээр нутаг буцаад сэтгэлд буусан бодлуудаа ийнхүү таталлаа...

Шинэ жил, цагаан сар болно гэхээр заримдаа ядаргаатай санагддаг болсон нь сүүлийн жилүүдийн учир билээ. Харин бага байхад “шинэ хувцас өмсөнө” гэж цагаан сарыг их л хүсдэг байсан бол одоо болоход ээж аав хоёртоо очиж золгох нь цагаан сарын ганцхан утга учир болжээ хэмээн хотын айлын бэр болоод хоёр жил болж байгаа миний бие битүүний үдэш салютын дуунаас нойроо харамлан бухимдан хэвтэхдээ бодож амжсан юм.

Өвөр Монголын төв Хөххотод ажиллаж амьдардаг нөхөр бид хоёрын хувьд хэдий өрх тусгаарлаж, үр хүүхэдтэй болсон ч гэсэн нутаг буцаж аав ээжүүдтэйгээ сар шинээ гаргахад санал нэгддэг болохоор битүүний босгон дээр чөлөө аваад л нутгийн зүг гарлаа. Шилийнхотод хадам аав ээжтэйгээ шинээ гаргаад, шинийн хоёронд аав ээжтэйгээ золгохоор хөдөө гарсан. Эгчийн маань хүү, миний зээ дүүд ээж минь шинэхэн нэхий дээл урлаад өгсөн нь маш хөөрхөн харагдаж байв. Ингэхэд биднийг бага байхад жил турш дээл тэрлэг чирч, цагаан сар болохоор л нэг шинэ загварын хувцаснууд өмсдөг байснаа бодоход арав хорьхон жилийн ард ингэж эрс тэс өөрчлөгдөн, жил цагаан сараар л нэг дээл хувцсаараа гоёдог болох нь гэж бодохоор юутай гунигтай.

Эмээгийнхээ урласан дээлээр гоёсон миний зээ дүү

Гэртээ ганц хоноод л буцлаа. Хааяа нэг харих болгон ээж минь барьсан тавьснаа алдан баярлахыг харахаар дотор нэг л эмзэглэнэ. Юуг ч бүтээж чаддаг юм шиг санагддаг байсан миний сайхан ээж өтөлж дээ. Ногоон торгон дээл, улаан булган малгайгаар гоёод сургуульд ирж намайг эргэдэг байсан төрх нь үе үе сэтгэлд бууж, ээжийнхээ залуу насыг санагалздаг болсон нь саяхнаас биш дээ.

Балчир насны од шиг олон дурдатгал биднийг орхин үүрд холджээ хэмээн үе үе гоморхдог байснаа сайхан тунгаавал үнэндээ тийм биш. Яагаад гэхээр яг л замын хажуугийн мал унаа цонхны дэргэдүүр хойш давхиж байгаа юм шиг боловч ёсондоо бид дундуур нь машинтай довтлон өнгөрч, тэднийг орхиж байдагтай адилхан. Он жил улиран, бидний туулж өнгөрүүлсэн амьдралын зам уртсах тусам улам олон зүйл ард орхигдон үүрд биднээс бараа тасран холддог байжээ. Бид амьдралынхаа туршид нэгэнт холдон хоцорсон зүйлээ эргэцүүлэн санагалзаж байдаг нь олонтаа. Дэргэдээ байхад эрхэм нандин гэдгийг нь ухааралгүй, алдсан хойноо нэг л мэдсэн болж байнга харамсаж дурсах нь хүний амьдралын жам ч юм шиг. Байгаа зүйлээ өмчирхөх мөртлөө байсан бүх зүйлээ алдалгүй үүрд өмчирхөх гэж хэнхэглэдэг нь хүний ёс. Тэгэхэд санаа заяа гэдэг сахал хөмсөг хоёр шиг, өнгөрсөн амьдралд буцан хүргэх унаа хөсөг байдаггүй болохоор эргэж олдохгүй тэдгээр зүйлээ зөвхөн дурдатгал болгон хадгалж, дуртай үедээ дурсан мөрөөддөг жамтай болсон ажээ.

Бодлын хүлээс алдуулан машины цонхоор гадагш харж явлаа. Тал аа гэж, ямар сайхан харагдана вэ. Ийм л тал шилийн зоонд, хонины хишиг авч, тайван идэшлэх хоньдоо бараадан, адууны хөлс үнэртүүлсэн талын хонгор салхинд үнэсүүлж, тогоруу тэвэрсэн зэрэглээ ширтэн, дурдатгал хөвөлзүүлж суухад ямар сайхан байдаг гэж. Сэтгэлдээ шивнэсэн үг бүгдийг нутгийн салхи сонсдог гэж би итгэдэг. Тийм болохоор амьдрал дунд алдсан оносон бүхээ нуулгүй, алдаатай оноотой нь эргэцүүлэн тунгааж суухдаа нутгийн салхинд шивнэж байна хэмээн итгэж, дотор их уужирдаг сан. Тиймдээ би “нутгийн салхи юу шивнэв” гэж сэтгэхийн оронд “нутгийн салхи юу чагнаа вэ” гэж бодох нь илүү. Сайхан тунгаахад аав ээж минь биднийг хар багаас бүтэлгүй бодол сэтгэлдээ цухуйлгахыг ч эрс цээрлэн сургадаг байсан нь томчуул ч гэсэн нутгийн салхи бодол чагнаж гэдэгт итгэдэг бололтой. 

Зохиогч: С.УРЬХАН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл