solongonews
Гуанчжөү хот 100 мянган хүний суудалтайд цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа эхлүүлжээ
2020-04-23 09:41
Гуанчжөү хот 100 мянган хүний суудалтайд цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа эхлүүлжээ.

Хятад улсад "Сovid-19"-ийн тархалт буурч, хөл хорио тавигдсанаар бүтээн байгуулалтаа эхлүүлээд байна.  Тодруулбал, тус улсын хөлбөмбөгийн Гуанчжөү Эвергранд баг 100 мянган хүний суудалтай, гоёмсог дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа эхлүүлжээ.

Бадамлянхуа цэцгийн хэлбэртэй энэхүү цэнгэлдэх нь 1.7 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 12 тэрбум юанийн өртгөөр сүндэрлэж, 2022 он гэхэд барилгын ажил нь дуусах аж.

Хятадын Эвергранд группийн ерөнхийлөгч Шя Хайжюйнь "Энэхүү бүтээн байгуулалт маань Сиднейн Опера театр, Дубай хотын Бурж Халифа зэрэг эх газрын бэлэг тэмдэг болсон бүтээн байгуулалтуудтай харьцуулагдаж, Хятадын хөлбөмбөгийг дэлхийд таниулах чухал бэлгэдэл болно. Хятад улс даяар 80-100 мянган хүний суудалтай 3-5 цэнгэлдэх хүрээлэн байгуулж, хэзээ нэгэн цагт Хятад улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулагдахад дэмжлэг үзүүлнэ" гэдгээ мэдэгджээ.

Гуанчжөү Эвергранд баг нь 2011 оноос хойш 60 мянган хүний суудалтай Тианхе цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж байгаа ба тус баг нь Хятадын Супер лигт найман удаа, Азийн аваргуудын лигт хоёр удаа түрүүлсэн Хятадын төдийгүй Ази тивийн томоохон баг юм. Энэхүү багт Паульнио, Талиска зэрэг Европын томоохон багуудад хүчин зүтгэж байсан тоглогчид тоглодог. Хятадын хөлбөмбөгийн Супер лиг өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийх байсан ч "Сovid-19" өвчний улмаас цуцлагдсан юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл