Хаврын зэрэглээнд гаднаа зогсон ээж минь алсад саравчилна
Хажуугаар нь оодонгийн хоёр тугал нь зэрэглээн будартал гүйлдэнэ
Хороо тойрсон цахилдгийн бутаас хавар эхэлж төлжинө
Харсан зүгийнхээ униарыг сөхөж ээж минь намайгаа үгүйлнэ
Галууд дуулалцаж орой дээгүүр нь нүүнэ
Гарцаагүй түрүүчийн галууг хүүгээ гэж зөгнөнө
Гартаа атгасан сүүтэй хөнөгөөсөө утгаж цацна
Галуун зэл цацсан сүү мэт цайран номилзном

Газраас нь сүн уур сэвсэнэ
Ганцхан ээжийн минь сэтгэлд өвсний үндэс амьсгана
Гараараа нүдээ зүлгээд доголон бурхан майжигнан алхана
Гуулин шанаганд нь наран тусаад гэрэл нь хүүд нь хүрнэ
Хаврыг олсон юм билүү хэмээн дахиад хөтөл зүг алгасна
Хөтлийн цаанах хөтөл давхацсаар ээж хавартайгаа энд
Хөдөө ч хөтөл рүү цуваад хавартайгаа ээжийн тэнд
Хөх ногооны үнэр хүүгийн даахины үнэр мэт тийм сан таатай
Гаран ордог занд нь нохой ч дадчихсан зүүрмэглэж хэвтэнэ
Галаа хийж байх нь гэж тулгандаа аргал нэмээд цайгаа үйнэ
Гаднаа бөгцөгнөөд нуруундаа хүүгээ үүрсэн мэт мунгинана
Гарцаагүй миний бага насыг хавар мэт түүрэн хүлээх нь
Хөх аргалын утаа гүйлдээд, хаварт шингэнэ
Хөөрхий ээжийн минь сэтгэл нааш солонгороод хавар ургана
Самарсан цайнд нь хаврын өдөр зэрэглээтэйгээ даргилна
Сэтгэлийн зайд нь миний өдөр хаврын мэт уртхан эрэгдэнэ
Ээрүүл шиг өдөр хоногтоо сэтгэлийн төвөөрөө тув тунгалаг эргэлдсэн
Утас нь мэт амьдралын эрчмийг нь тааруулан чав чанга томсон
Утас ээрүүлийн үйл өрөөр өгцөөгөө дуусаагүй гүйсэн
Ухаагүй миний залуу насыг хавраар эргэлдэн үгүйлэх нь

Ногоо ургахаар үрээ үгүйлэх нь ээжийн минь олон жилийн зугаа
Ногоон өнгөөр цэлэрсэн залуу насных нь ч мөрөөсөл
Номхон бор толгод нь адуу мэт туялзах нь аавын минь үлгэр
Номтой хүү хөтөл даван алхах нь миний ээжийн хавар
Ногоо ургахаар ээждээ очих нь хөдөөгийн төлийн хавар
Ногоон өнгөөр цэлгэрсэн үйлстэй хүрэх нь хүний ёсон
Номхон бор толгодоо зүрхээр ширтэх нь Монголын минь хавар
Номтой хүү гэртээ буцах нь миний хөдөөгийн минь ээж хавар аа
