Монголчуудын зүг чигийн горим ёсоор зүүн өмнө зүг нь луу зүгийг заадаг. Луу бол зун тэнгэрт гарч, хур бороо буулгаж, өвс ногоо ургуулдаг, өвөл усанд ичээлж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй гэж хэлдэг учир монголчууд энэ хоёр шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур — эргэнэгээ монгол гэрийнхээ энэ байранд тавьдаг байна. Эргэнэгийн доод талд усны ган байрладаг нь зүүн урд талд могой өнцөг байрладагтай холбоотой. Могой бол газар лусын амьтан мөн учир гэрийн энэ хэсэгт газар, ус хоёр байх номтой.

Монгол нутагт дэлгэр зун саатаж, дэнжийн ногоо хөхрөн бултайх цагт, мал унаа өвс ногоонд цадаж, сүү нэмж эхэлдэг. Айл болгонд айраг цагаа хөөсөрч, идээ будаа боловсрон, эргэнэг хорго мах тос, сүү цагаа, ээзгий ааруулаар дүүрэн болдог билээ. Самран самран хөөсөрсөн ээжийн чанасан цайнаас магнайгаа хөлөртөл оочилж, хонь мал эргүүлэхээр яв гэхэд хаяа гоморхож, буланд тавиастай бор эргэнэгийг нь харан харан ээзгий хуруудыг нь горьдсон дүр зураг нь малчны үр бидний гэгээн багын дурдатгал болон тэндээ хоцорчээ.
Шинэ юм хуучин зүйлээ халж сольдогийн зуршлаар орон гэрийн идээ будааны дээжийг хадгалсан эргэнэг шинэчлэгдэн хувирсаар иржээ. Хөдөө тосгон мал аж ахуйн оронд монгол гэрт суух хүн цөөрч цэвэр тохилог шинэ цаг үеийн байшин сууц олширч, айл бүр аяга сав, идээ будаагаа хадгалж хураадаг том том эргэнэг хорготой болсон нь цагийн сайхан, амьдралын дэвшлийг нэвт шувт харуулна. Ялангуяа хотын айл бол гал тогооны тусгай өрөөтэй, аяга сав, идээ ундаа, ам хүнс, ногоо цагаагаа тус тустаа ялган хийдэг тасалгаа олонтой том эргэнэгтэй болсон нь ард түмний эдлэл хэрэгслийн шинэ өөрчлөлтийг тусгаж байгаа юм.

ӨМӨЗО байгуулагдсан анхны шат үед ардын амьдралын түвшин мэдэгдэм муу байсан бөгөөд хүмүүс өглөө байвал үдэшгүй, өмд байвал цамцгүй, идэх будаа өмсөх хувцсаа аргацаахад хэцүү хүнд цаг үед байжээ. 1978 оны 12 дугаар сард хуралдсан Намын арван нэгд дэх удаагийн гуравдугаар бүгд хурлын дараа өөрчлөлт хийж бүх талаар чөлөөтэй харилцах болсноос хойш ард түмэн гэдэс цатгалан мөр бүтэн амьдралыг эдлэх болсон бөгөөд одоо ард түмний амьдралд шинэ өөрчлөлт гарч, суухаас цэвэр тохилог гэртэй, эмч домчид үзүүлэхэд амар хаылбар, сурах сургуультай, машин тэрэгтэй, эдлэл хэрэгсэл бүрэн, амьдралдаа санааширч зовох зүйлгүй жаргалтай амьдралыг эдлэх болжээ. Энэхүү өөрчлөлтөөр ард түмний өдөр тутмын хэрэглээний өөрчлөлт, эдлэл хэрэгслийн хувирал шинэчлэл тодоос тод харагдаж байдаг.

Ардын түмний амьдралд холбогдсон эдлэл хэрэгсэл гэхээр олон зүйл хамрагдана. Жишээлэхэд зам харилцааны хэрэгсэл, мэдээлэл холбоо, аж ахуйн хэрэглээний бүх төрлийн машин механик, компютер зэрэг нь өдөр тутмын хэрэглээнд дутадгдаж боломгүй нөлөө хэрэгцээг үзүүлдэг бөгөөд улам бүр шинэчлэгдэн өөрчлөгдсөөр.

- Намайг бага байхад илжгэн тэрэг гэдэг чинь айл бүрд байдаггүй, баригад дээр очиж зээлдэг байсан гэж энэ жил 54 насыг зооглоод байгаа Ордос хотын Эзэн хороо хошуугаар нутагтай Цэрэндоржийн яриа нийгмийн амьдралын өөрчлөлтийн тухай ярьж байгаа нь нэгийг бодогдуулах биз. Үнэхээр тийм ээ, Цэрэндоржийг бага байхад гадагш гарах, ачлага тээвэрт илжиг морин тэрэг гол байсан бол хожим нь трактор, сүйх тэрэг, Jeep машин, том оврын ачааны машин жилээсээ жил өөрчлөгдөн хувирсаар иржээ. Эдлэл хэрэгсэл, машин унааны тэрхүү өөрчлөлт хөгжлийг өөрийн биеэрээ эдэлж өнгөрүүлж ирсэн Цэрэндорж гуай мартана гэж байхгүй.

Хол явсан садан төрөл, найз нөхөдтэйгээ холбоо барьхад захидал чимээ нь их хэрэгцээгээ харуулж ирсэн байдаг. Харин өнөөдөр гар утас, интернэт сүлжээ нь дэлхийн үйл хэргийг нэг л алхаанд багтаасан мэт мянган газар хол байсан ч төдийхэн зуур уулзуулан, амар мэндээ мэдэлцдэг болсныг хэлэх юу билээ. Үүгээр үл барам гэнэтийн учрал тохиол, аюул түгшүүрээс ч зайлуулдгийг малчин Үүрийнтуяагийн явдал бидэнд хэлж өгнө. Хишигтэн хошууны Далайнуур суурингийн малчин Үүрийнтуяа хамгийн анхны гар утас “Бүө дао”-ыг авч хэрэглэсэн нь 2003 оны явдал байжээ. Тэр жилийн өвөл адуугаа алдаад нөхөр нь зээтэйгээ шөнөөр адууны эрэлд гараад аваар гарч, хавирга нь хуугарч хүнд шархаджээ. Тэсхийм хүйтэн өвлийн шөнө машины ослоос айж сандарсан зээ хүү нь дугуйн доороос сүлжээ нь тасрах шахсан гар утсаа хайж олоод уулын оройн зүг амь тэмцэн гүйж, арай хийн сүлжээ оруулж Үүрийнтуяагийн хадам ахад утасдаж тухайн байдлыг мэдэгдсэн байна. Азаар чимээ авч Үүрийнтуяа төрөл садантайгаа машин олж шархдсан нөхрөө эмнэлэгт хүргэж аюулаас мултарчээ.
Ард түмний хоол цай, хувцас хунар, гоёл чимэглэл, мал аж ахуй тариалангийн автоматчилал гээд маш олон өөрчлөлт шинэчлэл нь эдлэл хэрэгсэл, ард түмний хэрэглээний жилийн хөгжлийн түүхийг хүүрнэн харуулна.
Сиймхий бор гэрийнхээ эргэнэг хоргыг онгочиж, чихэр боорцог, ээзгий хурууд эрсэн бага наснаасаа шинэ нийгмийн дорвитой алхааг даган алхах болсныг эвхэн нэг бичихэд бийр цаасыг орлосон компютерийн зөөлөн гар ч дурдатгал хөврүүлэн түчигнэх нь аятай.
