Бурмаар тэтгэхээр урмаар тэтгээрэй
2015-12-28 18:21
Үр хүүхдээ сайн хүн болоосой гэж бид ирээдүйн сайн сайхан бүхнээ зориулдаг шүү дээ. Өөртөө итгэлтэй, бие даасан, ээж аавдаа энэрэлтэй, өндөр боловсролтой, сайхан ажил амьдралтай болоосой гээд л маш олон зүйлийг хүсэн хүлээдэг. Гэвч энэ бүхнээс илүүтэйгээр хүүхдийнхээ хүмүүжилд өдөр бүр анхаарч тэднийгээ эерэг аргаар хүмүүжүүлэх нь чухал гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Ингэж эерэг аргаар хүмүүжүүлэхийн тулд маш их мэдрэмж биднээс шаардана. Уурлах, уйтгарлах, баярлах, гомдох, ичих, бахархах, хайрлах гээд бүгд л хүний мэдрэмжийн илэрхийлэл. Мэдрэмж нь эерэг, сөрөг гэсэн хоёр янз байдаг. Сөрөг мэдрэмж нь хүүхдийн хөгжил, төлөвшилд сайнгүй байна.

Сөрөг мэдрэмжээ эерэг болгохын тулд үр хүүхдээ ойлгодог, тэднийг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Эцэг эх, хүүхэд хоорондын санаа бодлыг зарим нэг үл ойлголцлын шалтгаан нь хүүхдийнхээ мэдрэмжийг бид ойлгож хүлээн авдаггүйтэй холбоотой гэнэ. Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн сэтгэл судлалын багш Бямбатогтох “Хүүхдийн хөгжлийг ойлгож харилцах хэрэгтэй” гэж байна.
Эцэг эх хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцаж, хайр халамжаа мэдрүүлж, хэрэв буруутай бол уучлалт гуйж, сайн үйл хийхэд нь баярласнаа илэрхийлж, дэмжиж, тэр бүр чаддаггүй. Ингэж чадвал хүүхдийг өөрийгөө хайрлаж хүндэлдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хэнээс ч хараат бус бие даасан, хариуцлагатай бие хүн болон төлөвших суурийг тавьдаг байна. Та хүүхдийнхээ дутагдлыг хэлэхдээ төрөл бүрийн нэр хоч өгч, санаатай болон санамсаргүй янз бүрээр хэлдэг бол хүүхэд тань өөрийнхөө талаар сөрөг бодолтой, өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур болон төлөвших нь ээ.
“Хайр нь дотроо хал нь гаднаа”, “Магтах үгийн далд нь, зэмлэх үгийн ил нь сайхан” гэгчээр бид хүүхэддээ сайхан үгийг тэр бүр хэлж магтан сайшаах нь цөөн байдаг. Тиймээс хүүхдийг магтан сайшаах нь маш чухал юм. Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд, илүү их амжилтанд хүрч аз жаргалтай амьдардаг.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
