solongonews
Танил дотно Өвөр Монгол - 6
2017-06-12 15:45
Халуун алганы Ар, Өвөр Монгол

         “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг”, "Жамаас", “Өнө мөнх орон” зэрэг олон сайхан бүтээлээрээ та бидний сэтгэлд хүрсэн нэгэн содон хамтлагийг бид энэ удаад онцоллоо. Хөгжим бүжгийн коллежийн /ХБК/ дуу хуур, аялгуу эгшиглэсэн гэрэлт танхимаас нэгэн ангийн дөрвөн найз урлагийн тэнгэрт жигүүр дэлгэн ниссэн нь өдгөө монгол поп опера “Увертюра” хамтлаг. Тэд шинэлэг уран бүтээлээр сонсогч олноо баясган, урлагийн нэгэн өнгө төрхийг тодорхойлон гялалзаж, Монгол Улсдаа төдийгүй Өвөр Монголд, цаашлаад дэлхийн сонорт цууриалж буй нь зүрх сэтгэлийнхээ гүнээс аялгуулж, гагцхүү Хит дуугаараа олныг шуугиулах гэхээсээ илүүтэй хүний зүрх сэтгэлийн гүнд шингээж дуулахыг зорьдог учраас бүтээл нь сэтгэлд тод байдаг биз ээ. Цэцэгс алагласан зуны эхэн сард Увертюра хамтлагийн ахлагч, МУСТА Г.Пүрэвдагва Танил дотно Өвөр Монгол булангийн маань хойморт уригдлаа.  

- Сайхан зусаж байна уу. Хамтлагаараа Өвөр Монголын Цагаан сарын үдэшлэгт оролцож байсан. Одоо Өвөр Монголд хэд дэх удаа ирж байна даа?

- Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан зусаж байна уу? Хамтлагийн хувьд Өвөр Монголд гурав дахь удаа ирж байна. Хянган аймаг зэрэг бусад газруудаар очиж байсан. Хөххотод энэ удаад би хувийн болон улсын, мөн хамтлагийнхаа ажлаар дангаараа ирлээ.

- Тодорхой давтамжтайгаар дахин ирэхэд ямар нэг өөрчлөлт ажигдаж байна уу?

- Мэдээж, техник технологийн дэвшлүүд, энэ өндөр өндөр барилгуудаас гадна ялангуяа, Хөххот зүүн тийшээ, бас урагшаа нэлээн дэлгэрч хөгжиж байгаа юм байна. Энэ удаад богино хугацаагаар ирсэн болохоор нэг их ажиглагдах нь юун. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд ялангуяа, дуулаачийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, сургуулиа төгсөөд ажил мэргэжлээ олж байгаа байдал зэргээс авахуулаад эндхийн урлаг нь маш сайхнаар хөгжиж байгаа нь харагдаж байна. Гол нь маш хурдацтай. Хуучны тавигдаж байсан жүжгүүд болон дуунуудыг орчин цагийн хэмнэлд оруулаад хөгжмийн найруулга, дуугаралт, мөн зохиолыг нь хүртэл өөрчилж ажиллаж байна. Жишээ нь, дуулаачдын хувьд монголд суралцаж байгаа оюутнууд тэнд суралцах, амьдрах хугацаандаа их олон уран бүтээлүүд, мөн цомгийн ажлууд хийдэг. Энэ бол маш хурдацтай байгаагийн бас нэг илрэл.

- Та хамтлагийн ахлагчаас гадна дууны найруулагчийн чиглэлээр ажилладаг гэсэн. Энэ тухайгаа сонирхуулах уу?

- Би анх 2005 онд Хөгжим бүжгийн коллежид дуурийн дуулаачийн ангид элсэн орохынхоо хажуугаар “Анир” студийн хөгжмийн найруулагч, продюссер, захирал Б.Алтанхуяг ах минь намайг хажуудаа авснаар би “Анир” студийн дэргэд ажилласан. Эхлээд тэндээ ажиллаад дараа нь ХБК-д орсон байдаг юм. Миний хувь тавилан их сонин л доо. Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд би огт өөр мэргэжлээр буюу хууль зүй, цагдаагийн чиглэлээр ажиллана гэж боддог байсан бол ахтайгаа учирснаас хойш өнөөдрийн Увертюра хамтлагийн ахлагч, МУСТА, “Анир” студийн дууны найруулагч гэдэг миний хувьд их эрхэм зүйлүүдийг тээж явна. Өнөөдрийг хүртэл үндсэндээ 12 жил “Анир” студидээ дууны найруулагчийн мэргэжлээр тасралтгүй ажиллаж байна. 

- “Анир” студи Хөххотод салбараа байгуулах гэж байгаа талаар сонссон?

- Бид Өвөр Монголын маш олон уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчидтай, мөн дуучидтай хамтарч ажилладаг. Ер нь студи маань монголдоо сүүлийн 8-10 жилийн туршид тэдэнтэйгээ хамтарч ажилласан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд ирж, очоод ажиллаж байна. Өвөр Монголдоо студи байгуулвал яасан юм бэ гэсэн санаа зорилго бас бий.

- Өвөр Монголын аймгуудын сүлд дуу хийсэн байдаг ?

- Хамтлагийн маань хувьд бид байгуулагдсан цагаасаа хойш Монгол поп опера гэдэг урсгалыг эх нутагтаа, тэр дундаа үндэснийхээ хэв шинжийг агуулсан уран бүтээлүүдийг, үндсэн зорилгоо барих юм бол дэлхийд гарах гарц маань хамгийн зөв юм байна гэж бид өөрсдөө харсан. Тиймээс сонгодог урлагийг язгуур урлагтайгаа, орчин цагийн хөгжмийн найруулгатай хослуулан хийхийг зорьдог юм.  Уран бүтээлүүд маань тэр чиглэл рүү нэлээн ханддаг. Өвөр Монголчууд маань, тэр дундаа мэргэжлийн уран бүтээлчид бидэнтэй хамтарч ажиллах саналуудыг маш олон тавьдаг л даа. Тухайлбал, Хөлөнбуйр аймгийн тухай аймгийн сүлд дуу бий. Буриад зоны тухай дуу. Хөлөнбуйр аймаг бол буриад тал руугаа нэлээд чиглэсэн. Н.Жанцанноров гуайн хөгжим “Амин хайртай Шилийнгол” нэртэй Шилийнголын тухай дуу, мөн Ар, Өвөр Монголыг холбосон бас нэгэн том уран бүтээл бол Бугатын яруу найрагч Цэцэнбатын шүлэг, манай хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг ах маань аялгууг нь хийсэн “Халуун алганы Ар, Өвөр Монгол” дууг маань энд нэлээд олон хүн сонссон байх гэж бодож байна. Хамгийн сүүлд бид Өвөр Монголын бас томоохон хөгжмийн зохиолч ахтайгаа хамт “Миний Өвөр Монгол” нэртэй дууг Өвөр Монголын нэгдүгээр зэрэглэлийн уран бүтээлч, дуучин Цэцэгмаа эгчтэйгээ хамтран дуулсан. Залуу хөгжмийн зохиолчдоос сүүлийн үед Хишигбаттай хамтарч ажиллаад олны таашаалд хүрсэн “Бурхан долоон эгшиг” дууг монголын маш чадварлаг сайн дуучин Отгонжаргалтай хамтран дуулсан гэх зэргээр Өвөр Монголын тухай хэд хэдэн бүтээлүүд туурвисан.

- Монгол поп опера урсгалыг монголын хөрсөнд суулгана гэж бүр дөрвөн жилийн өмнө ярьсан байдаг. Харин Өвөр Монголд энэ урсгал хэр байна, мөн энэ чиглэлээр хамтлагууд гарч ирж байгаа байх?

- Бид энэ чиглэлээр зорилго болгоод үндсэндээ найм дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа. Одоо л үр өгөөжөө өгч байна. Монгол поп опера дотор олон зүйл шингээгдэж, боловсрогдож байдаг. Жишээ нь, орчин үеийн хөгжмийн найруулга, дуурийн урлагийг орчин үеийн залуучууд руу чиглүүлэн эстрад чиглэлтэй хослуулж, уран бүтээлээ хүргэдэг. Мөн монгол соёл, зан заншлыг клипээрээ дамжуулан дээл хувцас, эдлэл хэрэглэлээрээ харуулах, гагцхүү монгол хүнээс л ийм урсгал гарна. Хэрэв та монгол хүн биш бол таниас хэзээ ч ийм монгол хүний зүрх сэтгэл шингэсэн дууг, магадгүй та ойлгохгүй ч байж болох тийм сэтгэлгээний маш их хүнд дуунуудтай л даа. Анх бид бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орноороо тойрон аялан тоглолт хийж явахад ийм төрлийн хамтлагууд монголд илт мэдэгдэхүйц гарч ирж байсан. Энд тэнд аймгуудад очих болгонд манайх шиг ийм хамтлагууд гарч ирээд тухайн аймагтаа, мөн төв суурин газартаа уран бүтээлээ туурвиад байж байсан. Бас Монгол наадмын үеэр биднийг Өвөр Монголд ажлаар ирж байхад хоёр хамтлаг бидэнтэй бүр зориод уулзаж байсан л даа. “Танай хамтлагтай уулзмаар байна. Санал зөвлөгөө авмаар байна” гэж ирж байсан. Тэр хамтлагийн залуучууд яг л бидний анх хамтлаг байгуулагдах үеийнх шиг шижигнэсэн залуучууд бидэнтэй уулзаж байсан. Тэгэхээр энэ ч утгаараа Монголдоо төдийгүй Өвөр Монгол руу Жамаас, Тэнгэр ээж минь өршөө, Тэнгэрийн хүү зэрэг уран бүтээлүүдийг маань Улаан-Үдэд, Эрхүүд мөн ийм хамтлагууд байгуулагдчихсан “Та нарын энэ дуунуудыг адилхан дагаад дуулаад байна, хувцаслалт нь хүртэл адилхан байна” гэсэн мэдээллүүд ирэхээр энэ нь өөрөө цаг хугацааны асуудал болж байгаа юм. Дэлхийд сүүлд шинээр гарч ирж, мандаж байгаа энэ урсгалаар хийж буй бидний бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам улам сайжирна. Маш олон сайхан хамтлагууд ч гарч ирнэ.

- Морины тухай жүжигт ажилласан гэж сонссон, энэ яг ямар жүжиг байв?

-  Өмнө нь Өвөр Монголд сүүлийн гурав, дөрвөн жил тавигдаж байсан тэр жүжгийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хөгжмийн бүх найруулгыг нь өөрчлөөд, бичлэгийг нь “Анир” студи хийсэн. Ерөнхийдөө шинэчилье гэсэн санал тавьсан юм байна лээ. Тэгээд бид энэ ажлаараа Хөххотод ирээд байна. Тэр морины жүжиг бол тэр чигээрээ монгол соёл харагдаж байгаа, монголчууд морин дээр байхдаа дэлхийн талыг эзэлсэн, их олзуурхууштай сайхан жүжиг болсон байна лээ. Хөгжмийн найруулга нь ч гэсэн сайхан болсон.  

- Хамтлагийн тань анхны цомог “Удиртгал” нэртэй. Оны эхээр “Монгол минь” нэртэй хоёр дахь цомог гарсан. Энэ уран бүтээлийнхээ хүрээнд ямар ямар ажлууд өрнүүлэв?

- 2012 онд буюу гурван жилийн ойгоороо бид анхныхаа Удиртгал” цомгийг гаргаж, цомхон хэмжээний хүлээн авалт, цомгийн баяр хийж байсан. Энэ цомогт орсон дуунууд маань нэлээд орны хүртээл болсон сайхан уран бүтээлүүд, мөн хуучны сайхан бүтээлүүдийг бид шинэчлэн өөрсдийнхөө уран бүтээлд шингээн дуулсан. “Монгол минь” нэртэй хоёр дахь бие даасан цомгийнхоо баярыг 1-р сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд 3000 гаруй үзэгчидтэйгээ хамт тэмдэглэсэн. Дараа нь бид монгол орон даяараа 21 аймгаар тойрч, ард түмэнтэйгээ хамт цомгийнхоо баярыг тэмдэглэсэн дээ. Тэр их уудам нутгийг тойрно гэдэг бол хэр баргийн хүмүүсийн хийгээд байдаг ажил бас биш гэж бид өөрсдөө харж байгаа. Энэ цомогт мөн хуучны сайхан бүтээлүүдээс маань орсон байдаг юм. Эргэж очоод хатуу хавтастай цомог болгох төлөвлөгөөтэй. Нийт 10 мянган ширхгийг хэвлэсэн, тэр үед тоглолт үзсэн хүн бүрт бид цомгоо бэлэглэсэн.

- Өвөр Монголчуудтай хамтарч чамгүй олон сайхан бүтээл хийж байгаа юм чинь магад энэ чиглэлээр нэг цомог гаргах болов уу?

- Бидэнд ер нь тийм төлөвлөгөө бий. Өвөр Монголынхоо энэ сайхан уран бүтээлчидтэй хамтарч илүү олон чанартай сайн бүтээлээр урын сангаа баяжуулж, бас нутаг нутгийн хуучны сайхан дуунуудаас нь орчин үеийн хэв маягт оруулж сэргээн дуулах зэргээр энэ бүх зүйл бүрдээд ирэх цагт шинэ цомог гаргана даа. Ер нь Ар, Өвөр Монгол гэлтгүй бид чинь бүгдээрээ л нэг шүү дээ. Тиймээс бидний хамтын уран бүтээлийн зам уртаас урт үргэлжилнэ.

- Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таны болон хамтлагийн  тань уран бүтээлчдэд яруу эгшигт аялгуу дуугаараа түмэн олноо баясгах оргилсон их амжилт хүсэе.

- За, Солонго мэдээллийн төвийн шижигнэсэн сайхан хамт олонд ажлын их амжилт хүсэе. Намайг нэвтрүүлэгтээ урьж, богинохон хугацаанд ч гэсэн хоёр орны соёлын тухай, бидний уран бүтээл, ажил үйлсийн тухай амттай халуун яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Үзэгч олондоо эрүүл энх, сайн сайхан, амжилт бүтээл бүхнийг хүсэе.

                                                                                       Э.ҮРЖИНХАНД

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл