solongonews
Зуун жилийн аж үйлдвэрийн өвийн амилал
2024-06-28 18:11
Зуун жилийн аж үйлдвэрийн өвийн амилал

     Бээжин, Ханжөүг холбосон гол нам гүмхэн урсана. 1915 онд баригдсан цагны цамхаг нь цаг тутамд хонх дуугарч, цаг хугацаа, орон зайг холбон олон зууныг туулж байна.
Хавар цагийн үдээс хойш голын эрэгт байрлах Гуаншэнгийн саван урлах соёлын төв хэсэг жуулчдыг угтан авлаа. 
- Ноён Жан Жянь тэр үед Дашэн үйлдвэрийг үүсгэн байгуулж, нунтаглахад үлдсэн хөвөнгийн үрээр тос шахаж, дараа нь нефтийн үйлдвэрийн хаягдлаар саван, лаа хийдэг байсан гэж тус үйлдвэрийн ажилчин ирсэн хүмүүст гар хийцийн саван хийх аргыг зааж байхдаа үйлдвэрийн өнгөрсөн, одоогийн түүхийг хуучилж байлаа. 
Энэхүү соёлын туршлагын төвийг Гуаншэнгийн газрын тосны үйлдвэрийн анхны газраас сэргээн засварласан юм. Зуу гаруй жилийн өмнө орчин үеийн аж үйлдвэрчин Жан Жянь Танжа хотод хөвөн ээрмэлийн үйлдвэрлэл эрхэлдэг Дашэнгийн ээрмэлийн үйлдвэрээс эхлээд өөхний үйлдвэр, гурилын үйлдвэр, төмөр хайлуулах үйлдвэрийг дараалан байгуулжээ. Ийнхүү Наньтүн хот нь орчин үеийн Хятадын үндэсний аж үйлдвэрийн өлгий нутгийн нэг болж, "Орчин үеийн Хятадын анхны хот" гэгддэг.


Цаг хугацаа өнгөрч, он цаг урсаж одно. Танжа нь өнгөрсөн үеийн дурсгалуудыг бүрэн хадгалж, түүхийн гэрч болох "амьд" музей болжээ.
30 настай Малайзын жуулчин Ли Жымин:
- Өмнө нь аж үйлдвэрийн түүхэн дурсгалт газар миний үзэсгэлэнт газруудаар аялах сонголт биш байсан ч энд маш сонирхолтой юм байна гэдгийг сая л ойлгож байна. Танжагийн аяллын газрын маршрутыг интернэтээс үзээд энд хүрэлцэн ирсэн. Танжагийн түүх, соёлын дүүрэг түүхэн онцлогоо хадгалан үлдсэн бөгөөд хагас өдрийн аяллаар олон зүйл сурч, сайхан дурсамж үлдээлээ.
Наньтүн хот шинэ зуунаас хойш эндхийн аж үйлдвэрийн дурсгалуудыг хамгаалж, түүх, соёлын дүүрэг байгуулж эхэлжээ. Орон нутаг хуучнаа сэргээн засварлах зарчим баримталж, анхны хэв маягаа хадгалсны үндсэн дээр барилгын цогцолборыг шинэчилж, үйлчилгээний газруудыг нэмж байна. Зуун жилийн өмнө өөх тос хадгалдаг байсан хуучин агуулахыг хотын түүхэн үзэсгэлэнгийн танхим болгон хувиргаж, хуучин будаа тээрэмдэх үйлдвэрийн байрыг хэвлэлийн үйлдвэр болгон хувиргасан байдаг. Хуучин хүнсний ногооны захыг худалдааны дүүрэг болгожээ.
Үйлдвэрийн дурсгалт газруудыг үзэж сонирхон соёлын гайхамшигтай танилцана. 2021 оны 10-р сард нээгдсэнээс хойш Танжабэй хотын байгалийн үзэсгэлэнт газар гурван сая гаруй жуулчин хүлээн авчээ. Шөнийн гэрэл, сүүдрийн хана, 3D самбай эффект гэх зэрэг загварлаг элементүүдийг багтаасан шөнийн ландшафтыг бий болгожээ. Гэрэл, сүүдрийн дүр зураг нь нүд гялбам, сэтгэл татам бөгөөд зочдод Наньтүн хотын бизнесийн хөгжил цэцэглэлтийг үзэх боломж олгодог.
Дунд сургуулийн сурагч Жү Яаочинь нь Наньтүн хотын уугуул бөгөөд амралтын өдрүүдээр эцэг эхийнхээ хамт Танжа руу аялсан байна. Энгийн барилгын хэв маяг, баялаг соёлын үзэсгэлэн, гар урлалын хөгжилтэй төв зэрэг нь түүний хувьд сонирхолтой байлаа. 
- Түүхийн сурах бичгүүдийн мэдлэг, өвөө эмээгийн хэлсэн түүхүүд бүгд энд амьд байдаг байжээ гэж ярьж байлаа.
Зуун жилийн дурсгалууд амьдралын эргэлтийг туулж өөрчлөгдсөөр байна. 
- Дашэнгийн ард түмний шинэ үеийнхний хувьд бид Жан Жяний бизнес эрхлэх сэтгэлгээг өвлөн авч, урагшлуулах ёстой. Манай групп анхны түүхэн хэв маяг, үндсэн зохион байгуулалтаа хадгалсаар ирсэн. Түүнчлэн үйлдвэрийн талбайн хэмжээ, нэхмэлийн үйлдвэрлэлд нийцсэн хөгжлийн чиг хандлагын дагуу шинээр баригдсан ухаалаг ээрмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн үр ашиг эрс дээшилсэн гэж Жянсү Дашэн групп ХХК-ний дарга Чи Иньбинь ярилаа.


Наньтүн хотод Жан Жяний орчин үеийн үндэсний аж үйлдвэрийн 50 гаруй соёлын дурсгалууд хадгалагдан үлдэж байгаагийн дотор Дашэнгийн хөвөнгийн үйлдвэр зэрэг мужийн болон түүнээс дээш түвшний арав гаруй соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах үндсэн нэгжүүд бий. Наньтүн хотын Соёл, Радио, Телевиз, Аялал Жуулчлалын Газрын Соёлын Дурсгалын Газрын дарга Жян Жэньхуа:
- Аж үйлдвэрийн өв бол түүхийн гэрч бөгөөд түүнийг идэвхжүүлж, ашиглах нь орчин үеийн амьдралын үргэлжлэл юм.
Хамгаалалтаар өвлөгдөж, инновац хийснээр хөгжсөн аж үйлдвэрийн баялаг өв нь өөрчлөгдөж хөгжиж, шинэ соёлын дурсгалт газрууд болон гялалзаж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл