solongonews
Эх хэлээ дээдэлсэн эгэл бус нэгэн уралдаан
2017-06-22 11:26
- Шилийнхотын Монгол үндэстний бага сургууль “6•1”-ний хүүхдийн баяраа өвөрмөц онцлогтой өнгөрүүлсэн тухай сурвалжлаад

Шилийнхотын Монгол үндэстний бага сургууль 6 сарын 1-ний хүүхдийн баярыг тохиолдуулан, “Дээд аялгуу” уран уншлагын анхны уралдааныг багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан тухай мэдээ саяхан вичатаар тарж, олны анхааралд хүрсэн юм. Хүүхдийн баярыг тохиолдуулан эх хэлээ дээдлэх үйл ажиллагаа зохион байгуулсан ба онцлог агуулга хэлбэр зэрэг олон талаас нь харахад эгэл бус нь мэдрэгдэж байсан юм.

Мянга гаруй хүн оролцсон шүлгийн уралдаан тэмцээн гэдэг утгаараа энэ уралдааны халуун цэг нь тэр болж байсан юм. Тус сургуулийн 1-6 ангийн бүх сурагчид оролцсон бөгөөд хэл бичгийн багш нар болон анги удирдсан багш нар оролцсоноор барахгүй өнгөрсөн жилүүдээс ялгагдах хамгийн онцлог тал нь гэвэл олон эцэг эх энэ удаагийн үйл ажиллагаанд оролцсон байна. Сургуулийнхаа нэг ч сурагчийг орхигдуулахгүй тайзанд гаргаж уран уншлагын уралдаанд оролцуулсан нь тус сургуулийн удирдлага, багш нарын хүүхэд бүрд адилхан боломж олгох буюу тэгш хүмүүжүүлэх гэсэн зорилт байлаа. Үүнээс гадна Шилийнхотын Монгол үндэстний бага сургууль нь бүх сурагчаа хөхүүлэн шагнасан нь энэ жилийн 6 сарын 1-ний хүүхдийн баярын үйл ажиллагааны чухал агуулга болж байсан юм. Хэв суртлын сурган хүмүүжлийг хэрэгжүүлж, хүүхдийн дур сонирхол ур чадварт нь тааруулан хүмүүжүүлэхийг тус сургууль сургалтынхаа нэг гол хэсэг болгож, “Онц сурлагатан”, “Бяцхан хөл бөмбөгчин”, “Бяцхан дуучин”, “Бяцхан бүжигчин”, “Боловсон сурагч”, “Тусч сурагч”, “Ажилч сурагч” гэх зэрэг 25 төрлийн шагнал гардуулж урамшуулсан байна. Бүх сурагчаа тайзанд гаргаж тоглуулж, шагнан хөхүүлсэн нь Шилийнхотын Монгол үндэстний бага сургуулийн 6 сарын 1-ний хүүхдийн баярын үйл ажиллагааны зохион байгуулалтын талын онцлог байв.

Шилийнхотын Монгол үндэстний бага сургуулиас зохион байгуулсан “Дээд аялгуу” уран уншлагын анхны уралдааныг багш, сурагч, эцэг эхчүүд оролцсоноороо сургуулийн сурган хүмүүжил болон гэрийн сурган хүмүүжлийг уялдуулж чадсан байна. Хэдэн мянган эцэг эх сайн дураараа сургуулийн ажлыг дэмжсэн бөгөөд түүний дотроос олон эцэг эх уралдаанд биечлэн оролцсоноор хүүхэд болон сургуулийн хоорондох зайг улам ойртуулж, ойр дотно болгожээ. Сургуулийн талаасаа 120 эцэг эхийг төлөөлөгчөөр сонгон хөхүүлэн шагнаснаар үр хүүхдээ гэсэн, сургуулийн ажлыг өөрийнхөө ажил хэмээн ухааран таньсан ухаалаг хүмүүсийн зүтгэлийн хариу болж хүрсэн юм. Багш нар, эцэг эх, сурагчид бүгд оролцсон нь сургуультай холбогдох бүхий л хүмүүсийг хамруулж чадсанаараа онцлог болж, мөн тус үйл ажиллагааны хэлбэрийн талын онцлог болж харагдаж байлаа. Түүнчлэн энэ удаагийн уралдаан нь зөвхөн уран уншлагын уралдаан төдий л биш, эцэг эх, багш нар сурагчдын хамт монгол уламжлалт зан үйлийн соёлыг тайзан дээр тоглон үзүүлснээр бяцхан сурагчдын хувьд бас нэг удаагийн уламжлалт зан үйлийн хичээл болсон бөгөөд мөн энэ удаагийн уран уншлагын уралдааныхаа агуулгыг баяжуулж чадсан байна. Шүлгийн уран уншлагын уралдаанаа ингэж баялаг агуулгатай зохион байгуулсан нь тус үйл ажиллагааны агуулгын талын онцлог болж сурвалжлагчид харагдсан нь үнэтэй.

Шилийнхотын Монгол үндэстний бага сургуулийн захирал Цэцэнбаатар:

- Энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулсан зорилго бол сургуулийн эх хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, сурагчдынхаа уншлагыг сайжруулах гол зорилготой. Яг үнэнийг хэлэхэд 6 сарын 1-ний хүүхдийн баярыг тохиолдуулан тусгай уралдаан болгож хийснээс биш, энгийн сургалт яг л ингэж явагддаг юм. Энэ удаагийн уран уншлагын уралдаанаар дамжаад манай сургуулийн эх хэлний хүмүүжлийн нэг хугацааны хичээлийн үр дүнг дүгнэсэн явдал болно. Нэг хугацааны хичээлийн үр дүнг нэг сарын дотор гаргаж чадсан нь амжилт гэж бодож байна. Эцэг эх, багш, сурагчид маш идэвхтэй оролцож, олон хүний сэтгэлийн дэмжлэгээр манай ажил маш урагштай зохион байгуулагдсан гэв.

Зохиогч: Шүрэнчимэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл