Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Казахстаны ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди нар утсаар ярив.
Ван И хэлэхдээ, хоёр орны тэргүүн нарын стратегийн удирдамж бол Хятад, Казахстаны харилцааг хөгжүүлэх үндсэн баталгаа юм. Өнгөрсөн жилд Хятад, Казахстан халдварын эсрэг хамтдаа тэмцэж, харилцан туслалцан, хоёр талын харилцааг шат өгсүүлэн, өндөр түвшинд хүргэхийн тулд шуурхай ажиллалаа. Хоёр талын худалдааны хэмжээ эерэг өсөлтөө хадгалан, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аяаллын тоо болон ачаа тээврийн хэмжээ эрчтэй нэмэгдэж, Ази, Европын хуурайг туулсан "төмөр жингийн цуваа" болсон байна. Дараагийн шатанд Хятадын тал хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан, "Бүс ба зам" төслийн ажлыг урагшлуулан, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажил хэрэгч болгохын тулд хүчин зүтгэх болно. Хоёр тал хамтын ажиллагааны хөтөлбөрийг тулган боловсруулж, үйлдвэрлэлийн чадавх болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, дэд бүтцийн түвшинг дээшлүүлэн, вакцины судалгаа болон худалдан авалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дижитал эдийн засаг, цахим худалдаа болон хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ хүчээр сэлбэхэд бэлэн байна.
Мухтар Тлеуберди хэлэхдээ, Казахстан улс Хятад улстай тохиролцсон харилцаагаа тууштай хөгжүүлэн, Казахстан тусгаар тогтнолоо зарласны 30 жилийн ой болон Казахстан, Хятадын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан, хоёр орны өндөр түвшний харилцаа зохион байгуулах, салбар бүрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Хятадын талтай хамтран ажиллах болно. Олон улс болон бүс нутгийн асуудлаар харилцан дэмжлэг үзүүлэх нь Казахстан, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол чиглэл юм. Казахстаны тал дотоод засаглалд гар дүрэхгүй байх зарчмын дагуу ажиллах болно. Шиньжян болон Хонконгт холбогдох асуудал нь Хятадын дотоод асуудал гэж үздэг. Казахстаны тал цаашид үргэлжлүүлэн Хятадын талтай ШХАБ, Азид итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх бага хурлын хүрээнд хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.
