solongonews
Сэтгэлээ хуурсан хүн өөдөлдөггүй
2015-12-28 18:21
Мөнгөөр амьдралаа арилжсан хүмүүстэй адилхан авирлах гэж өөрийгөө бас бүү хүчил. Авсанд орохдоо бид бүгдээрээ л адилхан харагдахаас хойш баян, хоосны ялгаа үхэх өдөр хүртэл л хүчинтэйг сана. Түүнээс цааш бид бүгдээрээ нэг л ижил замаар хумхын тоос болон үгүй болдог биш билүү.
Сэтгэлээ битгий хуур. Түүнд хэзээ ч битгий худлаа хэлээрэй. Сэтгэл гэдэг энэ эрхтэн баригдаж, үзэгдэггүй ч таныг өөрөөс чинь илүү сайн мэддэг гайхалтай зүйл. Та хажуудах хүнээ амархан мэхэлж дөнгөх ч өөрийгөө хэзээ ч хуурч чадахгүй гэдгийг амлах байна. 
Үүний шалтгааныг би сүүлд ойлгож одоо хэр нь харамсаад байгаа болохоор ийн бичиж сууна. Өөрийгөө хүчилж, үүнийг л заавал хийх ёстой гэж өдөр бүр өөрөө өөртөө ташуур өгсөөр эцэст нь миний мэдэхгүй "Би" намайг эсэргүүцэж эхэлсэн хэрэг л дээ. Хүчилсэн юм хэзээ нэг өдөр эсрэгээрээ үйлчилдэг ертөнцийн хуулийн амьд гэрч нь би байна. Дотоод "Би" маань юу хүсч байгааг мэдсээр байж түүний эсрэг нүүдэл хийж, өөрийгөө үгүйсгэж байсан болохоор нэг л өдөр зүрх маань өөрийгөө өмгөөлж эхэлсэн юм болов уу гэж боддог юм. 
 
Шалтгаан нь юу ч байлаа гэсэн өөрөө өөрийнхөө эсрэг "Би"-г хэзээ ч бүү үүсгээрэй. Дотоод хүн чинь дуулахыг хүсвэл дуул, ярихыг хүсвэл ярь. Таны "Би" чинь сэтгэлийн сайхнаар бусдад туслахыг хүсвэл чадах чинээгээрээ тусла. Өөрийг тань үгүйсгэдэг хүний өмнө заавал баатрын дүр эсгэж, өөрийгөө хүчлэн байж ялалт байгуулах гэж хамаг хүчээ тарамдах ч хэрэггүй. Тийм хүмүүсийг зүгээр л хажуугаараа өнгөрөөчих. Яагаад гэвэл, таны дотор байгаа "Би" чинь амар амгалан, тайван байхыг юу юунаас илүү хүсэхгүй гэж үү. 
Мөнгөөр амьдралаа арилжсан хүмүүстэй адилхан авирлах гэж өөрийгөө бас бүү хүчил. Авсанд орохдоо бид бүгдээрээ л адилхан харагдахаас хойш баян, хоосны ялгаа үхэх өдөр хүртэл л хүчинтэйг сана. Түүнээс цааш бид бүгдээрээ нэг л ижил замаар хумхын тоос болон үгүй болдог биш билүү. Үнэтэй хослол, фирмийн гутал, брэндийн цүнхээр гял цал болтлоо гангалаагүйдээ гутраад яах вэ. Өнөөдөр тэр чинь байлаа гээд маргааш буцах хорвоод өвөртлөөд одож чадахгүй нь үнэн биш гэж үү. Эцсийн бүлэгт хэр баян байснаар чинь биш хэр сайн хүн, буянт хүн байснаар чинь ертөнцийн шүүлт явагдахыг хэзээ ч бүү мартаарай. 
 
Цөвүүн цагт инээх шалтгаан үлдээхийн тулд "Би"-гээ хайрлаарай. Хүн бүр хөмсгөө зангидаж, нялхас хүртэл томчуулын уур бухимдлын бай болж амиараа золиослогдож байгаа энэ бараан нийгэмд гэрэл асаах үүргээсээ бүү буцаарай. Байгаа сайхнаа бусадтай хуваалцаж, энэ орчлонд жаргах хувь хүн бүрт бий гэдгийг төөрсөн олонд батлах гэрч нь та байгаарай. 
 
Өөрийгөө битгий хуур, өрөөлийг ч бас. Үнэнээ хэл. Чин сэтгэлээсээ хайрлаад үз. Дусал ус нууранд унахад долгио нь хэчнээн өргөн тойрог үүсгэж, цааш нүүдэллэдгийг санаж, шаналж яваа хэн нэгэнд зүрхний дулааныг дамжуулаарай. Таны "Би"-гээс илгээсэн тэр дулаан цааш явсаар олон хүний өвөрт сэтгэлийн гал бадраах нь дамжиггүй. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл