solongonews
Австрали улсын Аделаида хотоор аялсан нь №2
2015-12-28 18:21
Өмнөх дугаартаа хэрхэн ийшээ ирэх талаар бичсэн. Харин одоо энд ирээд юу болсон талаар бичиж байна. Нэгэн шинэ ертөнц , шинэ хүрээлэл бүх зүйл шинэ санагдаж байлаа. Австрали улсад бусад орнуудыг бодвол Монголчууд харьцангуй бага байдаг учир бүүр л шинэ газар ирсэн юм шиг санагдсан юм.

Онгоцны буудлаас гараад л очих айл руу явах замдаа сониучирхан цонхоор харан суулаа. Миний ажигласнаар ихэнх хүмүүс 1-2 давхар хувийн байшинд амьдардаг. Үйлчилгээний газрууд л өндөр барилгатай байх болохоос орон сууц гэж бараг байхгүй. Хаа нэг тохиолдох олон давхар орон сууцанд гаднаас ирсэн оюутнууд , түр зуур амьдарч байгаа хүмүүс ихэвчлэн амьдардаг. Байнгын оршин суугчид бол хувийн байшинд амьдрахыг илүүд үздэг.

Хотын төв нь 4 талаараа ногоон байгууламжаар хүрээлэгдсэн байдаг ба хотын төвдөө л өндөр өндөр барилгууд байна. Доорх зурагнаас Аделаида хотын төвийг дээрээс харж болно.

Би өвлийн улиралд очсон учир бага зэрэг сэрүүхэн байсан. Тэнд өвлийн улирал нь  Монголын хавар намар шиг цаг агаартай. Хааяа хөлдөөчих гээд л хаяа шатаачих гээд л. Зуны улирал нь маш халуун байдаг учир тэдний хувьд +25 , +28 градус юу ч биш байдаг юм шиг санагдсан. Намайг байх хугацаанд хамгийн дээд тал нь +27 градус хүрсэн ( өвлийн улирал шүү дээ хэхэ )

Гадуур яваа хүмүүс өөрт юу л эвтэйхэн байна түүнийгээ л өмсдөг. Өөрөө юу хэрэглэхийг хүсэж байна түүнийгээ л хэрэглэх нь таатай. Тэр хүн намайг юу гэж бодох бол , би бусдад ямар харагдаж байгаа бол гэсэн бодол тэдний толгойд байхгүй байх. Учир нь хотын төвөөр нь алхаж байхдаа их сонин содон стилтэй хүмүүс хээв нэг юу ч тоохгүй алхаж байхыг нь харсан юм. Хүний эрхийг зөрчихгүйн тулд зөвшөөрөлгүй зургийг нь авч чадаагүй. Хотын төвөөр алхаж байхад их олон төрлийн хувцаслалт харж болно. Зарим хүмүүс нь UGG өмсөж байхад зарим нь зуны углааш өмссөн байх жишээтэй. Тэд хэзээ ч стилд баригддаггүй юм шиг санагдсан. 

Тэд үнэхээр спортлог хүмүүс. Гүйх , алхах , тоглох талбай хаа сайгүй байдаг учир тийм байж болох л юм. Хүмүүс алхаж гүйж дасгал хийдэг. Нууцхандаа манай оронд ийм байдаг ч болоосой гэж атаархах сэтгэл төрсөн шүү. Мөн тэнд байх хугацаандаа фитнесд явсан. Хамгийн сонирхолтой зураглал бол хөгжлийн бэрхшээлтэй , 70-80 гарсан болов уу гэмээр эмээ өвөө нар залуучуудтайгаа зэрэгцэн дасгал хийж байх нь тэр. Зарим эмээ өвөө нар бол жирийн хөнгөн дасгал биш төмөр өргөөд булчин суугаад байж байгаа харагдана. Үнэхээр гайхалтай санагдсан шүү. Доорх зураг бол уулан дээгүүр алхах замд тааралддаг зураг.

Бас нэгэн гайхалтай зүйл бол номын сан байсан юм. Дүүрэг болгонд хамгийн багадаа 2 номын сантай. Заавал карт авч байж үйлчлүүлэх шаардлагагүй. Харин ном гэрээр авч явах гэж байгаа бол карт хэрэгтэй. Би гэрээр авч явах шаардлагагүй байсан тул хаяа ороод ном уншаад суудаг байлаа. Мөн ганцхан номоор хязгаарлагдахгүй киноны хуурцаг , ХҮҮХДИЙН ТОГЛООМ байсан. Өмнө нь би хэзээ ч номын санд хүүхдийн тоглоом байхыг харж байгаагүй ба их л сонин содон санагдсан. Ууттай  тоглоомууд өрөөд тавьсан энэ өрөөнөөс хүүхдүүд өөрийн дуртай тоглоомоо гэрээр авч явах боломжтой , гэртээ авч яван тоглож байгаад буцааж авчраад өөр тоглоом авч явж болно. Энэ үйлчилгээний хамгийн сайхан санаа нь хүүхэд бүхэн тоглоомоор тоглох боломжтой. Бага насны хүүхэд тоглоомоос мэдээлэл авч дэлхийтэй танилцдаг тиймээс ээж аав нь мөнгөгүй байх нь хамаагүй хүүхэд бүр тоглож чадах болно. Доор харагдаж байгаа эхний зураг бол миний үйлчлүүлдэг байсан номын сан " Marion library ". Дараагийн зураг гэрээр олгодог тоглоомийн өрөө.

Хэтэрхий урт байвал залхуутай санагдах байх гэж бодоод энэ удаагийн нийтлэлийг энэ хүргээд өндөрлөе. . Дараагийн нийтлэлийг тун удахгүй оруулах болно. Мөн мэдэхийг хүсэж буй зүйлс байвал сэтгэгдэл хэсэгт бичээрэй.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл